| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0908/И |
| Дугаар | 906 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 906
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00906 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, зээл 19 гудамж, 39 тоотод оршин суух Боржигон овгийн Лувсандоржийн Энх-Амгалан /РД:НЩ67011367/
Ажиллаж байсан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн Залуучууд сангийн аж ахуйн ногоо бригадад 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Мөн миний төрсөн хүү Лхагважаргалын төрсний гэрчилгээг олгохдоо миний эцгийг Лувсан-Очир гэж буруу бичсэн байгааг Лувсандорж гэж тогтоож өгнө үү." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Энх-Амгалан улсад ажиллаж байсан байдал тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хавтаст хэрэгт:
-нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Л.Энх-Амгаланд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олгосон №095874 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “1984.06.23 трактор комбайнчаар авч ажиллуулав”, “1986.01.01 Ногоо бригадад нормчноор шилжүүлэн ажиллуулав”, “1992.03.19 Ногоочноос чөлөөлөв”, “1992.03.19 Ногоо бригадад нормчноор авч ажиллуулав” гэх бичилт,
-Төв аймаг Цээлийн “Залуучууд” Сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 468 дугаар “Чөлөө олгох тухай” тушаалд “Лувсандоржийн Энх-Амгаланд... чөлөө олгосугай” гэх бичилт,
-Төв аймаг Цээлийн “Залуучууд” Сангийн аж ахуйн даргын 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтад “Лувсандорж Энхамгалан” гэх бичилт,
-Төв аймгийн “Залуучууд” Сангийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалд “ногоочин Л.Энхамгалан” гэх бичилт,
Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд уг баримтуудыг үндэслэн Л.Энх-Амгаланг Төв аймгийн “Залуучууд” сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Энх-Амгалан өөрийн төрсөн хүү Галбадрахын Лхагважаргалд олгосон 69 дүгээр төрсний гэрчилгээнд эхийн овог Лувсан-Очир гэж бичсэнийг Лувсандорж гэж засуулах буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргажээ. Хавтаст хэрэгт:
-Галбадрахын Уранбилэгт олгосон 71 дүгээр төрсний гэрчилгээнд “Эхийн овог Лувсандорж нэр Энх-Амгалан” гэх бичилт
-Галбадрахын Лхагвасүрэнд олгосон 147 дугаар төрсний гэрчилгээнд “Эхийн овог Лувсандорж нэр Энх-Амгалан” гэх бичилт
-Галбадрахын Энхадъяад олгосон 15 дугаар төрсний гэрчилгээнд “Эхийн овог Лувсандорж нэр Энх-Амгалан” гэх бичилт
-Галбадрахын Лхагважаргалд олгосон 69 дүгээр төрсний гэрчилгээнд “Эхийн овог Лувсан-Очир нэр Энх-Амгалан” гэх бичилт хийсэн талаарх нотлох баримт авагджээ.
Балдандоржийн Галбадрах, Лувсандоржийн Энх-Амгалан нар гэр бүл болох нь тогтоогдож байх бөгөөд тэдний дундаас 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүү Г.Лхагважаргал, 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин Г.Лхагвасүрэн, 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин Г.Уранбилэг, 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Энх адъяа нар төржээ. Хүү Г.Лхагважаргалд төрсний гэрчилгээ олгохдоо гэрчилгээ бичсэн бүртгэлийн ажилтны хайхрамжгүй үйл ажиллагаанаас шалтгаалж эхийн овгийг Лувсан-Очир хэмээн буруу бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь охин Г.Лхагвасүрэн, охин Г.Уранбилэг, хүү Г.Энх адъяа нарт олгосон төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэн нотлох баримтаар үнэлж Г.Лхагважаргалд олгосон төрсний гэрчилгээнд бичигдсэн эхийн овог нь Лувсан-Очир бус Лувсандорж мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Лувсандоржийн Энх-Амгалан /РД:НЩ67011367/-г 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Г.Лхагважаргал /НЩ86030578/-ын төрсний гэрчилгээнд бичигдсэн эхийн овог Лувсан-Очир бус Лувсандорж мөн болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР