| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0862/И |
| Дугаар | 862 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 862
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2017/00862 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, Жаргалант багт оршин суух Боржигон овогт Чогжидын Бямбадорж /НП58020581/-ын
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, 1-р баг, Жаргалант, зүүн бүрх гэх газар оршин суух, Боржигон овогт Гомбын Давааням /НП61062103/,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Давааням, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Бямбадорж нь 1958 онд төрсөн. Сургуульд сурч байгаагүй, эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. Тэтгэвэрт гарах гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээрх овог зөрсөн, зарим тушаал шийдвэр архиваас олдохгүй байх тул шүүхээр ажилласан жил, бичиг баримтын зөрүүг арилгуулахаар хандаж байна. Түүний 1987 оны 02 срын 19-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр дээрх овог Сүхбаатарын Бямба гэснийг Чогжидын Бямбадорж болохыг тогтоож, Улаанбаатар нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл малчин байсан 10 жил 10 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү. гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Бямбадорж нь ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ч.Бямбадорж нь Улаанбаатар нэгдлийн захиргаанаас 1987 оны 02 сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чогжидын Бямбадорж болохыг тогтоож , мөн Улаанбаатар нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
дугаартай лавлагаанд ... өрхийн тэргүүн Чогжидын Бямбадорж эмэгтэй, 1958 оны 02 сарын 05-нд төрсөн ... гэх бичилт,
- Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 102/003756 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ... 1958 оны 02 сарын 05-ны өдөр төрсөн охин Чогжид овогт Бямбадоржийн 2-т бүртгэгдсэн .. гэх бичилт,
2017 оны 02 сарын 06-ны өдрийн 102/003939 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд . Зундуйн Сүхбаатар, Гомбожавын Чогжид нарын 1960 оны 12 сарын 25-нд гэр бүл болсныг бүртгэсэн бүртгэл,
иргэний үнэмлэхийн хуулбарт ... Боржигон овогт Чогжидын Бямбадорж, рдНП58020581/ гэх бичилт,
малчнаар томилох тухай тушаалд ... Сүхбаатарын Бямбааг 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс малчнаар томилсугай .. гэх бичилт,
ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалд .. хавсралтын 12 дугаарт С.Бямба хоньчин .. гэх бичилт,
Ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаалд .. хавсралтын 46 дугаарт С.Бямбаа, хоньчин .. гэх бичилт,
Хэрлэн бригадад малчнаар 1981 оноос 1991 он хүртэл тасралтгүй ажилласан. Бид эх нэгтэй, би төрсөн ах нь байна. Ээж Сүхбаатар гэдэг хүнтэй намайг 6 настай байхад суусан. Ч.Бямбадорж 1 настай байсан. Би сургуульд ороод ээжтэйгээ суусан хүнээрээ буюу аав Сүхбаатараар овоглосон. Ч.Бямбадорж сургуульд сураагүй, багаасаа ээж Чогжидоор овоглож байсан болохоор одоо хүртэл ээжээр овоглож явдаг. Хөдөлмөрийн дэвтэр, тушаал, шийдвэр дээр Сүхбаатар гэх овгоор бичигдсэн байсан. Ч.Бямбадоржийг хүмүүс Бямбаа гэж дууддаг байсан. Одоо ээж Чогжидоор овоглоод Чогжидын Бямбадорж гэж явдаг нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Гэрч С.Цогтсайхан: Ч.Бямбадорж нь 1981 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн бригадын малчнаар тасралтгүй 1991 он хүртэл ажилласан. Ч.Бямбадоржийн аавыг Сүхбаатар гэдэг, ээжийг нь Чогжид гэдэг, Ч.Бямбадоржийг хүмүүс бүгд Бямбаа гэж дууддаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр аав Сүхбаатараар овоглогдсон байсан. Тухайн үеийн боловсон хүчнүүд аавыг нь таньдаг, аавтайгаа амьдардаг байсан болохоор Ааваар нь овоглоод бичсэн байх, уг нь ээж Чогжидоор овоглодог, Чогжидын Бямбадорж болох нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Улаанбаатар нэгдлийн захиргаанаас 1987 оны 02 сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дээрх Сүхбаатар гэх овог нь түүний НП58020581 регистрийн дугаартай Боржигон овогт Чогжидын Бямбадорж гэх иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг эрх зүйн бичиг баримтууд дээр бичигдсэн овогтой зөрүү бичигдсэн нь тогтоогдож байгаа, мөн түүний ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Улаанбаатар нэгдлийн захиргаанаас 1987 оны 02 сарын 19-ний өдөр олгосон Ногоон өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь НП58020581 регистрийн дугаартай Боржигон овогт Чогжидын Бямбадорж мөн болохыг тогтоож, тус дэвтрийн 2, 3, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 дах талд бичигдсэн бичилт болон Улаанбаатар нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 25-ны өдрийн 22 дугаартай малчнаар томилох тухай тушаалд ... Сүхбаатарын Бямбааг 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс малчнаар томилсугай .. гэх бичилт зэрэг дээрх нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс анх ажилд орсон өдрийг тогтоож зөрчигдсөн эрх ашгийг тус тус сэргээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Чогжидын Бямбадорж /НП58020581/-нь Улаанбаатар нэгдлийн захиргаанаас 1987 оны 02 сарын 19-ний өдөр олгосон Ногоон өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Түүний Улаанбаатар нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР