Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

А.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Эрдэнэзаяа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1756 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806004612062 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт А-ын Э-, 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:МЙ95032713/,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

А.Э- нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелын орчимд иргэн Б.Санчир-Очиртой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А-ын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Э-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Санчир-Очир нь хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Э-гаас хохирол нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Э- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би  хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Төмөр замын байгууллагад ажилд орж байгаа тул 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг торгох ялаар солихгүй” гэж заасан байгаа учраас шүүгдэгч А.Э-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч А.Э- нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелын орчимд иргэн Г.Жамбалсүрэнтэй маргалдаж, улмаар заамдалцах үед тэр хоёрын маргааныг салгахаар дундуур нь орсон Б.Санчир-Очирын нүүрлүү гараараа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул дотор талын салстын язрал, цус хуралт, доод уруул дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Санчир-Очирын “...Жамбалсүрэн уурлаад тэр хоёр заамдалцаад авахаар нь голоор нь ороод салгаад сүүлд танилцсан залуугийн нэг гарыг бариад автал миний нүүррүү нөгөө гараараа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гоожсон. ...” гэх мэдүүлэг /хх 12/,

гэрч Г.Жамбалсүрэнгийн “…Тэр үед нөгөө сүүлд танилцсан залуу “чи гурван охин явуулчихлаа гэж хэлээд надруу дайрсан. Тэр үед миний найз Санчир-Очир голоор орж ирээд бид хоёрын маргааныг салгах гээд нөгөө залууг бариад авхад тэр залуу Санчир-Очирын хувцсыг нь ураад бас нүүр лүү нь цохиод зодсон. ...” гэх мэдүүлэг /хх 16/,

А.Э-гийн яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр би найз Амарбаясгалангийн гэрт архи уугаад, тэднийхээс гараад гэрлүүгээ харих гээд ганцаараа такси бариад гэртээ харих гэж явж байгаад бааранд ормоор санагдаад Сансарын тунелийн тэнд таксинаас буусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход би хоёр залуутай маргалдаж байсан. Намайг газар унагаагаад миний дээрээс цэвэр ус асгаж байсан. Би босч ирээд нэг залууг нь 1-2 удаа гараараа цохисон. Өөр зүйл санахгүй байна. …” гэх мэдүүлэг /хх 45/,

 “...Б.Санчир-Очирын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1229 дугаартай дүгнэлт /хх 23/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

Шүүгдэгч А.Энх-Самбуу нь хохирогч Б.Санчир-Очирын нүүрлүү гараараа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул дотор талын салстын язрал, цус хуралт, доод уруул дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Энх-Самбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Э-гийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн...” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр дуусчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.Энх-Самбууд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан” гэж  бичин гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, хэргийн талаархи нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, хохирогчийн хаана, хэрхэн яаж цохисноос ямар гэмтэл учирсан талаархи хэргийн үйл баримтыг тодорхой дүгнэн бичих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дараалалаар хэргийн үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийж байхыг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1756 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Боржигон овгийн Асралтын Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН