Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0595

 

Б.С*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н******* нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.С*******гийн нэхэмжлэлтэй, Г*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С******* шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Т.Э*******г тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтнээр томилсон хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5090000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж өгнө үү” гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан “Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалын тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэнээр Т.Э*******г томилсон хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалд Б.С*******г томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5090000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх тухай” Б.С*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.С******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь миний ажиллаж байсан ажлын байр нэршил орон тооны бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон ч ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн.

Гэтэл ижил төстэй чиг үүргийг гүйцэтгэдэг төрийн захиргааны албан хаагчийн орон тоонд төрийн жинхэнэ албан хаагч биш хүнийг ажиллуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсгийг тус тус ажил олгогч зөрчсөн байхад анхан шатны шүүх намайг төрийн албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” А/127 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтэн Б.С*******г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Б.С******* дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “...Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/127 дугаар тушаалаар Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байр нь нэршлийн хувьд байхгүй болсон ч дээрх тушаалаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний 2 албан тушаалын чиг үүрэг миний эрхэлж ажлын байрны чиг үүрэгтэй адил байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц өөрчлөгдөхөд миний ажлын байрны нэр өөрчлөгдөж, ажил үүргийн хуваарь хэвээр үлдсэн. Гэтэл уг албан тушаалд үйлчилгээний албан хаагч Т.Э*******г ажиллуулж байгаа нь хууль бус байх бөгөөд би Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан баталгаагаар хангагдах ёстой...” гэж маргасан байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “...Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б/09 дүгээр тушаал гаргаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр намайг томилохгүйгээр үйлчилгээний албан хаагч Т.Э*******г томилсон учир уг тушаалын Т.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[1] байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” А/127 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тоог нийт 22 байсныг өөрчлөөгүй, харин бүтэц, орон тоог дахин өөрчлөх үед Б.С*******гийн ажиллаж байсан Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаал нэршлийн хувьд байхгүй болж, түүний хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хэрэгжүүлэх болсон нь хэрэгт авсан ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Гэтэл Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр Т.Э*******г томилсон[2] байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах”-аар, 27.2.4-д “төрийн байгууллага ...өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу ...хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах”-аар зохицуулжээ.

Гэтэл хариуцагч байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхдөө тухайн байгууллагын орон тоо цөөрөөгүй байхад ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах боломж байгаа эсэхийг анхааралгүйгээр “албан тушаалын орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Б.С*******тэй адил байдлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Т.Э*******г Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилж, Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэгжүүлсэн байна.

Тодруулбал, хариуцагч Г******* 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр А/19 дүгээр тушаал[3]-аар тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчдын бүтэц, орон тоог батлахдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 2 байхаар баталсан атлаа тус 2 орон тооны 1 дээр нь уг хэлтэст хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч Т.Э*******г томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасантай тус тус нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаал[4]-аар Б.С*******г Мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ТҮ-7-1 шатлалаар цалинжуулан ажиллуулж байгаад 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаал[5]-аар төрийн албаны шалгалтад тэнцсэн гэсэн үндэслэлээр мөн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилж, ТЗ-5-1 шатлалаар цалинжуулсан, улмаар төрийн захиргааны албан тушаалд томилсон туршилтын хугацаа дууссан ч түүнийг үргэлжлүүлэн ажиллуулснаас үзвэл түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээр байх тул хариуцагчийн “Б.С******* нь тус хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хийж байгаагүй, мэргэжлийн боловсрол сургалт, түр сургалт хариуцсан мэргэжилтэн гэх өөр албан тушаалын ажил хийж байсан. Төсөл хөтөлбөр хариуцсан 2 мэргэжилтний албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн. Б.С******* нь төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан үйлчилгээний албан хаагч” гэх тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болох”-оор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.С*******гийн мөн албан тушаалд томилогдсон 3 сарын туршилтын хугацаа өнгөрсөн байхад түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилоогүй хариуцагчийн буруутай үйлдэл байх тул түүний дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Ийнхүү хариуцагч нь байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, хэрэв орон тоо хасагдсан бол цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд ажиллуулах зэрэг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангах арга хэмжээг авалгүйгээр төрийн жинхэнэ албан хаагч Б.С*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Т.Э*******г Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Б.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Б.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/09 дүгээр тушаалын Т.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.С*******г тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагч Г*******д даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С*******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5090000 /таван сая ерөн мянга/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Г*******д даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН