Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2014/0467

 

2014 оны 12 сарын 04 өдөр                    Дугаар 467                                          Улаанбаатар хот

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээд “Х” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М-ын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г-ийн нэхэмжлэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Т” хотхоны 105 дугаар байрны 402 тоотын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгуулахыг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр хандаж буй орон сууцны 105 дугаар байр нь “Э” ХХК /2823632/-ний өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд тухайн эд хөрөнгө нь “З” банк болон Бүгд найрамдах Солонгос улсын “Хана" банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6683 дугаар захирамжийг үндэслэн гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 11/3253 тоот, 1/6542, 2012 оны 2/4309, 2/9393 тоотууд, 2013 оны 2/2931, 2/2236 тоотууд Цагдаагийн еренхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/4-4235 албан тоотуудаар тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.

 

Тухайн орон сууцны барилгын захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна. Иймд "Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18.1.10, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн хууль”-ийн 20.1.4-т заасныг үндэслэн “Т” хотхоны 105 дугаар байрны 402 тоотыг салгаж бүртгэн гэрчилгээ олгох боломжгүй юм. Нэхэмжлэлд дурдагдсан “М” хотхон болон “Э” ХХК-ний хооронд байгуулсан гэрээний асуудлыг манай байгууллага мэдэхгүй бөгөөд уг орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь нотлогдохгүй байх тул иргэн Д.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Гуравдагч этгээд “З” ХХК дахь банины эрх хүлээн авагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний үндэслэл: “М” хотхон болон “Э” ХХК-ийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр “М” хотхон-ийн эзэмшлийн газрын төлбөрт “Г” орон сууцны барилгаас 6 байрыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Энэхүү гэрээ нь "Зоос" банк ХХК, “Э” ХХК, бусад хөрөнгө оруулагч талуудын хооронд байгуулсан “Г" орон сууцны цогцолборыг санхүүжүүлэх гэрээ хэлцлүүдээс өмнө байгуулсан бөгөөд талуудын хоорондын тохиролцоогоор дээрх 6 байр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгөд хамаарахгүй байна. Иймд иргэн Д.Г захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг “З” банк дэмжиж байгаа болно гэв.

Гуравдагч этгээд "Хана" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мын шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний үндэслэл: “Хана” банк нь 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-тай Бонд захиалгын гэрээ байгуулсны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийн хангах арга болгон баригдаж дуусаагүй буюу улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилгыг барьцаалж, мөн 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан юм. Энэхүү барьцаалсан хөрөнгийн нэг хэсэг нь нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Т” хотхоны 105 дугаар байр ордог. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Г” хотхоны 105 дугаар байр нь 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э

 

” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, дараа нь “Х” банканд барьцаалагдсан байдаг. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 11/3253, 1/6542, 2012 оны 2/4309, 2/5394. 2/9693, 2013 оны 2/2931, 2/2236 тоот албан бичгүүдээр тухайн орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн гэх үйл баримт байдаг. Нөгөө талаар “Хана” банкны нэхэмжлэлтэй “Э” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд одоог хүртэл хийгдэж байгаа бөгөөд энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс барьцаанд байгаа орон сууцуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан нь иргэн Д.Г-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүрмийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болно. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Х” банкны хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар 12 дугаар сарын 17-ны өдрийн 6683 дугаар, мөн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5761 дүгээр захирамж гарснаар 105-р байрны өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлэхийг хориглосон юм. Өөрөөр хэлбэл Д.Г-ийн эзэмшиж буй гэх Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Т” хотхоны 105 дугаар байрны 402 тоот орон сууцны өмчлөлийн асуудал иргэний шүүхээр нэг мөр шийдэгдээгүй, барьцааны гэрээгээрээ тэргүүн элжинд "Хана" банкны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй үлдээж өгөхийг хүсье." гэжээ

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар, түүний үндэслэл: “Э” ХХК-тай 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр “М” хотхон-ийн эзэмшлийн газрыг “Э” ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар шилжүүлэн өгч барилга ашиглалтад орсны дараа “Э” ХХК нь “Г” орон сууцны хотхонд 6 ширхэг орон сууцыг “М” хотхон-ийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан.

“Э” ХХК нь 2009 оны 7 дугаар сард орон сууцаа барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн болно. “Э” ХХК нь гэрээний дагуу 6 ширхэг байраа “М” хотхон-нд үнэ төлбөргүй хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болно. Иймд иргэн Д.Г нь “Э” ХХК-нд төлбөр тооцооны ямар нэгэн өргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд манай компани оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Г” хотхоны 105 дугаар байрны 402 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Гийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Г-ийн 402 тоот орон сууцны өмчлөгчөөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Иргэн Д.Г-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд болох “Х” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.М миний бие оролцож байгаа билээ. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг явагдаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 453 дугаартай шийдвэр гарсан ба тус шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд.

Гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн тухайд: У.М би нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.М-д 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 07 минутад хүлээлгэн өгсөн боловч 14 цаг 30 минутын үед буюу шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгчийн туслахад өгсөн байна. Уг хүсэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлох, мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх байсан ба гуравдагч этгээдийн хувьд ач холбогдолтой байсан юм. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн тамгын газрын ажилтны хариуцлагагүй байдлаас болон гуравдагч этгээд миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн.

Мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Шүүх хурлын товыг албан ёсоор мэдэгдэж гарын үсэг зураагүй байхад

шүүх хуралдааныг гуравдагч этгээдийг биечлэн оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан байна. Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэв.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нотлох баримтын үндсэн дээр маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Т" хотхоны 105 байрны 402 тоот байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад “Э” ХХК- ийн хувь нийлүүлэгчдийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор “З” банк, БНСУ-ын “Х” банкнуудад барьцаалахыг зөвшөөрч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл “М” нэгдэл, “Э” ХХК хоорондын 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулснаар “М” нэгдэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12000 м.кв газрыг “Э” ХХК-д ашиглуулж, тухайн газарт баригдах орон сууцнаас 105 дугаар байрны 402 тоот орон сууц гэх мэтчилэн 6 байрыг авахаар тохирчээ.

Үүний дагуу “М” хотхон-ийн захиргааны орон сууц хуваарилагч комиссын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Д.Г-д 2 өрөө байрыг үнэ төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэсний дагуу 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Э” ХХК-тай “Орон сууц үнэ төлбөргүй шилжүүлэх” гэрээ байгуулжээ.

“Э” ХХК, “М” нэгдэлтэй хийсэн гэрээ ёсоор байр ашиглалтад ороход 2009 оны 07 дугаар сараас нэхэмжлэгч Д.Г тухайн байрандаа нүүж орсон байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г-ийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Т” хотхоны 105 дугаар байрны 402 тоот орон сууцыг өмчлөх эрх нь “Э” ХХК, “М” нэгдэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулах үед үүссэн байх бөгөөд гуравдагч этгээд “Хана” банкны барьцааны эрхэс цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн болох нь тогтоогдож байна.

Тиймээс анхан шатны шүүхийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Т” хотхоны 105 дугаар байрны 402 тоот орон сууцыг Д.Г-ийн нэрээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна

 

 

Гуравдагч этгээдэд шүүх хурлын товыг мэдэгдэж, хуралд оролцох эрхээр хангаагүй гэх гомдлын тухайд: 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хурлыг товлон зарлах захирамж гаргаж, шүүгчийн туслах 09 дүгээр сарын 17-ны өдөр тухайн сарын 26-ны өдөр болох шүүх хурлын товыг мэдэгдсэн байх бөгөөд тухайн товлогдсон шүүх хуралд гуравдагч этгээдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хурлыг нэг удаад хойшлуулж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүх хурлыг зарласан байна. Хуралд оролцохоор ирсэн хэргийн оролцогчдод хурлын товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байна Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчид хойшилсон хурлын товыг шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн байгаа тул шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн шүүх хуралд оролцох боломжоор хангах үүргээ биелүүлсэн учир хурлын тов мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.