| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0891/И |
| Дугаар | 874 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 874
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2017/00740 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, 27 байр, 10 тоотод оршин суух Боржигин овгийн Далхсүрэнгийн Пүрэвсүрэн /РД:НЮ57051174/
Ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1992-1994 оны 2-р сар хүртэл тус аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компаны захирлаар ажиллаж байсан юм. Тэр үед миний хөдөлмөрийн дэвтэрт Монголын ХАА-н хоршоологчдын холбооны аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн 1992-01-20-ны өдрийн 01-р тушаалаар томилж, 1994-01-20-ны тус салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн 1994-06-01-ны өдрийн 16-р тушаалаар Бүрэндэлгэрэх ХК-ийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэл хийсэн архивын баримт бичиг нь аймгийн архивт байхгүй тул лавлагаа авах боломжгүй болоод байна. Иймд тэтгэвэр тогтоолгоход 1992-01-01-нээс 1994 оны 1-р сарын 20 хүртэл Бүрэндэлгэрэх ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсныг холбогдох нотлох баримтыг үндэслэн тус ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсныг сэргээн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1991 онд Өмч хувьчлалын тухай хууль гарч энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бүх нэгдлүүд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс компани болон өөрчлөгдсөн, энэ үед би нэгдлийн даргаар ажиллаж байхдаа “Бүрэндэлгэрэх” ХК-ийг шинээр үүсгэн байгуулах бүхийл үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байсан тул 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн гэж үзэж байна.” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Пүрэвсүрэн нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” ХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах баримтыг шүүхэд ирүүлжээ. Үүнд:
-1980 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “1992.01.20 Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” компаны ерөнхий захирлаар томилов” гэх бичилт, “1994.01.20 Өөр ажилд томилогдсон тул Бүрэндэлгэрэх компанийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх бичилт
-Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар
-Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар тушаалын хуулбар
-Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компанийн хөрөнгийг их хувьчлалаар тараах удирдамжийн хуулбар
-Бүрэндэлгэрэх хувьцаат компанийн 1993 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүх гишүүдийн хуралд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
-Бүрэндэлгэрэх хувьцаат компанийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын протоколын хуулбар
-Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компанийн удирдлагын зөвлөлийн 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолын хуулбар
-Төв аймгийн Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар тотоолын хуулбар
-Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар тодорхойлолт
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан дээрх баримтуудаар Д.Пүрэвсүрэн нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүх Д.Пүрэвсүрэнгийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Далхсүрэнгийн Пүрэвсүрэнг Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” хувьцаат компанийн Ерөнхий захирлаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР