Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Б.С******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С********т холбогдох эрүүгийн 201522000605 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгч Б.С******** нь 2016 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 03-02 тоотод оршин суух иргэн Т.М********ны гэрээс машин механизм хэрэглэн орон байранд нэвтрэн орж бусдын эд зүйл хулгайлж 465.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.С******** нь 2016 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 03-02 тоотод оршин суух иргэн Т.М********ны гэрээс машин механизм хэрэглэн орон байранд нэвтрэн орж бусдын эд зүйл хулгайлж 465.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь

 Хохирогч Т.М********ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-нд шилжих шөнө манай гэрт болон гадаа байсан машины эд ангиуд хулгайд алдагдсан юм....Өглөө эрт хөдөө явахаар шөнө 04 цаг 30 минутын орчим босоод гэрээсээ гартал машины жолооч талын хойд талын хоёр давхар дугуй, барвааны хамт байхгүй байхаар нь машины тэвшин дээрх зүйлүүдээ бүртгэж үзсэн чинь 50 килограммын шуудайтай гурил, 2 запас дугуй зэрэг зүйлүүд байхгүй байсан бас машины кабин дотор байсан улаан өнгийн данхрад байхгүй байсан. Тэгэхээр нь тампор луугаа орж үзсэн чинь хятад модны хөрөө байхгүй байхаар нь гэртээ орж утсаар цагдаа дуудах гээд гар утас тавьсан газраа үзтэл гар утас маань алга болчихсон байсан. Би машины хоёр дугуйг барвааны хамт комоор нь 150.000 төгрөгөөр, 50 килограмм шуудайтай гурилаа 45.000 төгрөгөөр, хоёр запас дугуйгаа нэгийг нь 30.000 төгрөгөөр /нийлээд 60.000 төгрөг/ хятад улсад үйлдвэрлэсэн модны хөрөөг 60.000 төгрөгөөр, улаан өнгийн данхрадаа 20.000 төгрөгөөр, Ноте-1 маркын гар утсаа 150.000 төгрөгөөр үнэлнэ...Нөхөр бид хоёр унтахдаа хаалгаа цоожлоогүй унтсан. Тэгсэн харин хулгай орчихсон байсан. С******** нь манай хамаатны хүн юм. Хулгай хийсэнд нь гайхаж л байна. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би алдсан эд зүйлсээ бүгдийг нь эргүүлж бүрэн бүтнээр олоод авчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 39-р тал/

Насанд хүрээгүй гэрч Ц.Пэрэнлэйдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр орой би С******** ахтай хамт гадуур явж байгаад С******** ах дэлгүүрээс хоёр том савтай пиво аваад тэгээд тэрийг нь уугаад би согтоод мапшнд нь тасраад унтчихсан байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь С******** ах намайг сэрээгээд гэртээ ирчихлээ орж унтъя гэсэн. Тэгээд би гэртээ орж унтаад байж байтал өглөө цагдаа нар манай гэрт очсон. Би М********н эгчийнхийг мэднэ. Манай ээжийн талын хамаатан болох айл байгаа юм....С******** ах бид хоёр тэдний гэртээ ойролцоо 9 дүгээр хорооны хамгийн урд талын гудамжны тэнд пивоо ууж байсан юм...Би С******** ахыг М********н эгчийнхээс хулгай хийснийг мэдээгүй. Өглөө цагдаа нар ирэхэд л мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/

Гэрч Д.Цэндсүрэн, Н.Баянмөнх, С.Баттогтох нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12, 40-41-р тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-38-р тал/ Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 14-р тал/ Авто машин үнэлсэн тайлан /хх-ийн 44-р тал/

 Шүүгдэгч Б.С********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би төрлийн дүү Пэрэнлэйдоржтой хамт орой гадуур явж байгаад 9 дүгээр хорооны үзүүрийн дэлгүүрээс 2 ширхэг том савтай пиво тэр хавьдаа ойрхон уучихаад 09-03-02 тоотод байрлах төрлийн эгч М********н эгчийн гэрт хонохоор бид хоёр хамт очсон юм. Тэдний гэрт очиход хүн байхгүй, гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь гэрт нь орсон чинь харанхуй хүнгүй байх шиг болохоор нь гал тогооны өрөөний эргэнэгэн дээр байсан гар утсыг аваад гэрээс гарахдаа тампорт байсан дружба хөрөөг авсан. Тэгээд гадаа гарч ирээд машины хойд хоёр дугуйг барвааны хамт тайлж аваад машины тэвшин дээр байсан шуудайтай гурил, хоёр запас дугуй, машины кабинаас улаан өнгийн данхрад зэргийг аваад өөрийнхөө машин дээр ачаад 13-р хороонд байх Пэрэнлэйдоржийн гэрт очсон. Пэрэнлэйдорж машин дотор унтаж байсан болохоор намайг хулгай хийж байгааг мэдээгүй байх. Би хулгай хийж дуусчихаад дугуй ач гэсэн чинь ачилцаж өгсөн. Ямар учиртай дугуй ачиж байгааг ч мэдээгүй байх...Би хулгай хийхдээ ашигласан машинаа Батаа гэх хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Энэ машиныг би хэрэгт холбогдсоныхоо дараа хөдөө явж байгаад онхолдчихсон. Машинаас маань авах юм юу ч үгүй болсон. Би хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь эзэнд нь буцаагаад өгчихсөн. М********н эгч одоо ямар нэгэн гомдол, саналгүй гэсэн. Би уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан. Би пиво уугаад согтчихсон байсан болохоор л хулгай хийчихлээ Тэрнээс өөрөөр хулгай хийх шалтаг шалтгаан байгаагүй юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар машин механизм хэрэглэн орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000605 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.С******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохироо сайн дураараа нөхөн төлж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Т.М********нтай эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.С********т ял шийтгэл оногдуулахдаа Түнэл сумын Булаг багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгч Б.С********ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1993 онд үйлдвэрлэсэн Бонго Жи-2 маркийн 48-12 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.С********аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 201622000605 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Онход овогт Б********ны С********ыг машин механизм хэрэглэн орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.С********ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.С********т оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.С********т оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Б.С********ын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1993 онд үйлдвэрлэсэн Бонго Жи-2 маркийн 48-12 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Б.С********аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С********ын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ