Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Н.Алтантүлхүүр,

            Шүүгдэгч Ч.Нармандах, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

            Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонтөгс нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэдийн Нармандахад холбогдох 201625031145 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн 1978 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 29 дүгээр гудамж 584 тоотод оршинн суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Чимэдийн Нармандах (РД:ЗА78071117),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) давтан үйлдлээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 29 дүгээр гудамж 584 тоот гэртээ хувийн таарамжгүй  харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа 2016 оны 6 дугаар сарийн 02 ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Батбаярын бие махбодид зүүн бугалага, мөр, шуу, нуруунд цус хуралтууд бүхий хөнгөн гэмтэл,

-2016 оны 6 дугаар сарийн 03-ны өдөр хохирогч П.Отгонтөгсийн бие махбодид зүүн мөр, гуянд цус хуралт, шарх бүхий  хөнгөн  гэмтэл тус тус санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би эхнэрээ зодоогүй, харин хүүхдээ зодсон нь үнэн. Хүүхдээ зодсондоо гүнээ харамсаж байна. Бид нар ер нь хэрэлдэж муудалцаагүй. Миний буруу гэв.

Шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэхдээ:-Тэр үед нөхөр бид хоёр хэрэлдэж муудалцсан. Би өмнө ажил дээрээ юм хийж байгаад дээрээсээ өлгүүр унагаагаад өөрийгөө гэмтээсэн байсан. Ийм асуудал болно гэж бодолгүй уурандаа би нөхрийгөө хашраая гэж бодоод намайг зодсон гэж хэлсэн юм. Тэрнээс биш нөхөр маань намайг зодоогүй. Харин нөхөр маань хүүхдээ зодсон нь үнэн бөгөөд энэ талаар гомдол, санал байхгүй гэв.

П.Отгонтөгсөөс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны  6 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирэхэд манай өөрийн аав Пүрэвжавтай маргалдаад гэртээ орчихсон байж байсан. Би юуны талаар маргалдсаныг асуухад хүүхдүүдийн хоорондын маргаан болоод, би өөрийн хүүдээ үг хэлэхэд танай аав бидний амьдралд орж ирээд гай болоод байна гэж хэлсэн. Тэгээд би хэрүүл маргаан шуугиан намжсан байхаар буцаад ажилдаа явсан. Манай нөхөр Дундговь аймаг руу явсны маргааш нь буюу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Нармандах орой 21 цагийн үед намайг ажил дээрээс очиж аваад гэр рүү ирж явах замдаа надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Гэртээ орж ирээд мөн адил хоол хийж байхад хэрүүл маргаан хийсээр байгаад хоолоо идэж дуусаад над руу аягаа шидсэн. Танайхан дандаа намайг зайл гэдэг, одоо чи намайг зайл гэж хэллээ  гээд хогийн хутгуураар толгойн тус газар цохьсон. Тэгээд би уурлаад гомдол гаргасан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна гэжээ.  (хх-ийн 9-10 х)

Насанд хүрээгүй  хохирогч Н.Баярбатаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-...2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн дүү 4 настай  эмэгтэй Аззаяа намайг бүдүүн гахай гэж хэлэхээр нь дүүгийнхээ гар руу  нэг удаа цохьсон. Тэр үед манай ах Баярбат дүүгээ яах гэж цохьсон юм бэ гэж хэлэхээр нь би өөрийн ах руугаа гараа далайх үед гаднаас аав Нармандах орж ирээд, яах гэж ахтайгаа зодолдож байгаа юм бэ гээд өөрийн тэлээгээ тайлаад миний нуруун дээр  2-3 удаа  тэлээгээр цохьсон, тэгээд удалгүй ээж ирээд аав хөдөө яваад өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хх-ийн 7-8 х)

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Э.Түвшинжаргалаас:-Отгонтөгс эгчийн биеийн гар хэсэгт хөхөрсөн зүүн гуяны орчимд зүсэгдсэн шархтай  байсан гэжээ. (хх-ийн 11 х)

2.Ш.Пүрэвдоржоос:-2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нармандах гаднаас суран тэлээ барьчихсан орж ирээд өөрийнхөө хүү Батбаярыг суран тэлээгээр ороолгосон. Тэгээд хүүгээ булааж аваад шавхуурдаад зодсон. 2016 оны  6 дугаар сарийн 03-ны өдөр охин Отгонтөгсийг зодож цохьсон гэжээ. (хх-ийн 12-13 х)

3.П.Гэрэлмаагаас:-...2016 оны 6 дугаар сарийн 02-ны өдөр Нармандах нь өөрийн хүүгээ чи гэр оронтой юм байгаа биз дээ, гэртээ ор, ална шүү гэх мэтээр хашгираад хүү Батбаярыг шавхуурдсан. Маргааш орой нь Отгонтөгсийн цээж рүү нь тийрээд унагаачихсан гэжээ. (хх-ийн 14-15 х)  

4.Э.Эрдэнэбаатараас:-2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүргэн ах Нармандах буйдан дээрээс босож ирээд эгч Отготөгсийн хэвлийн тус газар нь тийрэн унагасан гэжээ. (хх-ийн 16 х),

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016.6.04-ний ¹7779 тоот актын дүгнэлтэд:

1.Н.Батбаярын зүүн бугалага, мөр, шуу, нуруунд цус хуралтууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.6.04-ний ¹7778 тоот актын дүгнэлтэд:

1.П.Отгонтөгсийн биед зүүн мөр, гуянд цус хуралт, шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1–д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Ч.Нармандах нь Чингэлтэй  дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 29 дүгээр гудамжны 584 тоот гэртээ 2016 оны 6 дугаар сарийн 02-ны өдөр өөрийн хүү 8 настай Н.Батбаярыг ахынхаа үгэнд орсонгүй, гар далайлаа гэх шалтгаанаар түүнийг өмдний тэлээгээр зодсоноос насанд хүрээгүй Н.Батбаярын биед зүүн бугалага, мөр, шуу, нуруунд цус хуралтууд бүхий хөнгөн гэмтэл учруулсан, улмаар маргааш өдөр нь хүүхдээ өмөөрсөн эхнэр П.Отгонтөгстэй маргалдан, түүн рүү аяга шидэх, тийрэх зэргээр зодсоноос хохирогчийн биед зүүн мөр, гуянд цус хуралт, шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонтөгсийн “…2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Нармандах орой 21 цагийн үед намайг ажил дээрээс очиж аваад гэр рүү ирж явах замдаа надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Гэртээ орж ирээд мөн адил хоол хийж байхад хэрүүл маргаан хийсээр байгаад хоолоо идэж дуусаад над руу аягаа шидсэн юм. Танайхан дандаа намайг зайл гэдэг, одоо чи намайг зайл гэж хэллээ  гээд хогийн хутгуураар толгойн тус газар цохьсон…” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Н.Батбаярын “…Тэр үед манай ах Баярбат дүүгээ яах гэж цохьсон юм бэ гэж хэлэхээр нь би өөрийн ах руугаа гараа далайх үед гаднаас аав Нармандах орж ирээд яах гэж ахтайгаа зодолдож байгаа юм бэ гээд өөрийн тэлээгээ тайлаад миний нуруун дээр 2-3 удаа тэлээгээр цохьсон…” гэх мэдүүлэг, гэрч Э.Түвшинжаргалын “…Отгонтөгс эгчийн биеийн гар хэсэгт хөхөрсөн зүүн гуяны орчимд зүсэгдсэн шархтай  байсан…” гэх мэдүүлэг, гэрч Ш.Пүрэвдоржийн “2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нармандах гаднаас  суран  тэлээ  барьчихсан орж  ирээд өөрийнхөө хүү Батбаярыг суран тэлээгээр ороолгосон, тэгээд хүүгээ  булааж аваад шавхуурдаад зодсон. 2016 оны 6 дугаар сарийн 03-ны өдөр охин Отгонтөгсийг зодож цохьсон…” гэх мэдүүлэг, гэрч П.Гэрэлмаагийн “2016 оны 6 дугаар сарийн 02-ны өдөр Нармандах нь өөрийн хүүгээ чи гэр оронтой юм байгаа биз дээ гэртээ ор, ална шүү гэх мэтээр хашиграад хүү Батбаярыг шавхуурдсан. Маргааш орой нь Отгонтөгсийн цээж рүү нь тийрээд унагаачихсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэбаатарын “2016 оны 6 дугаар сарийн 03-ны өдөр хүргэн ах Нармандах буйдан дээрээс босож ирээд эгч Отготөгсийн хэвлийн тус газар нь тийрэн унагасан” гэх мэдүүлэг, хохирогч П.Отгонтөгсийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.6.04-ний ¹7778 тоот акт, насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх  эмнэлгийн  2016.6.04-ний  ¹7779 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Нармандахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмд ашигтай ажил хийлгүүлэх буюу албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Чимэдийн Нармандахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ч.Нармандахыг 251 (хоёр зуун тавин нэг) цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Ч.Нармандахыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд уг ялыг баривчлах ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Нармандахад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ