Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/969

 

 

 

 

 

 

2020           12          01                                   2020/ШЦТ/969

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч М.Гэрэлбадрах,

Хохирогч А.Хаш-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Х.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2009021161303 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдөр *** аймагт төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... оршин суух бүртгэлтэй, одоо Х*** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ... / Б.Э- нь:

 

- 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шөнө ** хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан А.Х-г  зодож, түүний биед баруун хөмсөгт шарх, хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд О-н хамт ажлаасаа гараад Өлзий төвийн уулзвараар баруун гар тийш эргээд явж байхад цагаан өнгийн майктай хар өнгийн тамирын өмдтэй согтуу залуу “ Утсаараа яриулаад өгөөч. Баянбүрд дээр хэдэн залуучуудад дээрлэхүүлээд найзуудыгаа дуудах гэсэн юм” гэж хэлэхэд О утсаараа яриулсан. Тэгээд автобусны буудлын орчим явж байхад нэг залуу мөрлөж ирээд О бид хоёрыг  “ Ярих юм байна уу “ гээд харанхуй газар руу дагуулж орох гээд байсан. Би явахгүй гэсэн чинь 3 залуу чирсэн. Оюунболд намайг тэр 3 залуугаас салгахад анх таарсан согтуу залуу бид хоёрыг заамдаж аваад “ Би цагдаа байна. Миний ажил руу явна” гээд чирээд тавихгүй байсан. Бид хоёр гарыг нь тавиулаад О цагдаа дуудлаа “ гэхэд буржигар үстэй өндөр залуу гарыг нь цохиж, утсыг нь газар унагаагаад заамдаад зогсож байхад би очиж салгасан. Тэгэхэд хажуу талаас нь нэг залуу гараараа миний нүүр хэсэгт буюу зүүн шанаа хэсэгт цохиход би газар унасан гэжээ. / хх 8-9 /

Гэрч Б.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Тэр залуу гар руу цохиод миний гар утсыг газарт унагаасан. Гэтэл Хашаа ирээд тэр залуугийн цээж хэсэгт түлхсэн. Тэгсэн хажуу талаас Хашааг нэг өндөр залуу нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Хашаа шууд газарт ухаан алдаж унасан. Хашааг очоод харахад нүүр нь цус болсон байдалтай байсан гэжээ. / хх 11 / 

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8860 дугаартай дүгнэлтэд:

            1. А.Х-н  биед баруун хөмсөгт шарх, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / хх 19-20 /

 

Шүүгдэгч Б.Э-г 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 28-29 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 34 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...  2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад согтуугаар гэр рүүгээ Оюунболдын хамт явж байтал нэг залуу гүйж ирээд “ Намайг хэдэн залуучууд дээрэлхээд байна. Утсаараа явиулаач, найзуудыгаа дуудах гэсэн юм” гэхээр нь утсаараа яриулсан. Тэгтэл араас 3 залуу гүйж ирээд согтуу залууг заамдаж аваад цагдаагийн хэлтэс рүү явна гэхээр нь болиулсан. Б.Э- миний зүүн шанаа руу алгадахад би тэнцвэрээ алдаж унахдаа цемент мөргөж хөмсөг сэтэрч, сорвитой болсон. Баруун хөмсөгний дээд тал, баруун талын шанаанд язралт гэмтэл үүссэн бөгөөд тархи доргисон. Тэр оройдоо гэртээ хариад өглөө гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан.

Би Б.Э-г залуу хүүхэд юм байна гэж бодоод 1.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулаад өгчихвөл гомдолгүй гэж хэлсэн. Гэтэл надад 120.000 төгрөг өгсөн. Одоо нийт 508.860 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь өдрийн 30.000 төгрөгөөр 10 удаа бариулж эмчилгээ хийлгэсэн 300.000 төгрөг, 07 дугаар сарын 31-ний өглөө гэмтлийн эмнэлэг дээр очиж томограф шинжилгээ хийлгэсэн 100.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 100.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8860 төгрөг болно. Би залуу хүн, сорвио арилгуулах хэрэгтэй байна гэв. 

 

Шүүгдэгч Б.Э- 2020 оны 07 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан А.Х-г зодож, түүний биед баруун хөмсөгт шарх, хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Заамдсан залууг би очиж салгахад хажуу талаас нь нэг залуу гараараа миний нүүр хэсэгт буюу зүүн шанаа хэсэгт цохиход би газар унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Х-н мэдүүлэг / хавтаст хэргийн 8-9 /, ... Хашааг нэг өндөр залуу нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Х шууд газарт ухаан алдаж унасан. Х-г очоод харахад нүүр нь цус болсон байдалтай байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.О-н мэдүүлэг  / хх 11 /   ... А.Х-н биед баруун хөмсөгт шарх, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8860 дугаартай дүгнэлт / хх 19-20 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  эмчилгээний зардлыг нөхөн төлж,  гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 / дөрвөн зуун тавь / төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч А.Х нь бариачид бариулсан 300.000 төгрөг, компьютер томографын 100.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8860 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 100.000 төгрөг, нийт 508.860 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар компьютер томографын 100.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8860 төгрөг төлсөн нь нотлогдсон, шүүгдэгч Б.Э- нь 120.000 / хх 45 / төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин А.Х нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс бариачид өдрийн 30.000 төгрөгөөр 10 удаа бариулсан гэх боловч мөрдөн шалгалтын явцад энэ талаар мэдүүлээгүй, “ *** “ Уламжлалт бариа засалч Г.Э гэсэн тодорхойлолтод А.Х нь тархины хүнд гэмтэлтэй ирж бариулсан гэж бичжээ. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр А.Х-н биед хөнгөн гэмтэл учирсан, тархи доргилт гэмтэл учраагүй байна.

Иймд дээрх баримт нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн ажилгүй хугацааны цалин 100.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтгүй тул эдгээрийг хэрэгсэхгүй болгож, сорви арилгах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч А.Х-н нэхэмжилсэн 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сорви арилгах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Б.Э- нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ