Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 864

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2017/00864

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 3-р баг, Баянхошуу 12 гудамж, 22 тоотод оршин суух Бэсүд овогт Банзрагчийн Уранчимэг /НЭ69022403/-ын

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уранчимэг нь Төв аймгийн Барилга угсралтын трест 1987 оны 07 сарын 07-ны өдрөөс илгээлтээр Заслын бригадад засал чимэглэлчнээр анх ажилд орж 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Түүний Оргил ХК болж хувьчлагдсан үеийн ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж үгүй болсон тул цуглуулсан нотлох баримтыг минь үндсэлэн Б.Уранчимэгийн Төв аймгийн Барилга угсралтын триестэд 1987 оны 07 сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  Б.Уранчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Уранчимэг нь Төв аймгийн Барилга угсралтын триестэд 1987 оны 07 сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:

 

- БНМАУ-н Улсын барилгын хорооны харъяа Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 07 сарын 07-ны өдрийн 165 дугаартай ажилд томилох тухай тушаалд .. хавсралтын 7 дугаарт Банзрагчийн Уранчимэг, Заслын бригадад илгээлтээр ирсэн ажилчид .. гэх бичилт,

 

  • Оргил ХК-н гишүүдийн нэрс 1991 оны 01 сарын 02-ны өдөр 66 дугаарт

Банзрагчийн Уранчимэг, Засал чимэглэлчин .. гэх бичилт,

 

  • Гэрч Ш.Дуламсүрэн: Б.Уранчимэг нь Төв аймгийн Барилга угсралтын триестэд

1987 оноос 1992 он хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

 

  • Гэрч Ж.Дуламсүрэн: Төв аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 07

сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байсан үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Б.Уранчимэг нь хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

Б.Уранчимэгийн Төв аймгийн Барилга угсралтын трестэд 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байна.

 

Харин түүний БНМАУ-н Улсын барилгын хорооны харъяа Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 07 сарын 07-ны өдрийн 165 дугаартай ажилд томилох тухай тушаалын .. хавсралтын 7 дугаарт Банзрагчийн Уранчимэгийг Заслын бригадад илгээлтээр ирсэн, 9 ажилчдыг 1987 оны 07 сарын 07-ны өдрөөс туслах ажилчнаар томилсугай.. гэх бичилтийг үндэслэн ажилд анх орсон өдрийг нь тогтоож, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байдал, 1991 оны 01 сарын 02-ны өдрийн Оргил ХК-н гишүүдийн нэрсийн жагсаалтын 66 дугаарт Банзрагчийн Уранчимэг, Засал чимэглэлчин .. гэх бичилтийг тус тус үндэслэн 1991 оны 12 сарын 31-ний өдрийг ажлаас гарсан өдрийг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэсүд овогт Банзрагчийн Уранчимэг /НЭ69022403/-н Төв аймгийн Барилга угсралтын триестэд 1987 оны 07 сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж  байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   А.ЭНХТӨР