Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0328/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж овогт Б.С холбогдох эрүүгийн 2018004100381 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Б.С /РД: /, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв Гандангийн урд талын явган хүний зам дээр Б.Бын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чих, баруун шанаанд шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Э бид 2 тооцоогоо хийгээд буцаж гарч ирээд Төв гандангийн хашааны ертөнцийн зүгээр урдуур нь тойроод гараад ирсэн чинь манай найз Н бид нартай маргалдаад байсан залуутай сууж байхаар нь миний уур хүрээд тэр залууг /У/ барьж авсан чинь араас С гэх залуу нь миний толгой руу цохисон. Тэгээд би газарт унасан бөгөөд унахдаа хашаа мөргөж баруун хацраа зулгалсан... гэх хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 5-6/,

- ...Б найзтайгаа ирээд шууд намайг боосон. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд ноцолдож байхад цаанаас С ирээд Бын нүүр рүү буюу баруун хацар луу нэг удаа цохисон... гэх гэрч Д.Уын  мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- ...нөгөө муудалцдаг ах нэг найзтайгаа хамт ирээд манай найз Уын хүзүүнээс нь багалзуурдаж байгаад түлхээд унагаахад манай найз С хажуу талаас нь орж ирээд нөгөө ахыг нэг удаа нүүр хэсэг рүү нь гараагаа цохиход нөгөө ах унаад өгсөн...гэх гэрч Н.Хн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- ...Тэгэхээр нь би тэр хоёр залууг араас нь дагаад явтал Б гэх залуу нь Уыг бариад авахаар нь би араас нь очоод Бын толгой руу гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд Б нь газарт унахдаа явган хүний замын хашлага мөргөөд унасан... гэх шүүгдэгч Б.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- “Б.Бын биед 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 23:30 цагийн орчим зодуулсны улмаас гэмтэл учирсан байна. Б.Бын биед зүүн чих, баруун шанаанд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Бын биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 644 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,

- Б.Бын зүүн чих, баруун шанаа язарсан, зулгарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед зүүн чих, баруун шанаанд шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 400.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан Б.Сгээс Б.Бд 400.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 41/, хохирогч Б.Бын “...С бид хоёр эвлэрч, одоо надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 56/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Сгийн 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв Гандангийн урд талын явган хүний зам дээр Б.Бын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн чих, баруун шанаанд шарх, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/-аар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР