Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 903

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 01 өдөр

      Дугаар 151/ШШ2017/00903

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Хустайн төвийн байранд байрлах “Хустайн цогцолбор газар” төв /УБД:9071044112, РД:1030914/

Хариуцагч: Төв аймаг, Аргалант сум, 1-р баг, Аргалын уул, аргал 4 гудамж, 7 тоотод оршин суух Сод овгийн Сандагийн Мягмар /РД:УХ81111015/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 200 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... С.Мягмар нь 2014 оны 12-р сарын 17-ны өдөр ... төвийн дэргэдэх орчны бүс хөгжүүлэх сангаас 8 000 000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөх хугацаа 2016 оны 12-р сарын 17-ны өдөр дууссан боловч өнөөг хүртэл зээл, хүү, алдангиа төлөхгүй байгаа тул үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 2 304 000 төгрөг, алданги 2 896 000 төгрөг нийт 13 200 000 төгрөгийг төлүүлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төв 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: “С.Мягмарыг алдангийн төлбөрөөс чөлөөлөх болсон тул үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 2 304 000 төгрөг нийт 10 304 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... Хустайн байгалын цогцолбор газрын 10 сая 304 мянган төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг 2017 оны 12 сарын 1 гэхэд бүрэн төлж барагдуулна. Хэрэв уг хугацаанд барагдуулаагүй нөхцөлд хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төв хариуцагч С.Мягмарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг  10 304 000 төгрөг болгон өөрчилжээ. Хариуцагч С.Мягмар нь “Хустайн цогцолбор газар” төвийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 10 304 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төвийн 13 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж 10 304 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 179 814 төгрөгийн тал хувь болох 89 907 төгрөгийг хариуцагч С.Мягмараас, тал хувь болох 89 907 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төвд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төвийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 10 304 000 төгрөгийг хариуцагч С.Мягмар төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төвийн 13 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж 10 304 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 179 814 төгрөгийн тал хувь болох 89 907 төгрөгийг хариуцагч С.Мягмараас, тал хувь болох 89 907 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хустайн цогцолбор газар” төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                       А.ЭНХТӨР