Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00716

 

“С Д Ө Э А”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00354 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 932 дугаар магадлалтай,

“С Д Ө Э А”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ж Э П”ХХК-д холбогдох

8 378 320 юань буюу 3 008 152 013 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу “Ж Э П”ХХК-ийн төлбөр төлөх үүрэгт хамааралгүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, Б.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэнчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, Б.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жамц, Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “С С Э Ж”ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол орон сууцны хорооллын зүүн талд Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд байрлах Санни Таун орон сууцны төслийн ажлын гүйцэтгэгч компаниар 2013 онд гэрээ байгуулан цаг хугацаанд нь хэрэгжүүлэн дуусгаж тус орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч гэрээний үүргийг биелүүлсэн. Захиалагч тал “С С Э Ж”ХХК байсан ба хөрөнгө оруулалтаа хувьцаа эзэмшигч болон хуулийн этгээдэд хуваарилан, талууд тооцоо нийлж 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр “С С Э Ж”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн компани болох “Ж Э П”ХХК нь Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулж 8 631 000 юанийг манай компанид төлөхөөр хэлцэл хийсэн. Үүний дараа хариуцагчаас төлсөн тодорхой төлбөрүүдийг хасаж, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөн тооцоо нийлж 7 471 000 юанийг төлөх хэлцлийг хийсэн. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу нэг жилийн хүүгийн төлбөр 896 520 юань, барилгын баталгааны мөнгө болох 1 510 000 юань, түүний 7 сарын хүү буюу 105 700 юанийг нэмж 9 983 220 юань болсноос хариуцагч Жи Эс Пи ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт төлсөн 1 604 300 юанийг хасаж тооцоход 8 378 320 юанийн төлбөр төлөх үлдэгдэлтэй байна. Анх манай компани нэхэмжлэл гаргахдаа БНХАУ-ын иргэн Янг Вэн Зонг, Ван Ий Хонг нарыг компанийн хамт хариуцагчаар татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр хоёр хариуцагчаас татгалзсан тул хариуцагч Жи Эс Пи ХХК-иас 8 378 320 юань буюу 3 008 152 013 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн материалд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “С С Э Ж”ХХК, түүнийг төлөөлж Янь Жен Ди болон түүний хувьцаа эзэмшигч Ванг И Хонг, гүйцэтгэгч тал “С Д Ө Э А”ХХК-ийн Сун Зи Хуа нар Монгол улсын SUNNY TOWN төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр “С С Э Ж”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг Ванг И Хонг нь 9 549 934 юанийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Тухайн үүргийг хүлээсэн Ванг И Хонг нь “Ж Э П”ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд “С Д Ө Э А”ХХК нь удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж, тухайн өр төлбөрийг барагдуулах баталгаа шаардаж байсан учраас аргагүйн эрхэнд Wan овогт Yihong нь өөрийн хувьцаа эзэмшдэг “Ж Э П”ХХК-ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонгд хэлж “С Д Ө Э А”" ХХК-тай Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, дээрх төлбөрийг барагдуулах баталгаа болгосон гэрээг байгуулсан. Учир нь “Ж Э П”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд “С Д Ө Э А”ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Сун Зи Хуа болон түүний эхнэрт нийт 2 733 414 юанийг төлөөд үлдэгдэл 7 249 206 юанийн үлдэгдэл төлбөртэй болсон. Гэтэл талууд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр "Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулахдаа үлдэгдэл төлөгдөөгүй төлбөрийг бодитойгоор тооцож гаргаагүй, зөвхөн 8 631 000 юанийн төлбөртэй гэсэн нь бодит байдалтай нийцээгүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн төлбөрт 7 471 000 юань гэжээ. “Ж Э П”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийтдээ 4 833 414 юанийг төлж, “Ж Э П”ХХК-ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг нь 1 604 300 юанийг шилжүүлсэн тул “Ж Э П”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь үлдэгдэл төлбөр 3 544 906 юанийн төлбөртэй байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээ байна. Иймд нэрлэгдээгүй гэрээнд талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тусгахдаа Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан аргуудын аль нэгийг заах хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчээс гэрээний дагуу нэг жилийн хүүгийн төлбөр болох 896 520 юань, 7 сарын хүү буюу 105 700 юанийг тус тус шаардах эрхгүй. Нэхэмжлэгч “С Д Ө Э А”ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуу барилга 1 510 000 юанийг нэхэмжилсэн байх бөгөөд уг төлбөр нь 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “С С Э Ж”ХХК, түүний төлөөлж Янь Жен Ди болон түүний хувьцаа эзэмшигч Ванг И Хонг, гүйцэтгэгч тал “С Д Ө Э А”ХХК-ийн Сун Зи Хуа нарын хооронд байгуулагдсан Монгол Улсын SUNNY TOWN төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээний 4-т В талын зүгээс барилгын баталгаат засварын төлбөр 5 037 815 юанийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийн үнээс А, Б талууд хувьцааны дагуу хариуцна. Үүнээс А тал Жан Жэнг Ди нь 3 526 71 юань хариуцаж буцаан төлнө. Б тал Ванг И Хонг нь 1 511 345 юань хариуцан төлнө гэсэн байна. Энэ төлбөр нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 Энэ хуулийн 14.3 дахь хэсэгт заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж зааснаар барилгын хэвийн ашиглалтын үед 3 жилийн баталгаат хугацаанд тохирох засвар үйлчилгээний зардал гэж тооцогдохоор байна. Гэтэл дээрх төлбөрийг “С Д Ө Э А”ХХК-аас шаардаж байгаа нь уг хуулийн заалтад нийцэхгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгчээс зөвхөн барилга гэж тодорхой төлбөрийг шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан ямар гэрээний дагуух үүргийг шаардаж буй нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...2015 онд БНХАУ-ын иргэн Ван И Хонг нь “Ж Э П”ХХК-ийг байгуулсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн Янг Вэн Зонг томилогдож Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих өөрчлөлтийг бүртгүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болсон. 2013 онд “Ж Э П”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ван И Хонг-ийн хувьцаа эзэмшдэг “С С Э Ж”ХХК нь Санни таун төслийн барилгад “С Д Ө Э А”ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлсэн. Уг ажлын гүйцэтгэлийн төлбөрийн үүргийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр "“С С Э Ж”ХХК болон хувьцаа эзэмшигч Ван И Хонг, ажлыг гүйцэтгэсэн "“С Д Ө Э А”ХХК-ийн захирал гэх Сүн Зи Хуа нар харилцан тохиролцож “С С Э Ж”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ван И Хонг төлбөрийн зарим хэсэг болох 9 549 934 юанийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байдаг. Дээрх гэрээний дагуу төлбөрийг Ван И Хонг-ийг шаардсаны улмаас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “С Д Ө Э А”ХХК-ийн захирал гэх Сүн Зи Хуа, “Ж Э П”ХХК-ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг нар Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулсан байна. Уг гэрээ нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3 хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, 34.1.2-т давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах гэж зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой заасан бөгөөд компаниас хувьцаа эзэмшигчийн компанийн гадуурх үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг компани өөрийн эд хөрөнгөөр хариуцахгүй гэжээ. Иймд “С Д Ө Э А”ХХК-ийн захирал гэх Сүн Зи Хуа, “Ж Э П”ХХК-ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг нарын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Монголын Нотариатчдын танхимаас талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч И.Долгорсайханы нотариатын үйлдэлтэй холбоотой баримтууд хэргийн материалд авагдсан бөгөөд талууд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нотариатаар Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулахад “С Д Ө Э А”ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Үүрийнцолмон нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Сүн Зи Хуаг томилсон байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалтад өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын буртгэлийн байгууллагад мэдэгдэнэ" гэж заасныг зөрчиж “С Д Ө Э А”ХХК-иас БНХАУ-ын иргэн Сүн Зи Хуаг гүйцэтгэх захирлаар томилж буй тохиолдолд компанийн хувийн хэрэгт зохих өөрчлөлтийг оруулах, үүнийгээ бүртгүүлэх, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлэх үүргээ биелүүлээгүй байна. “С Д Ө Э А”ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Үүрийнцолмон нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөр гүйцэтгэх захирлыг томилсон байх тул Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.2.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна. Дээрх нөхцөл байдлуудаар талуудын хооронд байгуулагдсан Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчиж, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Учир нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Санни таун төслийн барилгын ажлын төлбөрийг барагдуулах талаар “С С Э Ж”ХХК болон хувьцаа эзэмшигч Ван И Хонг, ажлыг гүйцэтгэсэн “С Д Ө Э А”ХХК-ийн захирал гэх Сүн Зи Хуа нар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харин “С С Э Ж”/CCMG/ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ван И Хонг төлбөрийн зарим хэсэг болох 9 549 934 юанийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн бөгөөд Ван И Хонг нь шүүхэд гарган өгсөн тайлбартаа “С Д Ө Э А”ХХК-ийн SUN ZIHUA эхнэрийн хамт намайг БНХАУ руу ажлын шаардлагаар явж байхад төлбөрөө өгч чадахгүй хэмээн ойлгож, тухайн компанийн захирал SUN ZIHUA эхнэртэй нь над руу удаа дараа утсаар холбогдож төлбөрөө төлөхийг шаардан SUN ZIHUA-ийн зүгээс тэгвэл чи "“Ж Э П”ХХК-иар төлбөрийн асуудлаар гэрээ байгуулчих гэж хэлсэнд нь аргагүйн эрхэнд компанийнхаа захирал Ван Вэн Зонгоос лавлаж асууж, нөхцөл байдлыг танилцуулж 2016 оны 8 дугаар сард Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулсан. Иймээс Си Ди Өу Эй Ар" ХХК-ийн Сун Зи Хуа болон “Ж Э П”ХХК-ийн хооронд байгуулсан Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуух төлбөрийг Ван И Хонг төлж барагдуулах ёстой. Харин “Ж Э П”ХХК биш, нэмэлт байгуулагдсан гэрээ бол хүчингүй гэрээ юм. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл “С Д Ө Э А”ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Сүн Зи Хуа болон түүний эхнэр Цай Жү Шиан нарт 4 883 414 юанийн төлбөрийг төлсөн бөгөөд талуудын хооронд байгуулсан Санни таун гэрээнээс өмнө нийт 2 733 414 юанийн төлөлт хийгдсэн байна. Харин үлдэгдэл төлбөр 7 249 206 юань болсон байхад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээгээр 8 631 000 юанийг төлөх ёстой гэж тусгасан нь буруу байна. Мөн “С Д Ө Э А”ХХК болон “Ж Э П”ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр дахин Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулж уг гэрээгээр 8 631 000 юанийг төлөхөөр заажээ. Гэтэл Ван И Хонг нь шүүхэд гарган өгсөн тайлбарт хавсарган өгсөн төлбөрийн баримтаас үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл “С Д Ө Э А”ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Сүн Зи Хуа болон түүний эхнэр Цай Жү Шиан нарт 4 883 414 юанийн төлбөрийг төлж үлдэгдэл 5 149 206 юань байхад үүнийг тусгаагүйгээр дахин үлдэгдэл төлбөрийн зөрүү 3 481 794 юанийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “Ж Э П”ХХК-ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг-ийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 5 дугаар cap хүртэл нийтдээ 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөгийг “С Д Ө Э А”ХХК-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч “С Д Ө Э А”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг ярьж байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт нь хүлээх үүргийг хариуцах ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчийн үүргийг компани хариуцахгүй гэсэн зохицуулалт гэж ойлгож байгаа. Талуудын хооронд байгуулсан хэлцэл гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэж байгаа тул үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Хариуцагч тал 2017-2018 онд манай компанид 1 604 300 юанийг төлж байсан нь төлбөр төлөх гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч, биелүүлж байсан гэдгийг баталж байна. 4 883 414 юанийг төлсөн гэж байгаа нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлэхээс өмнөх үеийн төлсөн төлбөрүүд юм. Харин үүнээс хойш төлсөн 1 604 300 юанийг манай тал хасаж тооцож байгаа. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг баталгаажуулж хийсэн нэмэлт гэрээ болох 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу бид үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэхэмжилж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00354 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жэй Эй Пи ХХК-иас 5 866 700 юань буюу 2 106 379 968 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “С Д Ө Э А”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 511 620 юань буюу 901 772 044 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Ж Э П”ХХК-ийн “С Д Ө Э А”ХХК-нд холбогдуулан гаргасан 2016 оны 8 сарын 16-ны өдрийн Санни таун төслийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээний дагуу “Ж Э П”ХХК-ийн төлбөр төлөх үүрэгт хамааралгүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 657 842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж Э П”ХХК-иас 10 689 849 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С Д Ө Э А”ХХК-нд олгож, хариуцагч “Ж Э П”ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19 207 194 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 932 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж Э П”ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 689 649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, Б.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн нар хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2, 172.2.1  дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байдаг. Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч ““С Д Ө Э А”” ХХК нь 2 018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Ж Э П”” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “... дараах төлбөр болох 7 471 000 юань, гэрээний дагуух нэг жилийн хүүгийн төлбөр болох 896 520 юань, барилга 1 510 000 юань, 7 сарын хүү буюу 105.700 юань, нийт 9 982 620 юанийг гаргуулан авахаар болж 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан үүнээс хойш хариуцагч “Ж Э П”" ХХК ... 1 604 300 юанийг манай компанид өгсөн бөгөөд одоогоор үлдэгдэл 8 378 320 юанийн үлдэгдэлтэй байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байдаг. Магадлалд “... 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөн “Ж Э П”” ХХК болон ““С Д Ө Э А”” ХХК-ийн хооронд Санни таун төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээг дахин байгуулсан нь компанийн тамга тэмдгээр баталгаажсан байна. Энэ гэрээнд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 7 471 000 юань төлөөгүй талаар тэмдэглэл үйлдсэн байна ...Суурь хэлцэл болох “С С Э Ж” ХХК болон ““С Д Ө Э А”” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний захиалагч буюу төлбөр төлөгч “С С Э Ж” ХХК-ийн төлбөрийг төлөх зарим үүргийг “Ж Э П”” ХХК нь хүлээн авсан нь 2016, 2017 оны дээрх хоёр хэлцлээр тогтоогдож байгаа ба төлбөр авагч энэ талаар зөвшөөрч хэлцэлд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр хүлээн авах журмын шаардлагыг хангажээ ...” гэж дүгнэсэн байна. Анх 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “С С Э Ж” /ССМG/ ХХК, түүний төлөөлж Янь Жен Ди болон түүний хувьцаа эзэмшигч Ванг И Хонг, гүйцэтгэгч тал ““С Д Ө Э А”” ХХК-ийн Сун Зи Хуа нар “Монгол Улсын sunny town” төслийн барилгын ажлын төлбөрийн нэмэлт гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр “С С Э Ж” /ССМG/ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг Ванг И Хонг нь 9,549,934 юанийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Тухайн үүргийг хүлээсэн Ванг И Хонг нь “Ж Э П”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд ““С Д Ө Э А”” ХХК нь удаа дараа өр төлбөрийг барагдуулах баталгаа шаардаж байсан учраас аргагүйн эрхэнд Wan овогт Yihong нь өөрийн хувьцаа эзэмшдэг “Ж Э П”” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янг Вэн Зонг-д хэлж ““С Д Ө Э А”” ХХК-тай “Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, дээрх төлбөрийг барагдуулах баталгаа болгосон гэрээг байгуулсан байдаг. Харин анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Ж Э П”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь 2015 оны 6 дугаар сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 4,833,414 юанийг хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд тайлбараа нотолж Ванг И Хонгийн зээлийн дебит картын дэлгэрэнгүй хуулга, Ванг И Хонгоос Сун Зи Хуад төлсөн төслийн эргэн төлөлтийн график /Цай Зу Шин гэх хүний гарын үсэг бүхий/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна /2 дугаар хх-ийн 47-50, 96-98, 99-126 дугаар тал/. Дээрх бичгийн баримтаар Ванг И Хонг, Янг Вэн Зон нараас төлбөр төлсөн цаг хугацаа нь зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнээс өмнөх цаг хугацааг хамаарч байх тул мөн өдрөөс хойш хугацаанд гэрээний үүрэгт 4,833,144 юанийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэдэг. Энэ нь хоёр шатны шүүхээс “Ж Э П”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонгийн өгсөн төлбөрийн хэлбэрийг хуульд заасан шаардлагыг хангасан учраас нотлох баримтаар үнэлсэн байдаг. Учир нь: “Ж Э П”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь нэхэмжлэгч ““С Д Ө Э А”” ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 20-ноос 2 017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 4 833 414 юанийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Харин Ванг И Хонгийн зээлийн дебит картын дэлгэрэнгүй хуулга дээр 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 3 340 000 юанийг БНХАУ-ын иргэн Сүн Зи Хуа /Sun zi Hua/ 6228480389*****5171 тоот данстай болон түүний охин Сүн Жэн /Sun Qiao Zhen/ 6222081208*****9979 тоот данстай нарт олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн үйл баримтууд бүрэн тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа “Ж Э П”” ХХК-ийг нийтдээ 9 982 620 юанийн үлдэгдэл төлбөртэйгээс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нийтдээ 1 604 300 юанийг төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Харин хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ж Э П”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванг И Хонг нь шүүхэд гарган өгсөн тайлбартаа “... Гэтэл “Си Ди Өу Эй Ар” ХХК-ийн Sun zi Hua эхнэрийн хамт намайг БНХАУлс руу ажлын шаардлагаар явж байхад төлбөрөө өгөх чадахгуй хэмээн ойлгож. тухайн компанийн захирал Sun zi Hua эхнэртэй нь надруу удаа дараа утсаар холбогдож төлбөрөө төлөхийг шаардан Sun zi Hua-ийн зүгээс тэгвэл чи “Ж Э П”” ХХК төлбөрийн асуудлаар гэрээ байгуулчих гэж хэлсэнд нь аргагүй нь эрхэнд компанийнхаа захирал Yang Wenzhong-д лавлаж асууж Yang Wenzhong нөхцөл байдлыг танилцуулж 2016 оны 8 сард “Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ”-г байгуулсан байдаг. Иймээс ““С Д Ө Э А”” ХХК-ийн Sun zi Hua болон “Ж Э П”” ХХК-ийн хооронд байгуулсан “Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээ” нь гэрээний дагуух төлбөр нь миний бие Wan Yihong төлж барагдуулах ёстой. Харин “Ж Э П”” ХХК биш, нэмэлт байгуулагдсан гэрээ бол хүчингүй гэрээ юм.” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн бөгөөд төлбөр төлсөн баримтуудаа шүүхэд гарган өгсөн ба гэрч Сүн Зи Хуа “... мэдэхгүй, Энэ зарим данс нь манай охины данс мөн” гэсэн тайлбар аар мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс дээрх тайлбар, мэдүүлгийг харгалзан үзэхгүй зөвхөн нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй шийдвэрлэсэн. Мөн хувьцаа эзэмшигч Ванг И Хонгоос ““С Д Ө Э А”” ХХК-д хүлээсэн үүргээ биелүүлэн дээрх төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байгуулсан гэрээ нь бодит байдалтай нийцсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан нэхэмжлэгч талаас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний үүргийг шаардаж, үүний дагуу хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үүргийн дагуу хариуцагч талаас нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хэргийг шүүх хурлаар шийдвэрлэх хүртэл нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, түүнтэй холбоотой баримт, сөрөг нэхэмжлэлийн шаардлага зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуу төлбөрийг шаардаж байна хэмээн ойлгосоор ирсэн нь тодорхой байдаг. Харин нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж байх үед 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээний дагуу төлбөрийг шаардсныг өөрчилж, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн байхад хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхээр анхан шатны шүүхээс хангаагүй. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүгчийн зүгээс анхаарч үзэхийг ч хүсээгүй, үл тоомсорлож, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх зарчим-ыг тус тус ноцтой зөрчсөн. 2.Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны

ашиг сонирхлыг хамгаалахаар бүхий л арга хэмжээг авах хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Голомт банкнаас гаргуулахаар хүсэлтийг гаргаж, үйлчлүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан Монгол Улсад байхгүй байгаа гэдгийг нэхэмжлэл гардан авсан үеэс эхлэн тайлбарласаар ирсэн. Уг хүсэлтийг шүүхээс “...Хариуцагчийн өмгөөлөгч Э.Жамц нь өмгөөлөгчийн хувиар уг баримтыг авахаар хандсан үйл баримтыг зохиогч өөрөө олж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл “Ж Э П”” ХХК нь өөрийн байгууллагын хийсэн гүйлгээний баримтыг авах боломжтой байна...” хэмээн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 “... Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй...” гэж заасан өмгөөлөгчийн эрхийн баталгааг үл тоомсорлосон гэж үзэхээр байна. 3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцааж буй тайлбар болох 2 015 оны б дугаар сарын 16-наас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 3,340,000 юанийн төлбөрийг БНХАУ-д давхардуулахгүй Сүн Зи Хуа /Sun zi Hua/-д мөнгө шилжүүлснээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар “Бүгд Найрамдах Хятад Ард Улстай байгуулсан иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа, харилцан үзүүлэх тухай “Монгол Улсын Олон Улсын гэрээний дагуу БНХАУ-ын “industrial and commercial bank of china” гэсэн нэртэй банкнаас “Ж Э П”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Wan Yihong-ийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс түүний дансны баталгаажих боломжгүй банкны тамгатай хувийг нотлох баримтын шаардлага хангасан хэмээн хүлээн авч, хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дээрх баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасантай нийцээгүй. 4. “Ж Э П”ХХК болон “С Д Ө Э А”ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Санни таун төслийн эргэн төлөлтийн нэмэлт гэрээг байгуулсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “... Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна...” гэж зааснаар албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулуулаагүй байхад нотлох баримтаар үнэлэн шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрсөн байна /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар тал/. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч талаас гаргасан баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож шийдвэрлэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 .2,38 дугаар зүйлийн 38.1, 38.8-д заасныг тус тус зөрчсөнийг дурьдах нь зүйтэй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “С Д Ө Э А”ХХК нь хариуцагч “Ж Э П”ХХК-д холбогдуулан 8 378 320 юань буюу 3 008 152 013 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагад үндсэн өр 5 866 700 юань, 1 жил 7 сарын хүү 1 002 220 юань, барилга барих ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангуулахаар баталгаанд үлдээсэн 1 510 000 юань багтсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, 2016 оны 08 сарын 19-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “Ж Э П”ХХК үүрэг хүлээхгүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 866 700 юань буюу 2 106 379 968 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй зохигч талуудын байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэл өр хүлээн авсны үндсэн дээр үүссэн гэрээний харилцаа болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрөл олгосны үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн өрийг шилжүүлэн авах тухай талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй, уг хэлцлийг талууд хуульд заасан хэлбэрээр байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагч “Ж Э П”ХХК нь “С С Э Ж”ХХК-ийн “С Д Ө Э А”ХХК-д төлөх өрийг хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэлд “Ж Э П”ХХК нь “С Д Ө Э А”ХХК-д 8 631 000 юанийг төлөх үүргийг хүлээсэн болохыг тусгаж талууд гарын үсгээ зурсан, үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 7 471 000 юань төлөгдөөгүй талаар талууд тооцоо нийлсэн байна.

Дээрх тооцоог нийлснээс хойш “Ж Э П”ХХК нийт 1 604 300 юань төлсөн, үлдэх 5 866 700 юанийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөр, баталгааны төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй юм.

2. Хариуцагч “Ж Э П”ХХК өр хүлээн авахаас өмнө “С С Э Ж”ХХК-ийн зүгээс  “С Д Ө Э А”ХХК-д төлөх төлбөр 2015.05.08-ны байдлаар 9 549 934 юань байсан, 2015.6.20-2017.08.14 хүртэл хугацаанд 4 833 414 юань төлснөөс үзвэл үлдэгдэл төлбөр 8 631 000 юань байх боломжгүй боловч “Ж Э П”ХХК 8 631 000 юанийг төлөхийг зөвшөөрч, улмаар 2017.08.14-ний өдөр 7 471 000 юань төлөх дутуу байгаа талаар тооцоо нийлсэн тул шүүх талуудын байгуулсан гэрээ, тэдгээрийн үйлдсэн тооцоонд тулгуурлан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, эрх үүргийг бий болгодог тул тэдгээрийн байгуулсан гэрээг баримталсан шүүхийн хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар буюу төлбөрийн хэмжээг буруу тогтоосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

3. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 сарын 19-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр тул “гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “Ж Э П”ХХК төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 1 604 300 юань буюу 592 211 302 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хариуцагч “Ж Э П”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00354 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 932 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 689 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА