Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 877

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00877

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам, ШУТИС хотхон гудамж, 53-13 тоотод оршин суух Тайчууд овгийн Дагвын Батнэрэн /РД:НЭ61051411/

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр  тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батнэрэн, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батнэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Барилга угсралтын конторт, конторын даргын 119 дүгээр тушаалаар ажиллаж эхэлсэн. Одоо хөдөлмөрийн чадвараа алдаж групп тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал дээр нэр зөрүүтэй бичигдсэн тул 119 дүгээр тушаалын жинхэнэ эзэмшигч нь Дагва овогтой Батнэрэн мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Д.Батнэрэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд авагджээ. Үүнд:

-Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ... Батнэрэн нарыг нормчноор ... ажиллуулах тухай 119 дүгээр тушаалын хуулбарт Дагвын Батмэргэн гэх бичилт,

-Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ардын цэргийн албанд явагсдыг ажлаас чөлөөлөх тухай 120 дугаар тушаалын хуулбарт Нормчин ... Д.Батнэрэн ... ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилт,

-Дагвын Батнэрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар

-Төв аймгийн Барилгачин пүүсийн захирлын 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралтын хуулбарт 60.Дагва Батнэрэн гэх бичилт,

-Гэрч Б.Долгорүрэн, Д.Оюунцэцэг нарын гэрчээр асуугдсан тэмдэглэлд Д.Батмэргэн гэж конторт ажиллаж байгаагүй, Батнэрэн гэдгийг андуурч бичсэн гэх мэдүүлэг

 

Дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байна.

Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ... Батнэрэн нарыг нормчноор ... ажиллуулах тухай 119 дүгээр тушаалын хуулбарт Дагвын Батмэргэн гэж бичсэн байгаа нь Тайчууд овгийн Дагвын Батнэрэнгийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхт бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул шүүх дээрх бичмэл нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэн Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тушаалын жинхэнэ эзэмшигч нь Дагва овогтой Батнэрэн мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Давгын Батмэргэн гэж бичигдсэн Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дүгээр тушаалын жинхэнэ эзэмшигч нь Тайчууд овгийн Дагвын Батнэрэн мөн болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчД.Батнэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дах Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР