| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0176/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/184 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Асүрэн даргалж, шүүгч Н.Ариунжаргал, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Иргэдийн төлөөлөгч О.Хаданчулуун,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.М
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пид холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Асүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.П
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... тоот хашаандаа эхнэр М.Гыг өшиглөж зодон хүзүүний нугасны аалзан хальсан доорх цус харвалт, нугасны эдийн няцрал, их тархины баруун зүүн тал бөмбөлөгийн суурь, чамархай, гадна хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, толгойн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10- ны орой ажлынхантайгаа салхинд гараад уусан. Шөнө нь буцаад гэрлүүгээ очсон. Машин болохгүй болохоор нь гэртээ очиж унаагаа аваад ажил дээрээ оччихоод буцаад машин дээрээ очиход хүн байхгүй байсан. Гэртээ очиход эхнэр гэрт байхаар нь маргалдсан. Намайг ажил руугаа явах гэтэл явуулахгүй гэж маргалдаад тэгэхээр нь дахиад өшиглөсөн ба ойчихоор нь дахин өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г миний төрсөн дүү Мгийн хамгийн том охин нь байгаа юм. Миний дүү М болон түүний хүүхдүүд бүгд бичиг үсэг мэдэхгүй сургуульд суугаагүй хүмүүс байгаа юм. Тэгээд бид нар ярилцаад манай дүү М энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулахаар болсон... Бид нарын хувьд Пид гомдолтой байна. Харин Поос өнөөдрийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй....Талийгаач Гын 4 хүүхдийг төрсөн ээж болох М асран хамгаалагчаар тогтоогдон асран хамгаалж хариуцаж байгаа. Бага хүүхэд нь ээжийгээ нэхээд шөнө уйлаад их хэцүү байгаа... “гэсэн мэдүүлэг
Гэрч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны орой ...яг хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Манай гэрт А ах, Д ах, манай эхнэр О, миний бие У, тэгээд манай 2-6 насны 4 хүүхэд байсан. Тэгээд бид нарыг гэрт байж байтал манай хажуу айлд амьдардаг Гын охин Гхашаандаа орилж хашгираад байсан. Тэгээд А ах гэрээс гүйж гараад хажуу айлын /П/ хашааг давж ороод П ахыг хашаа давуулаад манай хашаа руу шидчихсэн. А ах надад хэлэхдээ наад Поо аваад цаашаа байж бай гэж хэлсэн. Тэгээд цагдаа эмнэлэг дуудаадах гэж манай эхнэр От хэлсэн. Хэлсэнийх нь дагуу манай эхнэр цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд удалгүй цагдаа эмнэлгийнхэн ирсэн... П ах надад хэлэхдээ “наадахыг чинь ална гүйцээгээдэхье" гээд байсан... Ааваа та болиочээ ээжийг алах нь байна ш дээ гэж орилж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/
Гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн шөнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 2019 оны 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө би гэртээ нөхөр У, ах А, хүргэн ах Б нарын хамт байсан. Тэгтэл 00 цагийн орчим зүүн талын хашаанаас хүн уйлж орилох чимээ гарсан. Тэгээд манай ах А, нөхөр У, Б ах нар гарсан. Тэр үед би хаалгаар хальт шагайхад хөрш айлын П ах бүгдийг чинь гүйцээчихье гээд орилж байгаа сонсогдсон. Би тэгээд буцаад орсон удалгүй ах А түргэн тусламж хурдан дууд Г ухаан алдчихаад сэрэхгүй байна гэж орилсон. Тэгээд би Зүүнбаянгийн эмнэлгийн утас руу залгасан чинь 00:22 цаг болж байсан. Эмнэлгийнхэн хэзээ ирсэнийг мэдэхгүй байна. Дараа нь хажуу айлын П ахын хүүхдүүдийг нь гэртээ оруулсан тэд нар ярихдаа “аав ээжийн толгой руу хэд хэдэн удаа өшиглөж дэвсээд байсан” гэж хэлсэн, ээж тэгээд ухаан алдсан гэж том охин Гярьж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 44 дүгээр хуудас/
Гэрч О.Мгийн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 00 цаг өнгөрч байхад миний ... дугаарын утас руу манай хүргэн болох Пийн хажуу айлын охин О өөрийн ... гэсэн дугаараас залгаад “Туул энд гэртээ бие нь муудаад байж байна бид хэд түргэн дуудсан та яаралтай хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд би Огийн утсаар өөрийн зээ охин болох Г.Гтай ярихад “Эмээ хурдан ирээ ээж ухаан алдчихаад босож чадахгүй байна одоо эмч дуудчихсан байгаа та хурдан хүрээд ир гээд” гэж хэлээд утасны цаана уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар хуудас/
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Шөнийн 00 цагийн үед байх гэж санаж байна зүүн хашаанд хүүхдүүд уйлалдаад явчихсан тэгэхэд А, У, Б нар надаас түрүүлээд гарсан. Тэгээд би сүүлд араас нь гараад очиход тэд нар зүүн хашааны наад талд зогсож байсан ба намайг очиход А зүүн хашаанд орчихсон нэг хүнтэй зууралдаж байгаад өргөж ирээд хашаа давуулаад миний хажуугаар шидчихсэн. Тэр хүн нь согтуу байгаа бололтой бүгдийг нь гүйцээгээдэхье гээд буцаж хашаа руугаа орох гээд байсан. Тэр үед А хашаа давж гарч ирээд тэр хүнийг барьж аваад хашаанаас нь холдуулсан. Тухайн үед гадаа сартай байсан ба уг хашаанд байх гэрээс баруун тийш газар нэг хүн хэвтэж байгаа бололтой харагдсан. Харин хажууд 3 хүүхэд уйлаад байсан. Тэгээд би удалгүй гэрлүү орсон юм. Би гэрт ороод байж байхад гаднаас А хашгираад О гэрээс шагайхад түргэн дууд гэж байгаа бололтой байсан. Удалгүй 3 жоохон хүүхэд орж ирсэн. Тэгээд том охин нь аав ээжийн гар луу нь 2 өшиглөсөн, мөн толгой руу 2 өшиглөсөн гэж ярьж байсан. . гэсэн мэдүүлэг хх-ийн 48-49 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нарыг унтах гээд хэвтэж байхад аав нээх удалгүй буцаж ирээд хашаа даваад орж ирээд хаалга цоожтой байхад учиргүй балбаад би босож нээхэд аав орж ирсэн. Тэгэхэд ээж шууд босоод ирсэн ба ээж өмд подволктойгоо орондоо орсон байсан юм. Тэгээд л ээжийг гэрийн зүүн хойд талд зогсож байхад аав ээжийн бөгс рүү 2 удаа өшиглөөд авсан. Тэгээд ээж гэрээс гараад зугатаасан ба араас нь аав хөөгөөд гарсан. Би тэгэхэд гэр дотор дүү нартайгаа байсан. Тэгээд би араас нь очтол ээж гэрийн баруун урд талд хашаан дотор зогсож байсан ба ээжийнхээ тавчик болон цамцыг аваад ир гэхээр нь гэр рүү ороод ягаан тавчик болон хар эрээн өнгийн цамцыг гаргаж өгсөн юм. Энэ үед аав гэрийн хойд талд байсан амбаарт ээжийг хайгаад байгаа бололтой байсан. Тэгээд би гэр лүү ороод байж байхад аав гарч ирээд гэрийн зүүн талаар тойроод гэрийн урд ирээд хаалга нээж харчихаад буцаад гэрийн баруун тал руу явж байгаа сонсогдсон юм. Тэгээд ээжийг олсон бололтой ээжийг зодоод байгаа дуу чимээ гарсан юм. Тэгээд би гэрээс дүүгээ тэврээд гараад очиход гэрийн баруун талд байдаг цементэн гэрийн суурийн цаад талд ээжийг аав бариад авчихсан харагдсан ба намайг гарч очиход бол бөгс хавьд 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхэд ээж доошоо бөгсөөрөө суугаад гараараа ардаа тулаад буцаад босох гээд сууж байхад аав ээжийн толгойны баруун тал руу өшиглөөд авсан. Тэгээд л ээж хойшоогоо толгойгоороо саваад унасан юм. Тэгээд л ээжийг унахад дахиад л толгойны баруун тал руу аав өшиглөөд авсан юм. Би тэр үед аавыг та болиочээ гээд очих хооронд ийм зүйл болсон юм. Тэгээд би ээжийнхээ хажууд дүүгээ тавиад аавыг барьж аваад та тэнэг юм уу ээжийг алчихлаа ш дээ гэхэд аав юу ч дуугарахгүй байсан. Тэр үед хажуу айлын хүмүүс гараад ирсэн байсан яг хэзээ гарч ирсэнийг нь бол мэдэхгүй. Тэгэхэд хашаа даваад А ах орж ирж аавыг тэврээд авсан. А ахыг хашаа даваад орж ирэх гэж байх үед аав ээжийн баруун гар луу нь өшиглөөд байсан. Тэгээд л аавыг бариад авсан юм... Тэгээд л би ээжийг дуудаад байхад сэрэхгүй байсан ба гэрээс ус авчираад аманд нь хийсэн чинь уухгүй юм дуугарахгүй байсан тэгээд би зүрхэн дээр нь гараа тавиад үзэхэд зүрх нь цохилохгүй байх шиг байсан. Тэр үед А ах ээж чинь ухаан орж байна уу гэхээр нь би ухаан орохгүй байна гэж хэлсэн тэгээд л түргэн дууд гээд гэрлүүгээ хэлж байгаа бололтой байсан юм. Тэгээд л би ээжийнхээ хажууд дүү нараа аваад эмч ирэхийг хүлээгээд суусан юм... “ гэсэн мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “..2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө ...манай зүүн талын хашаанаас ....жаахан хүүхдүүд уйлалдаад байхаар нь юу болов яав гээд хүргэн Б, У нарын хамт гарч очсон. Өө манай хамаатны ах Б мөн манайд байсан юм байна. Бид 4 хамт гэрээс гараад зүүн хашаан дээгүүр харахад П гэрийнхээ баруун талд байдаг цементэн суурийн баруун талд эхнэрээ зодож байсан. Тухайн үед гадаа сартай байсан ба эхнэр Г нь газар дээшээ хараад хэвтчихсэн нөхөр П нь толгой хэсэгт нь хойд талд нь зогсоод толгой орчимд 1-2 удаа өшиглөж байгаа бололтой харагдсан. Тэгээд л хашааг нь давж ороод шууд Пийг тэвэрч аваад чи яаж байгаа юм бэ эхнэрээ зодоод гэхэд намайг тавьж бай би бүгдийг нь хүйс тэмтэрнэ гээд орилоод байсан. Тэр үед хажууд нь охин Гболон 2 жаахан дүүгийнхээ хамт уйлаад зогсож байсан намайг Пийг тэврээд байхад бол эхнэр Г нь түрүүн байсан байдлаараа ямар ч хөдөлгөөнгүй ухаан алдсан байдалтай юм дуугарахгүй байсан. Тэгээд л би Пийн араас нь бүсэлхийгээр нь өргөж аваад баруун талын хашааг нь давуулаад шидчихсэн юм... Миний харсанаар Гыг газар хэвтэж байхад нь 2 удаа толгой орчимд нь өшиглөж байгаа харагдсан юм... П ажлынхаа улаан өнгийн хувцастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/
Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-ний шилжих шөнийн 00 минутын орчимд манай сувилагч Ш надад ... тоотод Г гэх хүн ухаан алдчихаад сэрэхгүй байна гэсэн дуудлага ирлээ гэж мэдэгдсэн. Тэгээд би дуудлага аваад л жолоочийн хамт уг хаяг дээр нь очиход хашаан дотор хашааны гол хэсэгт нэг эмэгтэй хүн газар дээр дээшээ хараад толгой нь зүүн хойд зүгт, хөл нь баруун урд зүгт чиглэлтэй хэвтэж байсан ба хажууд нь 8 орчим настай охин болон 5 орчим настай хүүхдийн хамт зогсож байсан юм.... би гэрэл тусгаж хүүхэн харааг шалгахад урвал үзүүлэхгүй байсан ба амьсгалахгүй байсан юм. Тэр шинж нь ерөнхийдөө хүн нас барсаныг нь илтгэж байгаа шинж байгаа юм..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 84 дүгээр хуудас/
Шинжээчийн ... дугаартай: “..Амь хохирогч М.Гын цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний нугасны аалзан хальсан доорх цус харвалт, нугасны эдийн няцрал, их тархины баруун зүүн тал бөмбөлөгийн суурь, чамархай, гадна хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Толгойн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь толгой, хүзүү орчим хатуу мохоо зүйл үйлчлэх буюу цохигдох, мөргөх, өшиглөх зэрэг тохиолдлуудад үүсгэгдэх боломжтой. Амь хохирогчийн цогцост учирсан хүзүүний нугасны аалзан хальсан доорх цус харвалт, нугасны эдийн няцрал, их тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн суурь, чамархай, гадна хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэл байх ба хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, толгойн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч М.Г нь хүзүүний нугас, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан байна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 102- 104 дүгээр хуудас/
Шинжээчийн ...дугаартай: “...Шинжилгээнд “П” гэж хаягласан хуруу шилтэй цус 4 мл орчмыг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “П” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 0,6 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр хуудас/ Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай: “...Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. Б.П нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө ямар нэгэн сэтгэцийн өвчин үгүй байсан болно. Б.П нь одоо ямар нэгэн сэтгэцийн өвчин үгүй байсан болно. Б.П нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-124 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Намайг ороод очиход эхнэр ирчихсэн байсан юм. Тэгээд л би миний уур хүрээд машинаа харж байхгүй орхиод ирлээ гэж би уурлаад эхнэрийг зогсож байхад зүүн талын гуя руу нь нэг удаа өшиглөсөн юм... Гэрийн баруун талын гэрийн буйрны цаад талд очоод зогссон юм. Тэгээд л миний уур хүрээд эхнэрийнхээ зүүн талын шилбэ хавьд нь өшиглөхөд манай эхнэр унаад өгсөн юм. Тэгээд газар уначихаад хэвтээд байхаар нь би цээж хавьд нь нэг удаа өшиглөөд авсан юм. Тэр үед манай охин гарч ирээд намайг аав болиоч ээ гээд хориод байсан. Тэр үед эхнэр газар хэвтэж байсан ба би эхнэрийн урд талд нь зогсож байсан тэгээд л би дахиал эхнэрийнхээ толгойны зүүн талын чамархай хавьд нь нэг удаа өшиглөхөд тас гээд чимээ гарч байсан юм. Намайг толгой руу нь өшиглөхөд эхнэр газар хэвтэж байсан ба дээшээ хараад нуруугаараа газар хэвтэж байхад нь өшиглөсөн юм. Гэтэл хажуу айлын залуу гараад ирчихсэн байсан ба хашаа давж орж ирээд намайг тэврээд авсан юм. Би тэр үед дахиад эхнэрээ өшиглөх гээд өшиглөсөн боловч оноогүй хий өшиглөсөн юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-.128 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас шүүгдэгч Б.Пид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч Б.П нь эхнэр М.Гын хамт 2019 оны 09 сарын 10-ны өдөр ажлын газрыхаа хамт олонтой Зүүнбаян багаас зүүн урагш байх Элсэн манхан гэх газарт очин төрсөн өдөр тэмдэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхнэр М.Гыг ... тоот гэртээ ирсэн байхад нь унаж явсан машинаа эзэнгүй үлдээлээ гэж хэрүүл үүсгэн уурлаж гэрийн гадаа байсан М.Гыг өшиглөснөөс газар бөгсөөрөө суугаад босох үед нь толгойн баруун талд өшиглөж газар унасан хойно нь толгойных нь зүүн чамархай хэсэгт нь 2 удаа өшиглөж хүзүүний нугасны аалзан хальсан доорх цус харвалт, нугасны эдийн няцрал, их тархины баруун зүүн тал бөмбөлөгийн суурь, чамархай, гадна хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, толгойн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулан амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдов. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Бид нарын хувьд Пид гомдолтой байна. Харин Поос нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаач Гын 4 хүүхдийг төрсөн ээж болох М асран хамгаалагчаар тогтоогдон асран хамгаалж хариуцаж байгаа.“гэсэн мэдүүлэг, гэрч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны орой ...яг хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан харанхуй болчихсон байсан. ...бид нарыг гэрт байж байтал манай хажуу айлд амьдардаг Гын охин Гхашаандаа орилж хашгираад байсан. Тэгээд А ах гэрээс гүйж гараад хажуу айлын хашааг давж ороод П ахыг хашаа давуулаад манай хашаа руу шидчихсэн. А ах надад хэлэхдээ наад Поо аваад цаашаа байж бай гэж хэлсэн. Тэгээд цагдаа эмнэлэг дуудаадах гэж манай эхнэр От хэлсэн.... П ах надад хэлэхдээ “наадахыг чинь ална гүйцээгээдэхье" гээд байсан... Ааваа та болиочээ ээжийг алах нь байна ш дээ гэж орилж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...00 цагийн орчим зүүн талын хашаанаас хүн уйлж орилох чимээ гарсан. Тэр үед би хаалгаар хальт шагайхад хөрш айлын П ах бүгдийг чинь гүйцээчихье гээд орилж байгаа сонсогдсон. Би тэгээд буцаад орсон удалгүй ах А түргэн тусламж хурдан дууд Г ухаан алдчихаад сэрэхгүй байна гэж орилсон. Тэгээд би Зүүнбаянгийн эмнэлгийн утас руу залгасан чинь 00:22 цаг болж байсан. Дараа нь хажуу айлын П ахын хүүхдүүдийг нь гэртээ оруулсан тэд нар ярихдаа “аав ээжийн толгой руу хэд хэдэн удаа өшиглөж дэвсээд байсан” гэж хэлсэн, ээж тэгээд ухаан алдсан гэж том охин Гярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 00 цаг өнгөрч байхад миний ... дугаарын утас руу манай хүргэн болох Пийн хажуу айлын охин О өөрийн ... гэсэн дугаараас залгаад “Туул энд гэртээ бие нь муудаад байж байна бид хэд түргэн дуудсан та яаралтай хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд би Огийн утсаар өөрийн зээ охин болох Г.Гтай ярихад “Эмээ хурдан ирээ ээж ухаан алдчихаад босож чадахгүй байна одоо эмч дуудчихсан байгаа та хурдан хүрээд ир гээд” утасны цаана уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Шөнийн 00 цагийн үед байх гэж санаж байна зүүн хашаанд хүүхдүүд уйлалдаад явчихсан тэгэхэд А, У, Б нар надаас түрүүлээд гарсан. намайг очиход А зүүн хашаанд орчихсон нэг хүнтэй зууралдаж байгаад өргөж ирээд хашаа давуулаад миний хажуугаар шидчихсэн. Тэр хүн нь согтуу байгаа бололтой бүгдийг нь гүйцээгээдэхье гээд буцаж хашуу руугаа орох гээд байсан. Тухайн үед гадаа сартай байсан ба уг хашаанд байх гэрээс баруун тийш газар нэг хүн хэвтэж байгаа бололтой харагдсан. ...том охин нь аав ээжийн гар луу нь 2 өшиглөсөн, мөн толгой руу 2 өшиглөсөн гэж ярьж байсан. . гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрээс дүүгээ тэврээд гараад очиход гэрийн баруун талд байдаг цементэн гэрийн суурийн цаад талд ээжийг аав бариад авчихсан харагдсан ба намайг гарч очиход бол бөгс хавьд 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхэд ээж доошоо бөгсөөрөө суугаад гараараа ардаа тулаад буцаад босох гээд сууж байхад аав ээжийн толгойны баруун тал руу өшиглөөд авсан. Тэгээд л ээж хойшоогоо толгойгоороо саваад унасан юм. Тэгээд л ээжийг унахад дахиад л толгойны баруун тал руу аав өшиглөөд авсан юм. Би тэр үед аавыг та болиочээ гээд очих хооронд ийм зүйл болсон юм.... “ гэсэн мэдүүлэг, гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “..2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө ...манай зүүн талын хашаанаас ....жаахан хүүхдүүд уйлалдаад байхаар нь юу болов яав гээд хүргэн Б, У нарын хамт гарч очсон... зүүн хашаан дээгүүр харахад П гэрийнхээ баруун талд байдаг цементэн суурийн баруун талд эхнэрээ зодож байсан. Тухайн үед гадаа сартай байсан ба эхнэр Г нь газар дээшээ хараад хэвтчихсэн нөхөр П нь толгой хэсэгт нь хойд талд нь зогсоод толгой орчимд 1-2 удаа өшиглөж байгаа бололтой харагдсан. Тэгээд л хашааг нь давж ороод шууд Пийг тэвэрч аваад чи яаж байгаа юм бэ эхнэрээ зодоод гэхэд намайг тавьж бай би бүгдийг нь хүйс тэмтэрнэ гээд орилоод байсан.... Миний харсанаар Гыг газар хэвтэж байхад нь 2 удаа толгой орчимд нь өшиглөж байгаа харагдсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 09 дүгээр сарын 10- наас 11-ний шилжих шөнийн 00 минутын орчимд дуудлага аваад л жолоочийн хамт уг хаяг дээр нь очиход хашаан дотор хашааны гол хэсэгт нэг эмэгтэй хүн газар дээр дээшээ хараад толгой нь зүүн хойд зүгт, хөл нь баруун урд зүгт чиглэлтэй хэвтэж байсан.... би гэрэл тусгаж хүүхэн харааг шалгахад урвал үзүүлэхгүй байсан ба амьсгалахгүй байсан юм. Тэр шинж нь ерөнхийдөө хүн нас барсаныг нь илтгэж байгаа шинж байгаа юм..." гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд гэмт үйлдэл, сэдэлт зорилго нь амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг.
Иймд шүүгдэгч Б.Пийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогчийн ээж О.М нь бичиг үсэг мэддэггүй болон биеийн эрүүл мэндийн байдлаас өөрийн төрсөн эгч О.Мыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар хүсэлт гаргасныг харгалзан О.Мыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилон оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар заалтыг зөрчөөгүй байна. Шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь 2019 оны 09 сарын 24-ний өдрийн 5277 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шгдэгч Б.П нь сэтгэцийн хувьд ямар нэгэн вчингй, рийн йлдсэн хэргийг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 23 дугаартай дүгнэлтээр батлагдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 12 жил хорих ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулах талаарх саналыг тус тус харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, үр дагавар, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч 2-14 насны 4 хүүхэд өнчрөн үлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгэж шийдвэрлэлээ. Үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхбайдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. Хохирогчийн 2-12 насны 4 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр О.Мг 2019 оны 09 сарын 23-ны өдрийн А/288 тоот Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын захирамжаар тогтоожээ. Шүүгдэгч Б.П нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар / хх-ийн 118/ тогтоогдож байна. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Пийн өмсөж явсан гэх улаан өнгийн зүүн дээд хэсэгтээ энгэртээ “Доншинг Монголиа” гэсэн бичигтэй ажлын цамц, улаан өнгөтэй өмд, хар өнгийн пүүзэн гутал, хүрэн өнгийн ширэн бүс, амь хохирогч М.Гын өмсөж явсан гялгар материалтай хар эрээн өнгийн урд энгэр хэсэг нь цахилгаантай малгайтай цамц, урд энгэр хэсэгтээ зурагтай, цагаан өнгийн фудболк, бор шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн ягаан оруулга буюу канттай бэлтгэлийн өмд, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн 1 хос углаашийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч Б.П нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Пийн өмсөж явсан улаан өнгийн зүүн дээд хэсэгтээ энгэртээ “Доншинг Монголиа” гэсэн бичигтэй ажлын цамц, улаан өнгөтэй өмд, хар өнгийн пүүзэн гутал, хүрэн өнгийн ширэн бүс, амь хохирогч М.Гын өмсөж явсан гялгар материалтай хар эрээн өнгийн урд энгэр хэсэг нь цахилгаантай малгайтай цамц, урд энгэр хэсэгтээ зурагтай, цагаан өнгийн фудболк, бор шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн ягаан оруулга буюу канттай бэлтгэлийн өмд, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн 1 хос углаашийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Пид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АСҮРЭН
ШҮҮГЧИД Н.АРИУНЖАРГАЛ
Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ