Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2017/00889

       Төв аймаг

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р баг, зам 14 гудамж, 87 тоотод оршин суух Молхы хошах овгийн Ибатын Бахыт /РД:БЮ69082334/

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Аманкелд

 

            Хариуцагч: Төв аймаг, Угтаалцайдам сум, Асгат багт байрлах “Нэмүү боломж” ХХК

            Хариуцагчийн төлөөлөгч: Д.Батхуяг /“Нэмүү боломж” ХХК-ийн захирал/

 

            Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,831,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелд, хариуцагчийн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ибатын Бахыт “Нэмүү боломж” ХХК-д ПТ маркийн 1254 тракторыг 39,000,000 төгрөгөөр үнэлэн зээлээр худалдсан билээ. Төлбөр тооцооны хувьд компанийн захирал Д.Батхуяг 17,000,000 төгрөгийг бэлнээр өгч, дараа нь 6,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг цувуулан өгсөн боловч үлдэгдэл мөнгө, түүний зээлийн хүүд нийт 11,831,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа тул зөрчигдсөн эрхийг минь сэргээж, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тракторын үлдэгдэл төлбөр дээр хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрэх боломжтой.” гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлээр худалдаж авсан тракторын үлдэгдэл төлбөрийн талаар нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжтой.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч И.Бахыт “Нэмүү боломж” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,831,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... Нэг талаас Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р баг, зам 14 гудамж, 87 тоотод оршин суух Молхы хошах овгийн Ибатын Бахыт /РД:БЮ69082334/, түүнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелд /РД:БЭ87100613/ нөгөө талаас “Нэмүү боломж” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Батхуяг нар харилцан зөвшилцөлд хүрч эвлэрснээр эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав. ... нийт 11,831,000 төгрөгийг “Нэмүү боломж” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөг дээр эвлэрч, үүнээс 1,500,000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл бэлэн бусаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелдийн Хаан банкны 5011107322 тоот данс руу шилжүүлэн, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2018 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл найм хувааж сар бүр 500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцов.” гэжээ.

 

            Эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

            Нэхэмжлэгчийн 11,831,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдийн эвлэрсэн 5,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөгийн тал хувь болох 51,475 төгрөгийг хариуцагч Д.Батхуягаас, тал хувь болох 51,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч И.Бахыт-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.И.Бахытийн нэхэмжлэлтэй “Нэмүү боломж” ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчдийн эвлэрсэн 5,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөгийн тал хувь болох 51,475 төгрөгийг хариуцагч Д.Батхуягаас, тал хувь болох 51,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч И.Бахыт-д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХТӨР