Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0150

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 06 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0150

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: З ХХК

Хариуцагч: Н З Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Н З Д2013 оны 07 сарын 01-ний өдрийн А/635 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжлах тухай” захирамжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Орон сууцны 7-р хороолол орчим” /ХЕТ-2013/1 багц, “3” блок/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан билээ.

Компанийн зүгээс төслийн үйл ажиллагааны хүрээнд барилгын инженер, геологийн Т Ү ХХК-иар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт хийлгэж, “3” блокийн зургийг Туркийн компаниар 100% гүйцэтгүүлж дууссан бөгөөд эскиз зургаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, геологийн ажлыг 100% хийж дууссан. Мөн тухайн газарт байрлах нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 90 гаруй хувьтай харилцан тохиролцож, барилгын ажлыг эхлүүлэн их хэмжээний зардал гарган төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд урьдчилсан бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж, төслөө цаашид үргэлжлүүлэх боломж бүрдсэн байсан. Гэтэл Н З Д2018 оны 5 сарын 14-ний өдрийн А/433 дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжаар Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т заасныг үндэслэн З ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй гэж үзэж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Дээрх захирамжийг 2018 оны 5 сарын 15-ны өдөр Гэр хорооллын дэд бүтцийн газрын 03/419 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор олж мэдээд 2018 оны 6 сарын 04-ний өдөр Н З Дад хандан төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсантай санал нийлэхгүй байгаа, төслийг үргэлжлүүлэх бололцоог нээж өгөх тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч 2018 оны 6 сарын 20-ны өдөр манай албан тоотын хариу болгож Гэр хорооллын дэд бүтцийн газраас “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн аван эс зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байна.

З ХХК нь тухайн байршлын бүх блокын иргэдтэй уулзаж, хоёр талт болон гурван талт гэрээг байгуулан, бүх зураг, геологийн ажлууд, архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэж, барилгын суурийг бэлэн болгон, ерөнхий төлөвлөгөөний зураг өөрчлөгдөж хүсэлтийг НЕТГ болон ГХДБГазарт батлуулахаар өгсөн зэрэг ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэсэн байтал барилгын ажлыг эхлүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд гурван талт гэрээний аль үүргийг зөрчсөн нь тодорхойгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтална” гэж заасан байх боловч Н З Даас уг хуулийн зүйл заалтыг биелүүлээгүйгээс манай компани холбогдох нотлох баримтыг гаргаж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох байсан юм. Иймд дээрх шийдвэрийн улмаас З ХХК-д их хэмжээний хохирол учирч өнөөдрийг хүртэл хүчин чармайлт гарган хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа үр шимийг хүртэж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд

 

гаргасан тайлбартаа:

“З ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл танилцуулгаар хамгийн өндөр саналыг дэмжигдсэн байдаг. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.15-д “Төслийн танилцуулгын үр дүнд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан аж ахуйн нэгж нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-иас доошгүй хувийн зөвшөөрөл авч, хоёр талт гэрээ байгуулна. Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна” гэж заасны дагуу энэхүү заалт нь хоёр талт гэрээ болон гурван талт гэрээний хавсралт болон заагдсан. Үүний дагуу 75 хувьд хүрсэн буюу 75 хоёр талт гэрээг “З” ХХК байгуулсан байдаг. Тус журмын 3.20-д “Н З Да энэ журмын 3.15 дэх заалтын хэрэгжилт, төслийн төлөвлөгөөг хянасан Төслийн удирдах хорооны саналыг үндэслэн ажлын хэсгээс шалгаруулсан аж ахуйн нэгжийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно” гэж заасны дагуу манай компани Н З Д 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/635 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжлах тухай захирамжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны 7 дугаар хороолол орчим /ХЕТ-2013/1 багц, З блок/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан. Үүнээс хойш З ХХК нь “З” блокт тодорхой ажлыг хийж гүйцэтгэн. “З” блок нь бусад блокийг бодвол онцлогтой бөгөөд тухайн талбайн 90 орчим хувийг барилгын материалын худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байдаг. З ХХК нь дээрх иргэн, аж ахуй нэгж байгууллагатай хоёр болон гурван талт гэрээг 2017 оноос хойш шинэчлэн байгуулсан. Мөн барилгын инженер, геологийн “Т Ү” ХХК-тай хамтран тухайн газрын геологийн судалгааг бүрэн хийж, мөн “З” блокийн зургийг Турк улсын компаниар 100 хувь гүйцэтгүүлж дууссан. 2016 онд Ерөнхий төлөвлөгөөний зургийг бүрэн дуусгаж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн. Энэхүү төсөлд З ХХК нь 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж, зардал гаргасан байдаг. 49 аж ахуй нэгж, иргэнтэй тухайн төслийг сайжруулахын үндсэн дээр холбогдон ярьж тухайн газарт дахин эскез зургийг хийлгэсэн. Энэ эскез зураг нь барилгын материалын дэлгүүрүүдийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжид тохируулсан зураг төслийг гаргасан. Үүнийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт баталж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд үүний дагуу хоёр болон гурван талт гэрээ шаардлагатай гэсэн тул Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газар мөн хүсэлт гаргасан байдаг.

Өнгөрсөн хугацаанд барилгын салбар эдийн засгийн уналтад орсон бөгөөд 2016 он, 2017 оны эхэнд З ХХК нь мөн эдийн засгийн хямралд орсонд Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас батламж олгосон байдаг.   

Гэтэл Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжаар Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т заасныг үндэслэн З ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй гэж үзэж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл дээрх үндэслэлээр барилгын ажил эхэлсэн. Энэ захирамж гарснаар З ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа учир А/443 дугаартай Н З Дзахирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол орчмын 210 га талбайг сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу Н З Д2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны VII хороолол орчмын “З” хэсэгчилсэн талбайд З ХХК-ийг эхний ээлжид шалгаруулан улмаар Н З Д2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/635 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20, 4.11-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, Н З Да түүнийг төлөөлж манай байгууллагатай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22-т “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна”, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 4.1-д заасны дагуу “Төсөл хэрэгжүүлэх газрыг чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах” үүрэгтэй.

Гэвч З ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхөцлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болсон.

Иргэдийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага анхааруулж, шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй одоог хүрсэн. Ийнхүү төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны саналыг үндэслэн Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжаар З ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“З ХХК шалгарч үндсэн үйл ажиллагаа явуулах хугацаа 2018 онд 5 дугаар сарын 11-ний өдөр цуцлах үеэр хийсэн байгаа. Үйл ажиллагааны үндсэн журам, хоёр болон гурван талт гэрээнд заасан шаардлагуудыг Н З Дхэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газар, дараа нь өөрчлөн зохион байгуулагдсан Дэд бүтцийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлт төсөлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санамжийг удаа дараа өгсөн боловч 2018 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй. Мөн иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхгүй, улсаас зохион байгуулсан бүтээн байгуулалтын ажлыг хойш нь тавьж байсан тул гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамжаар Н З Да гурван талт гэрээний нэг тал болж орсны хувьд өөрийн үүргийг гүйцэтгэж дэд бүтэц болон нийтийн зам талбайг өөрийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгчид давуу эрх олгож гүйцэтгүүлсэн. Энэ ажил 100 хувь гүйцэтгэж дууссанаас хойш 3 жил болсон байна. Дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглахгүй үр ашиггүй царцааж байсан тул “Улаанбаатар дулаан түгээх” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” ТӨХК нь тухайн орчимд байрласан аж ахуй нэгж иргэдийн барьсан хувийн орон сууц, үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд тухайн дэд бүтцийн 10 хүрэхгүй хувийг ашиглуулж байна.

Нийслэлийн зүгээс тавьсан гол шаардлага бол дэд бүтэц хангалттай хөрөнгө байхад менежментийн хувьд өөрсдийн эргэлтийг хийж чадахгүй иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчин, Н З Дөмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй гэдэг үндэслэлээр Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай захирамж гарсан.

Энэ төслийг эрчимжүүлэх, Н З Да хүлээсэн үүргээ биелүүлж утаа, агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх ёстой гэсэн хугацаатай үүргийг удаа дараа өгч байсан ч энэ үүргээ биелүүлэх боломжгүй, санаачлага гаргаж ажиллахгүй байсан тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж тухайн төслийг амжилттай явуулах зорилгоор энэ захирамж гарсан боловч шүүхэд маргаан үүсэж уг төсөл хөтөлбөр түдгэлзэж нэг жил болж байна.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХК нь тус шүүхэд “Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үнэлж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын дагуу тогтоосон байршлын ХЕТ-2013-1 багцын “З” хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр З ХХК-ийг шалгаруулж, Н З Д2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/635 дугаар захирамжаар батламжилсан байна.

З ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсанаас хойшхи хугацаанд төслийн газар чөлөөлөлт, барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээгүй байгаа талаар 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг үндэслэн Гэр хорооллын дэд бүтцийн газраас З ХХК-д төслийн ажлыг эхлүүлэх, гурвалсан гэрээг байгуулах үүргийг шаардаж, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02/721, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03/337, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02/721, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/55 дугаар албан бичгийг тус тус хүргүүлж байжээ.

Гэр хорооллыг барилгажуулах төслийн Хяналтын хорооны хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/2 тоот шийдвэрээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Орон сууцны VII хорооллын “З” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч З ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах”-аар шийдвэрлэсний дагуу Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжаар ХЕТ-2013/1 багцын “З” хэсэгчилсэн талбайд Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан З ХХК-ийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн байна.

Учир нь: Төсөл хэрэгжих үед мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.14-т “Гурван талт гэрээг Н З Да, түүнийг төлөөлж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулна.” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч З ХХК нь төсөл хэрэгжүүлэх “З” блокт иргэн, аж ахуйн нэгжтэй Гурван талт гэрээ байгуулсан гэх боловч Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүчин төгөлдөр байгуулагдсан Гурван талт гэрээ  байхгүй болох нь тус байгууллагын архив, бичиг хэрэгт хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдсон бөгөөд “...З ХХК-ийн газар өмчлөгч ашиглагчтай байгуулсан 78 ширхэг 2 талт гэрээ байгаа.” талаар нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/862 дугаар албан бичигт дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н З Даас дэд бүтэц болон нийтийн зам талбайг нийслэлийн төсвийн хөрөнгөөс 3 тэрбум төгрөг батлуулж, төсөл хэрэгжүүлэгч З ХХК-д давуу эрх олгож гүйцэтгүүлсэн. Энэ ажил 100 хувь гүйцэтгэж дууссанаас хойш 3 жил болсон байна. Дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглахгүй, үр ашиггүй байсан тул “Улаанбаатар дулаан түгээх” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар” ТӨХК нь тухайн орчимд баригдсан иргэн, аж ахуй нэгжийн барилга орон сууцанд дэд бүтцийн 10 хүрэхгүй хувийг ашиглуулж байна.” гэж, нэхэмжлэгчээс “... нийслэлийн төсвөөс 2.796 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дэд бүтцийг барьсан” гэсэн  тайлбарыг гаргаснаас үзэхэд төсөл хэрэгжүүлэх талбайд нийслэлийн төсвийн хөрөнгөөр З ХХК-ийн гүйцэтгэсэн дэд бүтэц тус компанийн төслийн хэрэгжилтээс шалтгаалан зорилго, үр дүндээ хүрээгүй бөгөөд “өнөөг хүртэл төслийн ажил эхлээгүй, төсөл хэрэгжүүлэх “З” хэсэгчилсэн талбай дахь иргэд, аж ахуй нэгжийн ашиг сонирхол зөрчигдсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч З ХХК-иас шүүхэд ирүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/162 дугаар Хүнд нөхцөл байдлын гэрчилгээнд З ХХК-ийг “... гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүйг” тодорхойлсон байхад хариуцагчид төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсноо мэдэгдээгүй байна.  

З ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт “... ерөнхий төлөвлөгөөний зургийг өөрчлөх” хүсэлтийг гаргаж байсан гэж тайлбарласны дагуу тодруулахад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09/5008 дугаар албан бичгээр З ХХК-ийн Гэр хорооллын дахин төлөвлөлт /”З” блок/ батлагдсан загвар зураг, ерөнхий төлөвлөгөөг ирүүлсэн бөгөөд З ХХК-иас ерөнхий төлөвлөгөөг өөрчлүүлэхээр зураг төсөл, тодотгол өгсөн талаар дурдагдаагүй байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.1-д ”хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 11.1.4-д “Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, 11.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, Н З Да гурван талт гэрээ байгуулна.”, 24.1-д “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна.”, 26.1-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.”, 26.4.1-д “төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх” бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ.

Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-д “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж заажээ.

Дээр дурдсан хууль тогтоомжийн хүрээнд Н З Да буюу гэр хорооллын дэд бүтцийн газраас З ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчээр  шалгарсан 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс маргаан бүхий захирамж гаргах хүртэл төслийн хэрэгжилтийн талаар ирүүлсэн гомдол, саналын дагуу мэдэгдэл шаардлагыг өгч, төсөл хэрэгжүүлэхийг шаардаж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд  Хяналтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/2 дугаар шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч З ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар шийдвэрлэсний дагуу Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжаар З ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн байх тул уг захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах заалтыг Н З Да биелүүлээгүй” гэсэн тайлбар нь З ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гарсаныг мэдэгдсэн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/275, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/419, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/569 дүгээр албан бичгээр тус тус үгүйсгэгдэж байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/Ш32018/5336 дугаар захирамжаар Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн Н З Дад холбогдуулан гаргасан “Н З Д2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/433 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН