| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0020/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/53 |
| Огноо | 2017-03-25 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, Иргэдийн төлөөлөгч: Н.Б Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох Улсын яллагч: З.Энхжаргал, Шүүгдэгч И.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт И.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 000000000000 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4-үүл, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Хархорин сумын 0 дугаар баг Эрдэнэ зуугийн 0- 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хархорин дахь сум дундын 2-р шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2292 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 27 хоногийн ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдсэн 3 сар 27 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2006 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1, 114 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын прокурорын газрын 24 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Боржигон овогт И.Б /НЮ.............../регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч И.Б нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Хайлаастын 00-000 тоотод И.Цтай хамт архи ууж байхдаа түүнд хандаж “ Сараа эгчтэй охиныг нь дэслэгч цол авахад тал талаасаа мөнгө гаргаж цолыг нь мялаая гэж ярьсан юмуу” гэхэд И.Ц “та нар миний хүүг хошууч цол авахад мялаагаагүй биз дээ” гэж хэлснээс маргаан үүсч улмаар И.Б нь И.Цийн толгой руу гуталтай хөлөөрөө өшиглөн зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв. Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сгийн мэдүүлсэн: …2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 30 минутын үед талийгаач нөхөр Ц гэрээс 5 буудалд байдаг хүргэн А-ийн түрээслэж ажиллуулдаг грашруу явсан. Тус грашид талийгаач модоор хөдөөний айлд юм хийж өгөх гээд бэлдчихсэн байсан түүнийхээ ар талд ислэг хавтан хадахаар гэртээ бэлдээд аваад явсан. Граш дээр очиход хүүхдүүд гадуур ажилтай явчихсан граш цоожтой байсан болохоор тус грашнаас баруун тийш гудамжинд байрлах нийтийн байранд ах дүү хоёр нь байр түрээслэж суудаг гэсэн би тэр байранд нь очиж үзээгүй. Тэгээд чимээгүй байж байгаад өдөр 15 цагийн үед ах Энх-Сыхаа утсаар надруу яриад хүүхдүүд граш дээрээ ирсэн болов уу гэж асуухаар нь “мэдэхгүй чи өөрөө хаана байгаа юм” гэхэд “С, Б 2 дээр байна, одоо харилаа граш руу ороод хүүхдүүд ирсэн бол юм оруулж хадчихаад ирээгүй бол буцаж энэ 2 дээр ирж юмаа тавьчихаад алхаад харъя” гэж хэлсэн, тэгээд ямар ч чимээгүй байсан. 17 цаг болж байх үед би нөхөрлүүгээ утасдахад утсаа ерөөсөө авахгүй байсан. Тэгээд чимээгүй байж байтал орой 18 цаг өнгөрөөд 19 цаг болох гэж байтал манай охин Н над руу утасдаад “хөөе ээжээ Б ах, С ах аав эд нар архи ууж байгаад хоорондоо ноцолдсон юм шиг байна аав энд чихнээс нь цус гарчихсан манай грашийн энд сууж байна” гэсэн, тэгэхээр нь би охиндоо “шууд аавыгаа аваад хүрээд ир тийшээгээ явж хэрүүл маргаан хийгээд хэрэггүй бушуухан хүрээд ир” гэсэн тэгтэл удалгүй охин Н, хүргэн А- 2 талийгаачийг аваад гэрт орж ирсэн тэгтэл талийгаач “Б муу новш чинь энэ рүү өшиглөдөг байнашдээ” гээд цус гойжсон чихээ дараад байсан тэгэхээр нь би ер нь чи очиж архи ууж хэрэлдэж маргалдах ямар шаардлага байсан юм гэж уурлахад за яахав дээ та нар намайг л буруутгаж байгаа байх гээд том өрөө рүү ороод сандал дээр жаахан сууж байснаа царай нь цонхийгээд сонин болоод би ерөөсөө эмнэлэг явъя гэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү явна биз дээ гээд орой 20 цаг өнгөрч байх үед А-, Н нар машиндаа суулгаад аваад явсан би гэртээ 2 жаахан хүүхэд хараад үлдсэн. Нэг цаг гарангийн дараа Н гаднаас орж ирээд аавыг эмнэлэгт хэвт гэсэн гэнэ хэвтэх хувцас хунарыг нь аваад ир гэж Н ярьсан гэсэн. Би тэгэхээр нь хувцас хунарыг нь бэлдэж өгөөд Ноор явуулсан тэгж байтал Н над руу утсаар яриад сахиуртай хэвтэнэ гэж байна та ирэхүү гэхээр нь тэгье гээд Н намайг ирж аваад би 22 цаг өнгөрч байхад очиж сахисан юм. 11 хоног сахиад өчигдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг 25 минутын орчимд нас барсан юм.…Жинсэн өмд нь нэл цус болчихсон, баруун талын чих, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Гэрт ирэхэд хамарных нь цус зогсчихсон, чихнээс нь цус гараад байсан, өөрөө 00-ын цаас аваад өг гээд чихрүүгээ хийгээд нөгөөх нь цус нэвчиж гарч ирэхээр нь хаяаад байсан юм. Баруун гарных нь эрхий хуруу зулгарч цус гарсан байдалтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-27-28/, Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нын мэдүүлсэн: …Орой 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай хүргэн А-ийн кузов засварын газарт ирсэн, тэгээд би бие засах гээд уг автозасварын урд талаар нь ороод гудамжинд бие засаж байхад манай аавын ах ЭнхС дээрээс гудамж уруудаад ирж байсан, ойртоод ирэхэд нүүрэн нь цус болчихсон байсан, тэр үед би нүүр амаа яачихсан юм гэхэд танай аав дүү Б, Э бид 4 нийтийн байранд архи ууж байгаад хоорондоо муудалцаад танай аав болон Б ах 2 чинь хоорондоо зодолдоод аав чинь над руу аяга шидээд тархи хагалчихлаа гэсэн тэгээд би манай аав хаана байна гэж асуухад автобусны буудлын наад талын дэлгүүрийн үүдэнд сууж байгаа гэхээр нь ЭнхС ахын хамт аав дээр очиход дэлгүүрийн хажууд байх цэцгийн мандлын хажууд чихээ барьчихсан доошоо хараад сууж байсан. Тэр үед “та яасан бэ” гэхэд “Б ах чинь миний чих рүү өшиглөчихлөө” гэсэн, та нар яасан сонин юм бэ ууж идэж чадахгүй байж хоорондоо муудалцаж байдаг гээд аавыг загнаад өргөж босгоод граж руу дагуулж яваад хүргэн А-, Н нарт аваачиж өгсөнгэсэн мэдүүлэг /хх-29-30/,
Мөрдөн байцаалтанд гэрч И.Эгийн мэдүүлсэн: …2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед идээний тавгийн гадна талын 12 жилийн хэвийг яаж хийх талаар заалгах гэж төрсөн дүү Бийн гэрт нь очсон юм. …тэгээд талийгч Ц энд гурван ах чинь цугларсан байна шинэ жилийн ганц юм авч өгөхгүй юм уу гэсэн юм. Тэгээд Б гарч яваад 0.75 л нэг шил Хараа нэртэй архи авчирсан юм. …тэгээд тэр архийг уугаад сууж байхад манай бага дүү Б бид нарт хандаж “Б дүү чинь дэслэгч цол авсан байна хэдүүлээ мөнгө цуглуулж өгье” гэсэн юм. …тэгээд ярьж байхад талийгч Ц “манай хүү Н ахмад цол авсан та нар яагаад эгчийн хүүхдийг яриад миний хүүг тоохгүй байгаа юм бэ” гэж Б рүү хандаж хэлсэн юм. Тэгээд Б Ц хоёр хоорондоо маргах гээд байхаар нь би Цийг чи одоо яв гэж хэлээд явуулсан юм. Тэгээд би удалгүй 20-30 минутын дараа араас нь гараад бие засаад гараад иртэл Б гэрээс гарч ирээд Ц ах агсам тавиад байна явья гэсэн юм. Тэгээд би гэрт буцаж оролгүй Бтэй хамт яваад 49-р сургуулийн хажуу талын гүүрний тэнд Б урт цагаан орно гээд надаас салаад би гэртээ харьсан. …архи уухаар Б Ц хоёр хоорондоо муудалцдаг юм. …. Б болон талийгч хоёр хоорондоо зодолдсоныг нь би өөрөө хараагүй гэсэн мэдүүлэг /хх-32-33/, Мөрдөн байцаалтанд гэрч О.С-ийн мэдүүлсэн: …2015 оны 12 дугаар сарын 30-ны 15-16 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 00-р хороо Хайлаастын 00-000 тоотод байх нийтийн байрны 2 дугаартай өрөө буюу гэртээ байж байхад хажуу талын 3 дугаартай өрөөнд хүмүүс шуугилдаад архи уугаад байх шиг байсан. Тэгээд нэг нь хаалга саваад гарах шиг болсон тэгтэл коридорт хаалга савлаа гээд зодоон болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод шагайхад өндөр нь газар уначихсан байсан бас нэг өндөрдүү нь унасныгаа толгой дээр дэвсээд байсан хөөе болиоч гэхэд араас гарч ирсэн жижиг нь /ЭнхС/ чамд ямар хамаатай юм гэж байсан. …тэр унасан хүний чихнээс нь цус гарсан байсан. …унагачихаад толгой дээр нь хөлөөрөө дэвсэж байсан гэсэн мэдүүлэг /хх-36-37/, Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нийн мэдүүлсэн: …Бид гурав граж дээрээ 18 цагийн үед ирээд Н бие засах гээд урагшаагаа гудамж руу орох гээд явж байсан юм шиг байгаан, тэгсэн гудамж руу ороход С гээд аавын төрсөн ах нь Нтой тааралдахдаа Саа ахын дух нь цус болчихсон байхаар нь Н “юу болсон бэ” гэж асуухад Саа ах “аав чинь Бтэй маргалдаад гэхээр нь “аав хаана байгаа юм бэ” гэж манай ихэр асуугаад Саа ахтай хамт аавын байгаа газар болох Цахир ам гэдэг хүнсний дэлгүүрийн зүг явтал аав маань Цахир ам дэлгүүрийн гадаа үүдэнд сууж байсан гэсэн. …тэгсэн чинь аав “Б ах чинь миний баруун талын чих рүү өшиглөсөн чинь хамар чих хоёроос зэрэг цус гоожоод тогтохгүй байна” гээд ярьж байх үед манай ихэр Н, Саа ахтай хамт С ах Б хоёрын түрээсэлдэг нийтийн байранд очтол Б ах байхгүй байхаар нь Н Саа ахыг тэнд нь үлдээгээд өөрөө буцаад граж дээр хүрч ирэхээр нь би машиндаа аав, Н, А- гуравыг суулгаад нийтийн байрны гадаа очоод Н, А- хоёр түрүүлээд нийтийн байр руу орсон. …манай нөхөр А- бид хоёр аавыг аваад гэрлүүгээ явсан. Аав гэрт очоод “Б муу золиг миний чих рүү өшиглөөд цус нь тогтохгүй байна, нэг л биш байна, эмнэлэгт үзүүлэх үү” гэхээр нь А- бид хоёр аавыг аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явж байхад аав хойшоо гэдийж болохгүй өвдөөд байна гээд урагшаагаа хагас тонгойгоод нүүрээ урдаас нь гараараа тулаад явсан гэсэн мэдүүлэг /хх-38- 39/,
Мөрдөн байцаалтанд гэрч И.ЭнхСы мэдүүлсэн: ...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед ажлаасаа өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн нутаг Өнө баарны арын эгнээнд байдаг түрээсийнхээ байранд дүү Бийн хамт ирсэн би уг байрыг өөрийн төрсөн дүү Бтэй хамт хөлсөлж байгаа юм. …Талийгаач дүү Ц 13 цаг өнгөрөөгөөд архи уучихсан орж ирэхээр нь би түүнд хандаж чи жаахан юм уучихсан юм уу гэсэн чинь тиймээ ахаа би хажуу талын М-тэй нэг шил архи хуваагаад уучихсан юм аа гэж хэлж байсан. ..би эхлээд Цийг гэрээсээ ислэг хавтанг нь бариулаад гаргасан удалгүй Б урт цагаан руу явлаа гээд гарсан чинь үүдэнд хүмүүс түжигнээд явчихсан тэгэхээр нь гарахад Ц үүдний шалан дээр сууж байсан Б гараад явсан байсан, тэрээр Б намайг түлхэж унагаад цохьчихоод явчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-43-44/, Мөрдөн байцаалтанд гэрч М.Б-ын мэдүүлсэн: …2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд Барс зах дээр бараа аваад явж байхад манай эхнэр надруу утсаар яриад нийтийн байрны 03 тоот өрөөнд хүмүүс зодолдоод байна гэхээр нь би Барс захаас уг нийтийн байранд ирэхэд уг өрөөнд ЭнхС болон Ц нар уг өрөөнд архины шил хагарсан, өрөөгөөр дүүрэн цус нөж болсон мөн тэр 2 настай хүний нүүр болон чих толгой орчим газар нь нэлэнхийдээ цус болчихсон байсан, …манай найз ирээд бид нар архи хувааж уугаад бид хоёрыг зодчихоод явчихлаа, одоо бид хоёр гэр орноо цэвэрлээд архи дарс уухгүй гэж хэлэхээр нь цагдаа дуудаагүй. …ЭнхС гэх хүний толгой орчим газраар нь 2 тийш цус гарсан, доошоо гойжсон, иргэн Цийн биеийн чих орчмоос нь цус гарсан, мөн нүүр хэсэг нь цус болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-45/, Шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 160 тоот задлан шинжилгээний дүгнэлтэд: ...1.Цийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун чамархайгаас доош суурь ясруу үргэлжилсэн шугаман хугарал, 2 талын ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун чамархай хэсгийг хатуу хальс дээрх цусан хураа, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хамарт зулгаралт, баруун гарын 1-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байх үед үүсгэгдэх ба гэмтэл авсан байрлалыг тогтоох боломжгүй байна. Дээрх баруун чамархай, суурь ясны хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэлүүд 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 2. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн хоёрдогч идээт үрэвслийн улмаас нас барсан байна. 4. ГССҮТ-н өвчний түүхэнд дурьдсанаар талийгаач бүлгийн О /I/ бүлгийн цустай байсан байна. 5. Талийгаач нь нас барах үедээ эмчлэгдэж байсан тул цусанд согтууруулах ундааны зүйл үзээгүй болно. 6. ГССҮТ-н өвчний түүхэнд дурдсанаар талийгаач нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний 09 цаг 25 минутанд нас баржээ гэсэн дүгнэлт /хх-54-55/, Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Д.М-ын мэдүүлсэн: …Талийгаач Цийн нас барсан шалтгаан нь дээрх гэмтэл авсны улмаас тархинд зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл үүсэж үхэлд хүргэсэн шууд холбоотой. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь өвчний түүх болон шинжилгээгээр үзэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. …хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хатуу мохой зүйлд хүний гар, хөл, ир үзүүргүй хатуу биет зэрэг олон зүйл багтана, яг аль зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. … гутлаар өшиглөж авахад хатуу мохоо зүйлд хамрагдана, энэ гэмтлийг тухайн өшиглөлтөөс авах боломжтой гэсэн мэдүүлэг /хх-63-64/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹ 1126 дүгнэлтэнд: …И.ЭнхСы биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-59/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 76 тоот дүгнэлтэнд: …1. И.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2.И.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно. /эрүүл/, 3. И.Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /хх-67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 82 тоот дүгнэлтэнд:
1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.01.27-ны өдрийн шинжээчийн 160 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл нь биед байгаа архаг халдварын голомтуудаас /тухайлбал хамар, залгиурын үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл гэх мэт/ нян, вирус нь цус, тунгалагийн замаар болон агаар дуслын замаар эсвэл шууд хүрэлцэх замаар тархины зөөлөн бүрхүүлд дамжин халдварласнаас үүсдэг. Талийгаач И.Ц нь баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэлтэй байсан ба уг гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл үүсч нас баржээ.
3.Талийгаачийн биед учирсан баруун чамархайгаас доош суурь ясруу үргэлжилсэн шугаман хугарал, 2 талын ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хамарт зулгаралт, баруун гарын 1 дүгээр хуруунд шарх гэмтлүүд нь гутлаар өшиглөх, дэвсэх үед үүсгэгдэх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь талийгаач өөрөө унах үед буюу нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй.
5.Тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл үүсэхэд тухайн хүний дархлааны систем сулрах, архи уух, биед архаг халдварын голомт байх, өвчин үүсэх нянгийн хоруу чанар зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
6.Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хийгдвэл зохих эмчилгээнүүд хийгдсэн боловч амь нас аврагдах боломж муутай байжээ гэсэн дүгнэлт/2хх-249-521/ Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-18/, хувцас хураан авсан тэмдэглэл /хх-20/, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-21-22/, хар өнгийн пүүзэн гутал хураан авсан тэмдэглэл тогтоол /хх-23-24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-51/, шинжээчийн дүгнэлт /хх-52-55/, фото зураг /хх-56/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-59/, шинжээчийн 789 тоот дүгнэлт /хх-61/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-62/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-95/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх118/, 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай Хархорин дахь сум дундын 2-р шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол /хх-119-120/, 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай Өвөрхангай аймгийн шүүхийн давж заалдах шатны эрүүгийн шүүхийн Магадлал /хх-121-122/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 тоот шийтгэх тогтоол /хх-169-179/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20/а тоот шийтгэх тогтоол /хх-180-188/, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоол /хх-188-209/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 169 тоот магадлал, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хх-122/, И.Бийн зан байдал засрал хүмүүжил суллагдлын тодорхойлолт /хх127/, суллагдсан хүмүүст олгодог справка /хх-123/, талийгч И.Цийн өвчний түүхийн хуулбар /хх-125-153/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг. Шүүгдэгч И.Б хамт архи ууж байсан ах нартаа хандаж “Б дүү чинь дэслэгч цол авсан байна хэдүүлээ мөнгө цуглуулж өгье” гэсэн юм. …гээд ярьж байхад амь хохирогч И.Ц нь өөрийн төрсөн дүү И.Бд хандаж “…манай хүү Н ахмад цол авсан, та нар яагаад эгчийн хүүхдийг яриад миний хүүг тоохгүй байгаа юм бэ…” гэх зэргээр гомдол мэдүүлж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж шүүгдэгч И.Б нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00- р хороо, Хайлаастын 13-271 тоотод өөрийн төрсөн ах И.Цийг толгой руу нь өшиглөн зодож санаатай алсан болох нь: Амь хохирогч И.Ц амьд ахуйдаа “…талийгаач Б муу новш чинь энэ рүү өшиглөдөг байна шдээ гээд цус гоожсон чихээ дараад байсан…” гэж ярьж байсныг гэрчилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш. Сгийн мэдүүлэг /хх-27-28/ болон гэрч Ц.Нын “...Б ах чинь миний баруу талын чих рүү өшиглөсөн чинь хамар, чих хоёроос зэрэг цус гоожоод тогтохгүй байна. Аав гэрт очоод Б муу золиг миний чих рүү өшиглөөд цус нь тогтохгүй байна, нэг л биш байна, эмнэлэгт үзүүлэх үү гэсэн...” гэх мэдүүлэг /хх-39-41/, гэрч Ц.Нын “... тэр үед та яасан юм бэ гэхэд Б ах чинь миний чих рүүү өшиглөчихлөө гэсэн” гэх мэдүүлэг /хх29-30/ нарын мэдүүлэг, амь хохирогч И.Ц болон шүүгдэгч И.Б нарын хооронд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүсэж, зодоон болсныг гэрчилсэн гэрч И.ЭнхСы “... талийгаач газар суучихсан харин Б байхгүй байсан. Би дүүгээ яасан талаар асуухад Б намайг түлхэж унагаад цохичихоод явчихлаа шүү дээ гэж хэлж байсан. Тухайн үед талийгаачийн чихнээс цус гарч байхаар нь гэртээ оруулаад наад цусаа угаа гэсэн” гэх мэдүүлэг/1хх-42-44/, гэрч И.Эгийн “... Ц бидэн лүү хандаж Б дүү чинь дэслэгч цол авсан байна хэдүүлээ мөнгө цуглуулж өгье” гэсэн юм. …гээд ярьж байхад талийгаач И.Ц манай хүү Н ахмад цол авсан, та нар яагаад эгчийн хүүхдийг яриад миний хүүг тоохгүй байгаа юм бэ гэж Б рүү хандаж хэлсэн. Тэгээд Б Ц хоёр хоорондоо муудалцах гээд байхаар нь би Цийг чи одоо яв гээд явуулсан. Тэгээд удалгүй ...Б Ц ах агсам тавиад байна гэсэн. ...архи уухаараа Б Ц хоёр хоорондоо муудалцдаг юм. ....намайг очиход Н ЭнхС ах аав 2 муудалцаад тэгээд Б ах аавыг толгой руу нь цохисон байна гэж хэлсэн юм. Тэгээд бид нар хоорондоо Ц гайгүй болтол хэнд ч хэлэхгүй байж байя гэсэн юм” гэх мэдүүлэг/хх31-33/, И.Б нь И.Цийг газарт унасан үед нь толгой дээр нь дэвсэн зодож байхыг харсан гэрч О.С-ийн ...хажуу талын 3 дугаартай өрөөнд хүмүүс шуугилдаад архи уугаад байх шиг байсан. Тэгтэл нэг нь хаалга саваад гарах шиг болсон. Тэгтэл коридорт хаалга савлаа гээд зодоон болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод шагайхад өндөр нь газар уначихсан байсан бас нэг өндөрдүү нь унасаныхаа толгой дээр дэвсээд байсан. Хөөе болиоч гэхэд араас гарч ирсэн жижиг нь/ЭнхС/ чамд ямар хамаатай юм гэж байсан. Тэгээд та нар болиоч гэхэд түрээсээ өгч байхад ямар хамаатай юм гэж байсан. Тэгэхээр нь би хүн алчихвал түрээсээ өгч байхад хамаагүй гэж хэлэхүү гээд би хаалгаа хаагаад гэр лүүгээ орсон. Тэр унасан хүний чихнээс нь цус гарсан байсан гэх мэдүүлэг/хх36-37/, И.Бийн буруутай үйлдлийн улмаас хохирогч “И.Цийн биед баруун чамархай, суурь ясны хугарал” бүхий ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл учирч түүний улмаас амь нас хохирсныг тогтоосон шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 160 тоот задлан шинжилгээний дүгнэлт, уг дүгнэлтийг гаргаж амь хохирогчийн үхлийн шалтгааныг тайлбарласан шинжээч эмч М-ын мэдүүлэг, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн эмч Ж.Т-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 82 тоот дүгнэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалгах талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч И.Б нь амь хохирогч И.Цтай “...Б дүү чинь дэслэгч цол авсан байна хэдүүлээ мөнгө цуглуулж өгье” гэсэн юм. …гээд ярьж байхад талийгаач манай хүү Н ахмад цол авсан, та нар яагаад эгчийн хүүхдийг яриад миний хүүг тоохгүй байгаа юм бэ” гэж хэлсэн асуудлаар маргалдаж, зодуулсаныг гэрчүүд тогтвортой мэдүүлдэг бөгөөд түүний улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирснаас түүний амь нас хохирсон бөгөөд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотологдсон нь өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй байх үндэслэл болно.
Шүүгдэгч И.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч И.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хорих ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүхээс шүүгдэгч И.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.С шүүгдэгчээс оршуулгын зардал болох 2.585.500 төгрөгийг авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч И.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч И.Б 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 394 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Бд эргүүлэн олгохоор шийдвэрлэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт И.Бийг “хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бийг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан И.Бийн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59 .1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Бийн урьд цагдан хоригдсон 394 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буаан олгосугай.
6. Шүүгдэгч И.Б бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эрх бүхий ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эсэргүүцэл бичих эрх бүхий улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан И.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Б.ХАЛИУН С.БАТГЭРЭЛ