Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0309/Э/Н

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Х.Аж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт М.Ад холбогдох эрүүгийн 2018000000107 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт М.А /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч М.А нь ...... оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар багийн .... .... дүгээр гудамжны ..... тоотод иргэн Х.Ажыг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний зүүн болон баруун хажуу хэсэг, хэвлийн зүүн өмнө дээд хэсэг, баруун бугалга, зүүн гарын 2 дугаар хуруу дахь зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр “.....” төвийн орчим иргэн Б.Бын зүүн бугалгад хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Агийн өгсөн: Ажтай энд тэнд таарахаараа маргалдаад байсан тул хутгалсан. Б нь автобусны буудал дээр байхад ирээд дарамтлаад байхаар нь хутгалсан. Эмчилгээний зардлыг төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Ажы өгсөн: Шинийн гуравны орой 5 цагийн үед байх би хамаатнуудтайгаа жаахан архи уугаад хаалгаа түгжихээ мартаад унтаж байсан. Гэтэл гэнэт халуу дүүгээд сэртэл энэ намайг хутгалсан байсан. Тэгээд гутлаа өмсөөд араас нь гүйгээд очиход гүүрний хажууд Короно вирусийн хамгаалалтад зогсож байсан цагдаад баригдчихсан, гавлуулчихсан “би хүн алчихлаа” гээд байж байсан. Тэгээд би нэг мэдэхэд эмнэлэгт оччихсон оёдол хийлгээд байж байсан. Эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Надад эмчилгээний зардал 400.000 төгрөг өгсөн. Би одоо энэ хүнд гомдол байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Ц.Гтын өгсөн: ...Аж бид 2 унтаж байхад гаднаас хүн орж ирсэн. Аж нэг хүнтэй барьцалдаад авчихсан зогсож байхаар нь салгахад тэр хүн дуугүй гараад явсан. Тэгтэл Аж нь “намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн ба гараас нь цус гараад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Гэрч Н.Тын өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад нэг согтуу залуу ганцаараа ирээд “би хүн хутгалчихлаа” гэхээр нь хаана юу болсон гэж асуутал халааснаасаа хутга гаргаад шидсэн. Тэгэхээр нь би гарыг нь гавлаж байхад бас нэг өндөр залуу ирж “намайг хутгалчихлаа” гээд цамцаа тайлаад шидсэн. Хутга нь бор өнгийн үзүүр нь шовх байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр байх... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,

Шүүгдэгч М.Агийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,

20 сантиметр урттай, бариул хэсэг нь 12 сантиметр, бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг нь 8 сантиметр урттай, үзүүр хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаартай “Х.Ажы биед цээжний зүүн болон баруун хажуу хэсэг, хэвлийн зүүн өмнө дээд хэсэг, баруун бугалга, зүүн гарын 2 хуруун дахь зүсэгдэж хатгагдсан шарх, доод уруулын салстын язарсан шарх тогтоогдлоо. Х.Амарсайханы биед илэрсэн цээжний зүүн болон баруун хажуу хэсэг, хэвлийн зүүн өмнө дээд хэсэг, баруун бугалга, зүүн гарын 2 дугаар хуруу дахь зүсэгдэж хатгагдсан шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн хүчин зүйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.Ажы биед учирсан доод уруулын салстын язарсан шарх нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй. Х.Ажы биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,

”Х.Ажы баруун бугалга доод хэсэгт 3 сантиметр орчим зүсэгдсэн зүүн цээжний дээд, доод, урд хэсгүүдэд хатгагдсан шархнуудтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31/,

Шүүгдэгч М.Агийн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 40/,

Хохирогч Б.Бын өгсөн: ...А зөрөхдөө Давааг дуудахаар нь би “чи яахаараа Давааг дуудчихаад намайг дууддаггүй юм бэ?” гэхэд “чамайг дуудаж яах юм” гээд А надтай үг сөрөөд зодолдох гэхэд Жагаа болиулах гэсэн. Тэгтэл А миний зүүн гарын бугалга хэсэгт хутгалчхаад яваад өгсөн. Эхлээд би хутгалуулснаа мэдээгүй. Цус гараад ирэхээр нь би “чи хутгалчхаж байгаа юм уу” гэхэд хар иштэй хутга барьчихсан цаашаа яваад өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/,

Гэрч Б.Дийн өгсөн: ...тэгэхээр нь би очиж салгахад А цаашаа явсан бөгөөд Бын зүүн гар нил цус болоод цус урсаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 143/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Шинэ орчин” төвийн урд хэсэгт Сэлэнгийн буудал гэх газрын төмөр хашлаганы дэргэд байх... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 135-138/,

Хэргийн газраас хураан авсан хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 139/,

Б.Бын зүүн бугалгын гадна дээд хэсэгт хөндлөн 3 сантиметр шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 147-148/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 498 дугаартай “Б.Бын биед зүүн бугалгад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин зүйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Бын биед үүссэн зүүн бугалгын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд буюу 4 долоо хоног хүртэл сарниулна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 149-150/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Агийн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Хараагийн 1 дүгээр гудамжны 1 тоотод иргэн Х.Ажыг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний зүүн болон баруун хажуу хэсэг, хэвлийн зүүн өмнө дээд хэсэг, баруун бугалга, зүүн гарын 2 дугаар хуруу дахь зүсэгдэж хатгагдсан шарх, доод уруулын салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ орчин” төвийн орчим иргэн Б.Бын зүүн бугалгад хутгалж эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ажы эрүүл мэндэд цээжний зүүн болон баруун хажуу хэсэг, хэвлийн зүүн өмнө дээд хэсэг, баруун бугалга, зүүн гарын 2 дугаар хуруу дахь зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Бын зүүн бугалгад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Х.Ажы эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн, хохирогч Х.Аж болон Б.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Х.Ажы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад эмчилгээний зардал 400.000 төгрөг өгсөн. Би одоо энэ хүнд гомдол байхгүй” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч Б.Бын “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/-ээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь өндөр настай, бие муутай ээжийн хамт амьдардаг ба ажил хөдөлмөр эрхэлж ээжийнхээ эм тарианы мөнгийг залгуулж, амьдралаа авч явдаг, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг хийсний дараа өөрийгөө илчилж ирсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч М.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163/-аар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Х.Ажыг хутгалсныхаа дараа цагдаад “би хүн хутгалчихлаа” гэж өөрийгөө илчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 33 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялаас 495.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 305.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан 305.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Аг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агийн цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаас 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР