Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

                        улсын яллагч Н.Анхбаяр,

                        Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунаа

            шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт О.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000199 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:               

Монгол Улсын иргэн, 1965 оны 1 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, нөхрийн хамт Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 30-120 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ..................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.А нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзварын замд 26-63 УБМ улсын дугаартай “Тоуота Кluger” загварын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай З.Оюуг мөргөж бие мах бодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Төв шуудангийн замын уулзвар дээр урдаасаа хойшоо чиглэлтэй зүүн гар тал руу эргэх гээд явж байх замдаа уулзварын гэрэл улаан байхад замын цагдааг гарын хөдөлгөөнөөр замын хөдөлгөөнийг зохицуулж байна гэж ойлгоод хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас осол гаргасан. Эхлээд хөдөлгөөнөө зогсоохоор түр зогсолт хийснээ үргэлжлүүлээд зүүн гар тал руу эргэтэл 2 хүүхэд хөтлөлцөөд зам дээр гарч ирсэн бөгөөд би 2 хүүхдийг харангуутаа зогссон. Гэтэл зүүн гар талын арын хаалганы орчим хүүхдийн дуу гарсан бөгөөд би бууж харахад эмэгтэй хүүхэд хөлөө барьчихсан газарт сууж байсан. Ойр хавийн хүмүүс цугларахад нь түргэн тусламж дуудъя гэхэд түргэн тусламж дуудчихсан гэсэн. Удалгүй цагдаа ирсэн бөгөөд шугам татаж үзлэг хийсэн.Би цагдаагийн гар дохиог буруу ойлгож хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн тул осол гаргасан. Өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 17 цаг 55 минутын орчимд би Амарсайханы эзэмшлийн шаргал өнгийн Тоуота Кluger маркийн 26-63 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэртээ харих зорилгоор Төв шуудангийн уулзварын урд талын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо 4 эгнээгээр уулзварт ирэхэд уулзварын улаан гэрэл асчихсан байхаар нь хурдаа хасаад зогсох гэснээ болиод уулзварын голд зогсож буй цагдаа нь дохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан чинь зүүн гар талаас явган хүний гарцаар баруунаасаа зүүн чиглэлтэй 2 эмэгтэй хүүхэд хөтлөлцөөд гүйгээд гараад ирэхэд нь харангуутаа шууд тоормосоо гишгээд зогссон. Тэгтэл машины зүүн хойд талд чимээ гарах шиг болсон. Улмаар би машинаас бууж очиход машины зүүн хойд талд нэг эмэгтэй хүүхэд баруун хөлөө бариад сууж байсан ба харин хажууд нэг ойролцоо насны эмэгтэй хүүхэд зогсож байсан. Тэгтэл замын голд зогсож байсан цагдаа ирсэн. Тэгээд ойр орчимд байсан хүмүүсээс 102, 103-т дуудлага өгсөн. Нээх удалгүй түргэн тусламжийн машин ирж зогсоод эмч нь бууж ирээд тэр охиныг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Дараа нь цагдаа нар ирж ослын газарт хэмжилт хэргийн газрыг үзлэг хийсний дараахан тэр охины эцэг, эх хоёр нь ирсэн. Манай хүү ч ирж таараад би хүүгээ машинаа бариулаад бид нар гэмтлийн эмнэлэг рүү хамт очсон юм…” гэсэн мэдүүлэг /хх-104-105/,

 

Насанд хохирогч З.Оюугийн “...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 50 минутын орчимд би хичээлээ тараад гэртээ харих гээд найз Тэгшжаргалын хамт сургуулиас цуг гарч сургуулийн хашааны хаалгаар зүүн тийшээгээ эргэж чигээрээ алхаад явсан. Тэгээд бид ардчилсан намын байр мөн Зоригийн хөшөө байдаг талын зам хөндлөн гарах гэтэл явган хүний гарцан дээр ойролцоогоор 5-6 орчим хүмүүс зогсож байсан санагдаж байна. Тухайн үед явган хүний гарцын улаан гэрэл асчихсан байсан учраас хүмүүс ногоон гэрэл асахыг хүлээж байсан юм. Улмаар явган хүний гарцын ногоон гэрэл асахаар нь би хүмүүсийн урд нь гараад алхаж явтал миний баруун гар талаас шаравтар өнгийн машин мөргөөд зогссон. Ингээд би зам дээр баруун хөлөө 2 гараараа бариад сууж байтал машины жолооч нь бууж ирсэн...тэр машины жолооч нь эмэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20-22/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунаагийн “...2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 18 цаг 15 минутын орчимд би гэртээ хоол, ундаа хийгээд нөхөр, 2 хүүхдийнхээ хамт байж байтал танихгүй дугаараас над руу эмэгтэй хүн залгахаар нь утсаа авсан чинь таны охин машинд мөргүүлчихсэн байна гэж хэлэхээр нь би хаана юм бэ гэж асуутал Төв шуудангийн урд талын уулзвар дээр гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би нөхөртөө охин З.Оюу-г машинд мөргүүлсэн байна гэж хэлээд гэрээсээ хамт гарсан. Ослын газар луу алхаад очиж байх замд цагдаа болон эмнэлгийн байгууллагууд, ослын газарт байсан хүмүүсээс над руу байн байн залгаад ирж байна уу гэж яриад байсан. тэгээд ослын газарт очиход миний охиныг мөргөсөн машины жолооч нь эмэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-48-49/,

 

Иргэний хариуцагч Н.Амарсайханы “...2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 18 цаг өнгөрч байхад намай,г МУИС-н 1 дүгээр байрны тэр хавьд явж байх үед хойд ээж О.А нь надтай утсаар холбогдож Төв шуудангийн уулзвар дээр зам тээврийн осолд орчихлоо, хүрээ ир гэж хэлэхээр нь би за одоо яваад очъё гэж хэлээд ослын газар очиход машинд мөргүүлсэн хүүхэд нь байхгүй, төв шуудангийн уулзварын урд талын явган хүний гарц өнгөрчихсөн байдалтай миний машин ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй хараад зогсож байсан ба цагдаа нар ирчихсэн ослын  газарт хэмжилт, хэргийн газар үзлэг хийж байсан. Улмаар ослын газарт цагдаа нарыг хэмжилт, хэргийн газар  үзлэг хийж дуусахаар нь  машинд мөргүүлсэн хүүхдийн эцэг, эхийг нь аваад гэмтлийн эмнэлэг рүү авч очсон. Дараа нь би машинаа бариад Замын цагдаагийн албаны журмын хашаанд машинаа аваачиж байрлуулж тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-51-52/,

Гэрч Б.Отгонбаатарын “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв шуудангийн уулзварын ертөнцийн зүгээр урд талд байх Драмын театрын уулзварт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд станцаар Төв шуудангийн уулзварыг хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Батпүрэв нь холбогдож манай уулзварт машинд бага насны хүүхэд мөргүүлчихсэн байна аа, чи ирээд уулзвар хараад байж байгаач ээ гэж хэлэхээр нь би сонслоо яваад очъё гэж хэлээд очсон. Тэгтэл уулзварын урд талд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй явган хүний гарцаас бага зэрэг хойшоогоо өнгөрөөд шаргал өнгөтэй тоёота клюгер маркийн автомашин зогсож байсан ба явган хүний гарцан дээр бага насны эмэгтэй хүүхэд уйлаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-54/,

 

Гэрч Ц.Батпүрэвийн “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 15 цагаас хойш УБ хотын Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв шуудангийн 4 замын уулзварт замын хөдөлгөөний хяналт зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл ойролцоогоор 18 цагийн орчимд би уулзварын голд урагшаагаа хараад зогсож байсан ба энэ үед уулзварын гэрлэн дохио нь ажилладаг горимоороо л ажиллаж байсан. тухайн үед би замын хөдөлгөөнд биет зохицуулалт хийгээгүй байсан Тэгтэл гэнэт хүмүүс орилолдоод явчихсан ба тухайн хүмүүсийн орилолдсон чиглэл рүү харсан чинь уулзварын урд талын явган хүний гарцан дээр сургуулийн насны эмэгтэй хүүхэд явган хүний гарцан дээр 2 хөлөө жийгээд газар уначихсан уйлаад сууж байсан. Харин хажууд нь тэр охинтой ойролцоо насны нэг эмэгтэй хүүхэд зогсож байхаар нь би хараад явж очсон. Гэтэл тэр охиныг мөргөсөн автомашин нь явган хүний гарцаас ертөнцийн зүгээр урд талаасаа хойшоогоо чиглэлтэй зогсчихсон байсан. жолооч нь настай эмэгтэй хүн байсан. тэгтэл жолооч эмэгтэй нь тэр эмэгтэй хүүхдийг өргөөд машиндаа суулгах гээд байхаар нь би өргөж, хөдөлгөж болохгүй ээ, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлсэн чинь тэр үедээ жолооч эмэгтэй нь сандарсан байдалтай байгаад байхаар нь би замын хөдөлгөөний удирдлагын төвийн АТ-10 -тай станцаар холбогдож машинд бага насны эмэгтэй хүүхэд мөргүүлчихлээ гэж мэдэгдсэн чинь камераар харж байна, наад уулзвар луу чинь камер харчихсан байна гэж хэлсэн....тэр үед биет зохицуулалт хийгээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Тэгшжаргалын “…2017 оны 03 дугаар сарын 09-ний

өдөр 17 цаг 50 минутын үед хичээл тараад найз З.Оюугийн хамт гэртээ харих гээд

сургуулиас цуг гарч сургуулийн хашааны хаалгаар зүүн гар тийшээгээ эргэж

чигээрээ алхаад явсан. Тэгээд бид хоёр Зоригийн хөшөө байдаг талд очиж зогсоод

зам хөндлөн гарах гэсэн боловч нилээн олон хүн байсан ба яг хэдэн хүн байсныг мэдэхгүй байна. тэр үед явган хүний гарцаар хүмүүс гарч болохгүй улаан гэрэл асчихсан байсан учраас хүмүүс гэрлээ хүлээгээд зогсож байхаар нь бид хоёр мөн адил ногоон гэрэл асахыг нь хүлээгээд зогссон ингээд улаан гэрэл солигдоод ногоон гэрэл болохоор нь замынхаа цаад талд гарах гээд явган хүний гарцаар гарч явсан. энэ үед миний урд талд З.Оюу нь алхаж байсан. Тэгтэл З.Оюуны баруун талаас шаргал өнгийн машин гарч ирээд мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-60/,

 

Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №3652 тоот актын “...З.Оюугийн биед баруун шант ясны ил хугарал, шилбэний урд доод хэсгийн язарсан шарх, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал цус хуралт өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-68/,

 

Техникийн шинжээчийн 207 дугаартай “...Тоуоtа Kluger маркийн 26-63 УБМ улсын дугаартай автомашины жолооч О.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна"...гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хх-88-89/,    

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6/, насанд хүрээгүй хохирогч З.Оюугийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7, 30-31/, тэврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-11/, өвчний түүх /хх-34-46/, эмчилгээний зардлын баримтууд /хх-23-29/, иргэний хариуцагчаар тогтоох тогоол /хх-50/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-77-78/, замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хх-88-89/, шүүгдэгч О.Агийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-125/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-121/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-66, 151/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /155-157/,  эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг төлсөн баримт /хх-153/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч О.А нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзварын замд 26-63 УБМ улсын дугаартай “Тоуота Кluger” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан... “гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч З.Оюу-г мөргөж бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч З.Оюу, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунаа, гэрч Б.Отгонбаатар, Ц.Батпүрэв, насанд хүрээгүй гэрч Б.Тэгшжаргал нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹3652 тоот актын дүгнэлт, Техникийн шинжээчийн 207 тоот дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч О.Агийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч О.А нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч З.Оюугийн мөргөж бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул түүнд энэ зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Дээрх гэмт хэргийн хохирогч З.Оюуд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч О.А нь хохирогчид учирсан дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч О.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Агийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин түүний насанд хүрээгүй хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Шүүх шүүгдэгч О.Аял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Осорын Даваасүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Осорын Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.Аоногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн 201724000199 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан О.Аоногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар О.Аоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий   этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Аурьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.БОЛДБААТАР