| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.*******бат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******эд холбогдох 2132000460045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Тайлжийн нуруу” ХХК-ны захирал ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын"""""""""""""""""" тоотод оршин суух хаягтай. Ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Зурхайч овогт ******* Бямбасүх /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг “Дэнжийн 2-27” тоотод байх “Түнхэл-Итэм” ХХК-ны хашаанд буулгаж хураасан мод нь нурж, улмаар тэнд тоглож байсан 5 настай, эрэгтэй, ******* нь модонд даруулж, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 13-ы өдөр “Түнхэл Итэм” ХХК-ны захирал С.******* хашаанд мод буулгахаар болж байгаль орчны албанаас шаардсаны дагуу албан ёсоор гэрээ хийсэн. Тэр хашаа нь барьсан хашаагүй мөн хаалгагүй байсан, тэр хашааг нь би барьж, янзалж өгнө гэж хэлж тохироод би өөрийн гуалин модоо хураасан юм. Модоо уг хашаанд буулгаж эхлээд 10 гаруй хонож байсан. Газар хөлдүү байсан болохоор модоо буулгаж байгаад дараа нь янзална гэж бодож явж байтал 5 настай хүүхэд модон дээр нь тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан, ...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.
Эрүүгийн 2132000460045 тоот хавтаст хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн орчимд гэртээ эд зүйлээ угааж цэвэрлээд сууж байхад гаднаас талийгаачийн найз ******* орж ирээд “эгчээ ******* модонд цохиулчих шиг боллоо” гэж надад хэлэхээр нь би гэрээсээ гараад С.Батсүх эгчийн модны рамын хашаа руу ороход хашааны гол хавьцаа бөөрөнхий гуалин модны урд хэсэгт талийгаачийн хамар, ам хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд талийгаачийг тэвэрч Сумын нэгдсэн эмнэлэг рүү очиж эмчид үзүүлэхэд талийгаачийг өнгөрсөн байна гэж хэлсэн. ...С.Батсүх эгчийн хашаагаар дамжиж иргэд гарч ордог байсан, хаалга байхгүй болохоор...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. “Түнхэл-Итэм” ХХК-аас буяны ажилд зориулж 7,000,000 төгрөг өгсөн....Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ хоёр компанийн нэрийг андуурч хэлсэн байна лээ. “Тайлжийн нуруу” ХХК-ны захирал ******* эгч талийгаачийн буяны ажил явдалд зориулж 7,000,000 төгрөг өгсөн. “Түнхэл –Итэм” ХХК-ний захирал Б.Батсүх эгч талийгаачийн буяны ажилд 1,000,000 төгрөг өгсөн. Нийт буяны ажил явдалд 8,000,000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй....Шүүх хуралд оролцох шаардлагагүй ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20, 22 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Хашаанд ороход мод зүсээгүй том хүн байхгүй болохоор нь *******ын хамт модон дээгүүр гүйж тоглосон. Тэгээд тоглож байгаад жоохон амрахаар хашааны гол хавьд байх хураалттай модон дээр сууж байсан чинь ******* “би гэртээ очоод хоол болж байна уу харчхаад хүрээд ирье чи сууж байгаарай” гэж хэлээд ******* босоод модон дээгүүр нь алхаад явж байх үед *******ын араас 3 ширхэг хөндлөн далий мод өнхөрсөн. Тэгсэн хоёр мод нь өнхрөхөө болиод зогссон, нэг мод нь *******ыг оносон. Би сандраад *******аа гээд орилоод хажууд нь *******ын толгой хэсэг дээр нь мод дарсан, хамраас нь цус гарсан, доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд манай найз Ц.Энхтайван, Борко, *******-******* нар ирсэн. Найз ******* буухдаа хөндлөн далийн байсан хамгийн доод талын модон дээр гишгэсэн чинь *******ын араас гишгэсэн мод нь өнхөрсөн. Өнхөрсөн модных нь араас арын хоёр мод бас жоохон өнхөрч байгаад зогссон....Өмнө нь орж тоглодог байсан. Хүүхдүүд зөндөө хашаанд нь тоглодог байсан. Өмнө жил С.Батсүх эгчийн хашаанд мод байхгүй байсан. Энэ жилээс хашаанд нь мод байдаг болсон....Мод байхгүй үед хашаанд нь гүйж, гулгаж тоглодог байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Энхтайван мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..... тэгээд найз Борко, *******-******* бид гурав С.Батсүх эгчийн рамын хашаанд ороход хураалттай байсан модон дээр найз *******, ******* хоёр модны дээр сууж байсан. Тэгэхээр нь бид гурав *******, ******* хоёр дээр очих гээд өөр модоор дамжаад гүйж байсан чинь ******* “*******баяраа” гээд орилох шиг болсон. Тэгээд Борко, *******-******* бид 3 гүйгээд очиход ******* модонд даруулсан байсан. Бид гурав *******ыг дарсан модыг өргөсөн чинь *******ын толгой хэсгээс маш их хэмжээний цус гарсан байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч С.Батсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Уг хашаа манай компанийн эзэмшлийн хашаа. Миний нэр дээр байдаг. “Тайлжийн нуруу” ХХК-ны захирал ******* Бямбасүхтэй 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Ажил гүйцэтгэлийн гэрээ” байгуулж, ******* манай хашааг ашиглан мод буулгаж байсан. 2019 оны 08 дугаар сараас хойш манай хашааны хаалга байхгүй болсон. Үйл ажиллагаа явуулахгүй байсан учир харуул хамгаалалтын ажилтан байгаагүй. “Тайлжийн нуруу” ХХК-ны захирал *******тэй байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээнд тусгагдсаны дагуу байнгын харуул хамгаалалтын ажилтан байлгах зорилготой манай хашаанд байх хоёр давхар байшингийн засвар үйлчилгээг ******* хийж байсан. Манай хашаанд буусан *******ийн мод анх бууснаараа байсан. Үйл ажиллагаа явуулаагүй байсан. Өнхрөх, нурахаас урьдчилан сэргийлэх зүйл хийгээгүй байсан. Уг өдөр харуулын байр янзалж байсан Оргил, Касем нар цайндаа явсан хойгуур хүүхдүүд орж тоглож байгаад модонд даруулж нас барсан байсан. Манай хашаа хаалгагүй учир хүүхдүүд орж тоглож харагддаг. Би хүүхэд тоглож байх болгонд нь хүүхдүүдийг гаргадаг байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .... Би С.Батсүх эгчийн “Түнхэл-Итэм” ХХК-ний хашаанд 82 машин мод буулгаж, уг модыг түр хадгалах зорилготой буулгаж байсан. Тухайн хашаанд хүүхэд буулгасан модон дээр тоглож байгаад модонд даруулж нас барсан...Уулнаас модтой машин орж ирж уг модыг буулгасан. Би тухайн үед модыг өнхрөх, нурахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь миний буруу...Миний буруутай үйл ажиллагаа боллоо. Маш их харамсаж гэмшиж байна.... гэх мэдүүлэг /ХХ-ийн 68-69 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаартай “*******ын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духны зүүн тал цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархайг холбосон суурь ясны хугарал, баруун чамархайд цусан бүлэн, хуйхны дотор гадаргуу, дух, зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд модонд хүчтэй цохигдох, мод толгой хэсэгт унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач *******ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач ******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №18-06-018/11 дугаартай “1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ” гэж зааснаас үзэхэд ******* нь хураалттай модон дээр гүйж тоглож байгаад осолдсон тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй. 2.1 Модыг нурахаас хамгаалсан хэрэгслээр тоноглоогүй нь Хөдөлмөр хамгаалал, мод бэлтгэлийн ажил, аюулгүй ажиллагааны шаардлага УСТ 3511-83 стандартын 6.7.6 дугаар зүйлийн ё-д заасан “шигүү, шигүү эгнүүлсэн, багцалсан штабелийн гуалинг нурахаас хамгаалсан хэрэгслээр тоноглох ба уг хэрэгсэл байхгүй тохиолдолд 35 градусаас ихгүй налуугаар хураасан байна”, ачаа буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 стандартын 2.11-т заасан “Нуранги ачааг тухайн ачааны гулсалтын өнцгөөс багагүй налуутай буюу бэх бат хийцийн хаалтаар хашиж хураасан байна”, 2.19-т Модон материал ачиж буулгадаг ажлын байрыг мод өнхрөхөөс хамгаалж төхөөрөмж, хэрэгслээр тоноглосон байна гэсэн заалтуудыг, 2.2 Мод буулгаж буй талбай анхааруулах дохио, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 стандартын 2.2-т заасан “Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна” гэсэн заалтыг, 2.3 Мод бууж буй хашааг битүүлээгүй, онгорхой байлгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан “Үйлдвэрлэлийн ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг арилгах” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Хариулт 2-т тодорхой хариулсан болно. 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж зааснаас үзэхэд “Тайлжийн нуруу” ХХК-ний захирал нь хариулт 2-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 119 дүгээр хуудас/, Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 124 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг “Дэнжийн 2-27” тоотод байх “Түнхэл-Итэм” ХХК-ны хашаанд буулгаж хураасан мод нь нурж, улмаар тэнд тоглож байсан 5 настай, эрэгтэй, ******* нь модонд даруулж, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20, 22-р хуудас/, насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч С.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/, яллагдагч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 68-69 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №22-дугаартай дүгнэлт /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №18-06-018/11 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, мөн шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба “Түнхэл-Итэм” ХХК-аас 7000000 төгрөг, “Тайлжийн нуруу” ХХК-аас 1000000 төгрөг нийт талийгаачийн оршуулгын зардалд 8000000 төгрөг төлсөн байна.
Гурав.Шүүгдэгч *******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг “Дэнжийн 2-27” тоотод байх “Түнхэл-Итэм” ХХК-ны хашаанд буулгаж хураасан мод нь нурж, улмаар тэнд тоглож байсан 5 настай, эрэгтэй, ******* нь модонд даруулж, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд мөн хохирол, төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зурхайч овогт ******* Бямбасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.