Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1484

 

2018.10.24

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНѲѲС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Х /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Угалз овогт Базарвидэрийн Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0751 21661 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв . 

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн Угалз овогт Базарвидэрийн Б.Х, 1972 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 12 гудамж, 25 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *************** тоот регистрийн дугаартай,

            Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,61 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Супер маркет”-д хохирогч Ц.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар зодож  зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Х нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч Ц.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би цагдаа ирэхийг хүлээгээд нэг хэсэг дуугүй харж байгаад больчих юм болов уу гэж бодсон болихгүй барилцалдаж авахаар нь би очоод “одоо гарчих” гэж хэлсэн чинь урьд өмнө манай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан 40 гаран насны эрэгтэй намайг “энэ их зэвүүн царайтай пиздаа” гэж хэлээд миний баруун шанаан тус газар 1 удаа цохихоор нь манай дэлгүүрт байсан хүмүүс салгасан. Бараа өрж байсан чинь намайг цохисон залуу над дээр ирээд “энэ муу их зэвүүн” гэж над дээр ирээд миний зүүн нүдэн тус газар гараараа нэг удаа цохихоор нь зөрүүлээд зүүн шанаан тус газар нэг удаа цохисон...Миний биед учирсан гэмтлийг надад махлаг, буурал үстэй, миний насны орчим залуу гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг. /хх-6-8/,

            Гэрч Д.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...13 дугаар байрны урд байдаг Супер маркетад орсон. Бид хоёр ороод үйлчлүүлж байгаад би лангуунаас бэлэн гоймон авах гээд ганцаараа явж байхад кассан дээр нь Б.Х дэлгүүрийн хүнтэй маргалдсан.Маргалдаж байгаад уг залуутай Б.Хтай заамцалдаад авсан. Тэр үед нь би очоод маргааныг салгасан” гэх мэдүүлэг /хх-9/,

         Гэрч Ц.Оюунтунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хоорондоо маргалдаж байснаа сүүлдээ арай махлаг буурал үсрэй хөгшин нь эргэж хараад надтай хамт ажиллаж байсан миний найз Уранбилэгтэй маргалдаж эхэлсэн. Миний найз Уранбилэг миний нөхрийг махлаг, буурал үстэй, хөгшин цохихыг харсан. Миний нөхрийн нүд нь хавдсанаас өөр ил харагдах шарх гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-11/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11235 дугаартай дүгнэлт:

1.         Ц.Бат-Эрдэний биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.

2.         Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.         Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.         Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй./xx-13/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Супер маркет”-д хохирогч Ц.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

            Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

            Прокуророос шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.

            Иймд шүүгдэгч Б.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Угалз овогт Базарвидэрийн Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Хыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тѳгѳлдѳр болох хүртэл Б.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР