Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/484

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

            Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяраа,

            Хохирогч байгууллагын өмгөөлөгч Э.Билэгсайхан,

Шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч М.Намжилжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  ................. холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020588 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 13-84 тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  .........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.У нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баттрейд Си” ХХК-нд борлуулагч хийж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн борлуулалтын орлого 24.267.930 төгрөг буюу үлэмж хэмжээний орлогыг хувьдаа завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би анх 2016 оны 10 дугаар сарын эхээр “Баттрейд Си” ХХК-д ажилд орсон. Анх тус компанид 14 хоног дагалдан ажилчнаар ажилласан. Намайг тус компаниас 24.267.930 төгрөгийг завшсан гэж буруутгаж байгаа. Мөрдөн байцаах шатанд би айж сандраад тус мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Харилцагч нарын данснаас миний данс руу 8.0 сая төгрөг шилжсэн байдаг. Надад тулгаж байгаа 24.267.930 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт миний гарын үсэггүй 2 ширхэг зарлагын падаан байдаг…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2016 оны 09 сарын 15-аас хойш “Баттрейд Си” ХХК-д борлуулагчаар ажилласан ба 24.267.930 төгрөгийн дутагдлыг гаргасан нь үнэн, эхний борлуулалтын дутагдлыг дараагийн орлогоосоо нөхөж явсаар байгаад дээрх дутагдалд хүрсэн. Ажилд ороход машинтай байх шаардлага тавьсан, би таньдаг ахаасаа хувь лизингээр “старикс” гэдэг машин 7.0 сая төгрөгөөр авсан байсан. Ажилдаа ороод зээлээ төлөх болсон тул барааны борлуулалтын мөнгөнөөс өгөөд байсан. Машиныхаа төлбөрийг төлөөд дууссан. Бараагаа алдах тохиолдол байсан. Гарын үсэггүй падаанаар тооцоо хийж өрөнд оруулсан асуудал ч байгаа. Компанийн данс руу Ууганбаяраас гээд шилжүүлэхэд өөр хүний нэр дээр хаалт хийсэн тохиолдол гарч байсан. Ер нь өрөнд орчхоод байсан. Эхний сарын тооцоо хийхэд дутагдал гарахаар нь өөр  хүнээс зээлж тооцоо нийлж дараагийн ажлаа авдаг байсан. Ийм маягаар үргэлжилсээр байгаад өр нэмэгдсэн. Нягтлангуудтай нарийн тооцоо хийж үзээгүй. Байгууллагаас авсан барааны бүртгэл миний хар дэвтрийн тооцооноос зөрөөд байдаг, энэ талаар тулгалт хийж шалгая гэхээр нягтлангууд нь дургүйцээд, нярвууд нь дайрч давшлаад байдаг. Нярвууд нь падаангүй бол ямар ч бараа гаргадаггүй, падаан болгон дээр гарын үсэг зуруулдаг. Дээрх 24.267.930 төгрөгийн төлбөрөөс 2017.02.08-нд 1.012.550 төгрөг, 812.330 төгрөг, 852.960 төгрөгийг тус тус тушаасан. 2017.02.10-нд 2.800.000 төгрөг, 2017.02.07-нд 990.000 төгрөг, 2017.02.22-нд 1.000.000 төгрөг, 2017.03.13-нд 1.980.000 төгрөг, нийт 9.447.840 төгрөг төлсөн байгаа. Мобайл банкаар хийсэн шилжүүлсэн төлбөр бас байгаа, банкны хуулгаа авч ирье. Миний баримжаагаар 10.500.000 төгрөг төлөх дутуу байгаа. Энэ төлбөрийн талаар Баяраа гэдэг хүн манай эгч Баярмаад хэлсэн байсан. Үлдэгдэл төлбөрийг машинаа ойрын хугацаанд зарж байж төлж барагдуулна…” гэсэн мэдүүлэг /хх-31/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяраа шүү хуралдаанд “…Анх манай компанийн зүгээс шүүгдэгч О.Ут тооцоо нийлэх талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч тооцоо нийлэхгүй алга болсон. Би шүүгдэгчтэй ганцаарчилж уулзаж завшсан мөнгөний талаар асуутал тухайн мөнгийг найзтай өгсөн талаар хэлж байсан. Мөн манай компани зүгээс ажлаа хийж хохирлоо төлөх талаар санал тавьж байсан, ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байсан зүйл байхгүй. Тэгтэл шүүгдэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зугтаагаад явсан. Шүүгдэгч манай компани учруулсан 24.267.930 төгрөгийг хохирлыг төлөхөө илэрхийлж гарын үсэг зурсан байдаг. Шүүгдэгчээс 14.670.287 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, үлдэх 9.957.643 төгрөгийг нэхэмжилж байна…” гэв.

түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ууганбаяр нь манай байгууллагад 1 жил гаран ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түгээлтээр 82.578.340 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч байгууллагад тараагаад үүнээс 57.490.660 төгрөг, 1.379.000 төгрөгийн барааг буцааж 24.713.180 төгрөгийн дутагдал гаргасан. ...энэ талаар Ууганбаяраас асуухад "Австрали явах гэж байгаа манай найз дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байсан учир өгсөн…” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-26/,

 

Гэрч Б.Шинэцэцэгийн “…би “Баттрейд Си” ХХК-д нягтлан бодогч хийдэг ба манай борлуулагч О.У нь байнга дутуу тушаалт хийдэг байсан. Ууганбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын дундаас эхлээд бараа түгээлтийн мөнгийг банкинд тушаагаад баримтаа авч ирж өгөхөөр байсан. Тэгээд баримтаа авч ир гэж шаардлага тавихаар “одоо гараад мөнгө хийгээд ирье” гэж худлаа хэлээд яваад байдаг байсан. ...Сүүлд Булган захирлын өрөөнд Ууганбаяртай уулзахад мөнгөө аваад үрсэн гэдгээ хэлсэн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-57/,

 

Гэрч Л.Доржсүрэнгийн “…Ууганбаяр 1 дүгээр сарын сүүлд тооцоо нийлэх гэтэл ажлаа хаяад сураггүй алга болохоор нь манайх худалдан авагч байгууллагуудаас асуухад Ууганбаяр мөнгө бэлнээр аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-58/,

 

Гэрч Ө.Болорчулууны “…би “Баттрейд Си” компаниас худалдан авалт

хийдэг. ...Бидний хувьд борлуулагч нарыг тухайн байгууллагын ажилтан гэж

боддог...” гэсэн мэдүүлэг /хх-183/,

 

“Баттрейд Си” ХХК-ийн дотоод аудитын “…түгээгч О.Уын тооцоог нэг бүрчлэн үндсэн баримттай тулгаж шалгахад 24.267.930 төгрөгийн өр үүссэн байна…” гэсэн дүгнэлт /хх-99, 100/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн ¹107 тоот шинжээчийн “…”Баттрейд Си” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт үндэслэлтэй байна. …О.У нь 24.267.930 төгрөгийн дутагдал үүсгэсэн байна. …үүнээс 13.947.840 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл 10.320.090 төгрөгийн үлдэгдэлтэй байна…” гэсэн дүгнэлт /хх-63-70/, 

 

Ажилд орохыг хүсэгчдийн анкет /хх-8/, Барьцааны гэрээ /хх-10/, Хөдөлмөрийн гэрээ /хх-16/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-34/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, төлбөрийн баримт /хх-35-37, 39, 40/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-38/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-41-45, 81-100/, Хохирол төлсөн баримт /хх-79/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-104-112/ Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-196-197/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Прокуророос шүүгдэгч О.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлснийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчлөх зүйтэй гэж үзлээ.

Учир нь: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болох “итгэмжлэн хариуцсан этгээд” гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад О.У нь “Баттрейд Си” ХХК-д хууль буюу гэрээнд зааснаар тухайн байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан ажилд орохыг хүсэгчдийн анкет, “Баттрейд Си” ХХК болон О.У нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ ¹16/3-09, Барьцааны гэрээ ¹16/Б-09, “Баттрейд Си” ХХК-ийн захирлаар баталгаажигдан гарын үсэг зурж, тамга дарагдаагүй, О.У хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй “Хөдөлмөрийн гэрээ” гэх баримтуудаар шүүгдэгч О.Уыг “Баттрейд Си” ХХК-ийн өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч О.Уын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бус харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг илүү агуулсан байна.

Иймд шүүгдэгч О.Уын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч О.Уын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчлөхдөө 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.У нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баттрейд Си” ХХК-д хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээлгүйгээр тухайн байгууллагад борлуулагч хийж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн борлуулалтын орлого болох 24.267.930 төгрөгийг хувьдаа завшиж, үрэгдүүлсэн болох нь дээр дурдсан хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяраа, гэрч Б.Шинэцэцэг, Л.Доржсүрэн, Ө.Болорчулуун нарын мэдүүлгүүд, “Баттрейд Си” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн ¹107 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч О.Уын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.Уын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүнийг дээр гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч О.Уыг үйлдэл нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хооронд үйлдэгдсэн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрчээ.

Иймд шүүгдэгч О.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Харин О.Уын дээрх үйлдлийн улмаас хохирогч “Баттрейд Си” ХХК-д 24.267.930 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан “Баттрейд Си” ХХК-ийн дотоод аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн ¹107 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд уг хохирлоос 14.670.287 төгрөг төлөгдсөн байх тул үлдэгдэл 9.767.893 төгрөгийг шүүгдэгч О.Уаас гаргуулж, хохирогч “Баттрейд Си” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн А.Эрдэнэтуяагийн эзэмшлийн шүүгдэгч О.Уын худалдаж авсан гэх “Хьюндай Старекс” маркийн 2515 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос шүүгдэгч О.Ут 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч О.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар О.Уыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Уаас 9.767.893 төгрөгийг гаргуулж “Баттрейд” ХХК-д олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Алтангэрэлийн Эрдэнэтуяагийн эзэмшлийн шүүгдэгч О.Уын худалдаж авсан гэх “Хьюндай Старекс” маркийн 2515 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, шүүгдэгч О.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            З.БОЛДБААТАР