Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/980

 

 

 

 

 

 

 

 

 

    2020         12          02                                    2020/ШЦТ/980

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Э.Оюунтунгалаг;

хохирогч Э.Э-гийн өмгөөлөгч: Б.Баярмаа;

шүүгдэгч: М.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох эрүүгийн   хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “М” ХХК-д борлуулалт, маркетингийн менежер ажилтай, ам бүл 1,   урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 742 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д  зааснаар 290 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, М.Т

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 21 цагийн үед *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** орон сууцны 16 дугаар байрны 11 тоотод өөрийн найз бүсгүй болох Э.Э-г  өмнөх найз залуутай нь хардан маргалдаж, улмаар түүнийг зодож зүүн нүдний дээд, доод зовхи, гадна буланд шар өнгийн, зүүн хацарт шар өнгийн, баруун шанаа, эрүүний баруун буланд шар өнгийн, баруун шууны дотор хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэгт хүрэн шаргал өнгийн цус хуралт, зүүн хөхний доод хэсэг, баруун хөхний дээд хэсэгт, шар өнгийн, баруун, зүүн мөр, баруун, зүүн шилбэний дээд хэсэг, баруун гуяны гадна хэсэгт шар хүрэн өнгийн цус хуралтуудтай, баруун гарын ядам хурууны 1 дүгээр үе, хумсны угт тав тогтсон зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т  мэдүүлэхдээ: “...Миний гар хүрэх болсон шалтгаан нь хардалтаас болж тийм үйлдэл гаргасан. Тухайн өдөр би

томилолтоор хөдөө 3 хоног яваад ирсэн. Э, О-той 2 хоног амралтад явсан байсан. Э.Э-гийн смарт цаг дээр нь зурвас ирсэн. Би тэр зурвасыг нь уншаад асуухад “яагаад миний бүх зүйлийг шалгаад байдаг юм” гээд над руу уурласан. Би алгадаж, базаж түлхсэн. Э.Э-гийн мэдүүлсэн шиг газар савсан зүйл болоогүй. Зүгээр байхад нь хардаад ээж, аав руу нь явуулахгүй байсан асуудал байхгүй...” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Э-гийн эмнэлэгт үзүүлсэн баримт, эрүүл мэндэд нь учирсан гэмтэлтэй холбоотой гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-16/, хохирогч Э.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 20-21, 22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10906 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/, М.Т-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33/, М.Т-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36, 39-54/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн М.Т-н ажлын тодорхойлолт, хохирогч Э.Э-гийн хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Т**** орон сууцны 16 дугаар байрны 11 тоотод өөрийн найз бүсгүй болох Э.Э “өмнөх найз залуутайгаа мессеж бичиж, уулзлаа” гэх шалтгаанаар хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Э.Э-гийн /хх-ийн 20-21, 22/: “...2020 оны 09 дүгээр сарын 14-ний оройн 21 цагийн орчимд *** хорооны нутагт байрлах “***” хотхоны 16 дугаар байрны 11 тоот гэртээ байх үед найз залуу М.Т миний бугуйн цагны цэс хэсэгт ирсэн мессежийг үзээд өмнө нь үерхэж байсан О гэх залуутай “уулзаж учирдаг юм байна, миний итгэлийг алдлаа” гэх мэт үгсийг хэлж миний биед халдаж зодсон. Тухайн үед М.Т нь миний  нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохиход хамараас цус гоожиход өөрийнхөө өмсөж байсан фудволкийг тайлж миний хамарын цусыг арчсаны дараа намайг газар унаган нүүрний хэсэгт гараараа цохиж, цээжний хэсэг, баруун хөл, шилбэний хэсэгт хөлөөрөө өшиглөж зодсон. ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр,

 

Э.Э-гийн биед “зүүн нүдний зовхи, зүүн хацар, баруун шанаа, эрүү, баруун, шуу, сарвуу, цээж, 2 мөр, баруун шилбэ, гуяны цус хуралт, баруун ядам хурууны зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10906 дугаар шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 28-29/,

 

М.Т-н гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 33/: “...би хөдөө яваад ирсний дараа Э.Э О-той мессеж бичээд уулзсан байхаар нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдээд “чи яагаад намайг хуураад байдаг юм бэ, эргэж нийлье гэж хэлчихээд ингээд хуураад байх юм” гээд хэрүүл болоод Э.Э-г нэг заамдахад намайг алгадахаар нь зөрүүлээд 2 удаа алгадаад цааш буйдан руу түлхсэн. Э.Энхжин удаа дараа өмнө нь үерхэж байсан О гэх залуутайгаа мессежлэж уулзаж байсныг  нь мэдсэн болохоор уурласан. ...Э.Э-д гар хүрч алгадсан нь миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан М.Т-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Эн “...М.Тд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

М.Т нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж эрүүл мэндэд нь хохирол учруулах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, иргэдийн амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, тогтвор суурьшилтай эрхэлсэн ажилтай, хохирогч гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 750 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-нийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                                                               

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ