Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1805052841151 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” нэртэй караоке бааранд Э.Д өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн бөгөөд энэ талаар яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Э.Дг өмнө нь таньж мэдэхгүй, тэр өдөр л анх танилцсан юм. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой хүүхдийн зуугийн “Чойко” гэх баарны гадна найз Ононгийн хамт явж байгаад Батсайхан нэг эрэгтэй найзынхаа хамт явж байгаад бид нар танилцсан. Тэгээд хамт 02 цагийн орчим Модны хоёрт байрлах Мөрөн гэх караоке бааранд бид 4 хамт орсон. Бид нар караоке бааранд дуулж байгаад 1 цаг орчим болсон. Тэгээд би найз Онон согтоод байхаар нь аваад явах гэтэл Батсайхан гэх залуу нь найзыг маань явуулахгүй гээд чи яахаараа хүн авч явдаг юм бэ гээд ширээ давж үсэрч ирээд толгойгоороо намайг мөргөсөн. Тэгээд би тэр үед нь чи намайг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд найз Ононгийн хамт гадаа гараад цагдаа дуудаад хүлээж байтал Батсайхан агсараад чамайг би яасан юм бэ харья төлбөрийг чинь барагдуулна чи яасан юм гээд агсараад байсан. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12146 дугаартай: Э.Дийн биед 1 шүдний хугарал, ёзоорын сулрал, буйлны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

******* мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах хууз сахалтай хүмүүст хөнгөлөлттэй үйлчилдэг бааранд орж байгаад тэндээсээ гараад Чоко бааранд байх үедээ зүс таних эмэгтэйтэй тааралдсан.  Тэгээд уг эмэгтэйтэй хамт явж байсан найз эмэгтэйн хамт бид нар 4- үүлээ 23 цагийн орчим гараад Модны 2-ын доод талд байдаг Хаан зочид буудлын дор байрлах Мөрөн караоке бааранд Ганаа, Э.Д болон түүний найз эмэгтэйн хамт орсон. Ингээд бид нар бааранд ороод 1 цаг орчим дуулсан. Ингэж байхдаа Э.Д надад би Улсын их хурлын  гишүүний охин би прокурор хүн гэх мэтээр янз бүрийн юм яриад байсан. Тухайн үед би согтолттой байсан ба  тэр эмэгтэйд хэдэн ширүүн үг хэлээд цээж рүү нь хоёр гараараа түлхсэн. Тэгтэл Э.Д намайг цохиж зодлоо гээд байсан Ганаа хүрч ирээд чамайг чохиогүй л байна ш дээ хэрэв нүүр рүү чинь цохисон бол хавддаг юм байгааз дээ чамайг түлхсэн л байна ш дээ гэж хэлсэн. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

Хохиролын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 41/, “Батсайханд гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг авсан “ гэх хохирогч Э.Дийн хүсэлт /хх-ийн 50/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

*******ы нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 24/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 28/, жолоочийн мэдээлэл лавлагаа /хх-ийн 29/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” караоке баар дотор ******* нь Э.Д хоорондын таарамжгүй харилцааны улмаас цохиж зодсон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хохирогч Э.Дийн”...Батсайхан гэх залуу нь найзыг маань явуулахгүй гээд чи яахаараа хүн авч явдаг юм гээд ширээ давж үсэрч ирээд толгойгоороо намайг мөргөсөн...” /хх-ийн 9/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн түүний мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12146 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 41/ хохирогчийн хүсэлт /хх-ийн 50/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй ******* мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... би согтолттой байсан ба  тэр эмэгтэйд хэдэн ширүүн үг хэлээд цээж рүү нь хоёр гараараа түлхсэн....” /хх-ийн 38/  гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас *******ыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэргийн 50 дугаар талд хохирогч Э.Дийн “хохиролд 2500.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх бичгийн хүсэлт авагдсаныг үндэслэн  *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ