Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 873

 

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2017/00873

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сум, 2 дугаар баг 13 дугаар гудамж, 34 тоотод оршин суух Боржигон овгийн Оргилмаагийн Солонго /РД:НЭ96011827/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжны 1115ё тоотод оршин суух Харчид овгийн Очирсүрэнгийн Элдэв-Очир /РД:ВП96073118/

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь О.Элдэв-Очиртой 2015 оны 08 дугаар 24-ний өдөр танилцаж 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүү С.Чингүүнийг төрүүлсэн. Би оюутан учир О. Элдэв-Очирын гэрт нэг хэсэг хамт амьдарч байгаад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр муудалцаж салсан. Тэгээд 2016 оны 12 сард эргэж нийлэн манай гэрт хамт амьдарч байх хугацаанд манай ээжтэй муудаж манай гэрээс явсан. Одоог хүртэл холбоогүй байгаа. Иймд төрсөн хүү С.Чингүүнд гэр бүлийн хуулийн дагуу төрсөн эцэг О.Элдэв-Очироос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдээ миний асрамжид үлдээж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч О.Элдэв-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Солонго бид хоёр цаашид хамтран амьдрахгүй. Хүү С.Чингүүн бага байгаа учир төрсөн эхийн асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү С.Чингүүнтэй баяр, ёслолын үер уулзаж боломжыг шүүх хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, асрамж, тэтгэлэг тогтооход татглзах зүйлгүй. гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Солонго хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О.Элдэв-Очир хүлээн зөвшөөрч байна.

Зохигчид хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүү С.Чингүүн төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно., 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх талаар адил үүрэг хүлээнэ. гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл О.Солонго, О.Элдэв-Очир нар гэрлэлтээ батлуулаагүй боловч тэдний дундаас гарсан хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэйгээс гадна хариуцагч О.Элдэв-Очир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг, асрамжийн талааар маргаагүй тул хүү С.Чингүүнийг эх О.Солонгын асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан нь эцэг, эхийн үүрэг хэвээр үргэлжлэх ёстойг хуулиар зохицуулсан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул түүнээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч О.Элдэв-Очироос хүү С.Чингүүнд 11 нас хүртэл нь  тухайн  бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хүн амын амьжиргааны 2017 оны доод түвшинг тогтоох тухай А/13 дугаар тушаалаар Төвийн бүс буюу Төв аймагт хүн амын амьжиргааны доод түвшинг 166,200 төгрөгөөр тогтоожээ. 1 хүүхдэд тогтоох тэтгэлэг 166,200 төгрөгийн 50 хувь буюу 83,100 төгрөгийн тэтгэлгийн жилийн хэмжээ 997,200 /83,100 х 12= 997,200/төгрөг байна. 997,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,482 төгрөгийг хариуцагч О.Элдэв-Очироос гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Харчид овогт Очирсүрэнгийн Элдэв-Очироос /РД:ВП95073118/ 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү С.Чингүүнд 11 нас хүртэл  тухайн  бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү С.Чингүүнийг эх О.Солонгын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хүү С.Чингүүнийг эцэг О.Элдэв-Очиртой уулзуулж байхыг эх О.Солонгод даалгасугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон28,482 төгрөгийг хариуцагч О.Элдэв-Очироос гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    А.ЭНХТӨР