| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0606/И |
| Дугаар | 913 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 913
| 2017 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00913 | Зуунмод сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, шүүгч Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 1 хэсэг баатархайрхан гудамж 1558а тоотод оршин суух Харчад овгийн Нанжидын Дашдаваа /РД:ЧМ38022572/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Янжинцэвэл
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, 31 байр, 5 тоотод оршин суух Боржигон овгийн Ширчмаагийн Сэржмядаг /РД:НГ73050864/
“нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулсныг сэргээхэд 10 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинцэвэл, хариуцагч Ш.Сэржмядаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Дашдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1998 онд үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага болох “Байгаль ээж” санг 2002 оноос хойш тэргүүнээр нь томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд өөрийн хувийн хөрөнгө оруулалт, “Байгаль ээж” сан ТББ-ын үйл ажиллагааны үр дүнд тохижилт үйлчилгээний обьект ба бусад ажлыг хийж гүйцэтгэж байна. “Байгаль ээж” ТББ-аас гадна тус нутагт Дашпилжээлин хийдийг үүсгэн байгуулж, 108 суварга бүхий шашны цогцолборыг бүтээн байгуулж ажиллаж байгаа билээ.
Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэний, ямар зорилгоор захиалан хийлгэсэн нь мэдэгдэхгүй байгаа телевизийн нэвтрүүлэгт Ш.Сэржмядаг нь дараах байдлаар миний нэрийг гутаан доромжилж оролцсон. Тухайлбал “Ээж хайрханы урд доороос ус оргилон гарч байхад нь би сүү битгий дусаагаарай, хамгаалаарай гэж хэлэхэд над руу эвгүй хараад шөнө нь машинуудаар цемент авчраад таглаж цутгасан байсан, гадны хүний тавьсан пакеттай цайг эзний нь нүдэн дээр түлдэг” зэрэг илт худал мэдээллийг орон даяар телевизийн нэвтрүүлгээр цацаж ярьсан болно. Иймд энэ яриа нь миний нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндэд онц хохирол учруулсан тул гомдолтой байна. Нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндээ сэргээхэд 10 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт Ш.Сэржмядагаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ш.Сэржмядаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатараас телевизийхэн бололтой хүмүүс ирж Ээжийн талаар сонирхож энэ газрыг хэн эзэмшдэг, хүмүүсийн өргөсөн өргөл барьцыг яагаад хураадаг талаар асуугаад байсан бөгөөд тухайн үед би завгүй байсан, 2-т их юм ярьмаарүй байсан. Гэтэл шөнө 00 цагийн үед мал дээрээ очоод буцаад ирэхэд телевизийн хүмүүс яваагүй байсан. Энэ үед айлд очиж монгол архи уугаад халамцуу байсан тул юм ярьсан, гэхдээ миний ярьсан зүйл бүгд үнэн, худлаа ярьсан зүйл байхгүй. Хандив өргөсөн хүмүүсийн идээ, цагаа, чихэр, боов зэргийг нүдэн дээр нь хамж аваад уутлаад хүмүүст тарааж өгдөг, хандивын мөнгийг Дашдаваа гуай өөрөө авч Ээж хайрханыг засаж сайжруулаагүй, бүтээн байгуулалт хийгээгүй, Ээж хайрханы доороос булаг ч юмуу ус урсах чимээ гардаг, энэ хавийг битүү бетондоод усыг тагласан гэж боддог.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Сэржмядаг нь гадуур хонож өнждөг байгаад манайхыг сан байгуулсны дараа ирж энэ хүний амьдрал дээшилсэн. Тэнд амьдардаг ядуу хүмүүс Ээж хадны идээ будааг авдаг. Хамгаалах гэдэг үүднээс мөргөлчин түмний санаачилгаар хашаа хийсэн. Ш.Сэржмядаг мөнгө олох, ашиг сонирхлын үүднээс ийм зохион байгуулалттай зүйл хийж байгаа. Энэ бүгдээс болж Н.Дашдаваа нь шөнө нойргүй хонох болж, сэтгэл санаагаар унаж бие нь өвдсөн. Үндэслэлтэй гүтгэлэг хийсэн бол өөр хэрэг, Н.Дашдаваа гэдэг хүнийг явуулж байж үүнийг нь авна гэж бодож үүнийг хийж байгаа байх. Би зөндөө гуйж үзсэн, мөргөлчдөөс хүртэл хариуцагчид холбогдуулж санал хүсэлт ирдэг байсан. Хуульд захирагддаггүй зүйлс тэнд болдог. Санал хүсэлтийн дэвтэр байдаг манайд, тэр дэвтэр дээр гомдол, санал, хүсэлт бичсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч Н.Дашдаваа Төв аймгийн “Байгаль ээж” сангийн тэргүүнээр ажилладаг. Тэгтэл 2016 онд ETV телевизийн сурвалжлагч ”Ээж хадны эмгэнэл” гэж сурвалжлага хийхэд энэ хүн оролцож Ээж хадны урд ус оргилж байхад нь Н.Дашдаваа гуайд сүү битгий дусаагаарай гэхэд над руу муухай харснаа шөнө нь олон машинаар цемент авчраад тагласан гэж гүтгэсэн. Гаднын хүний пакеттай тавьсан цайг эзнийх нь нүүрэн дээр нь шатаадаг гэж худал мэдүүлсэн. Дашдаваа гэдэг нэрийг цохож яриад байсан, үүний улмаас манай нөхрийн нэр төрийг гутаасан. Одоо ч гэсэн энэ нэвтрүүлэг цацагдаж байгаа. Нэр, төр, эрүүл мэнд нийлээд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагч Ш.Сэржмядаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үнэнийг хэлсэн, худлаа зүйл хэлээгүй. Ээж хадны дороос ус гардаг байсан, би харж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 13-нд ETV телевизийн сурвалжлагч гэж хүн ирсэн. Тэгээд намайг ярилцлага өгчих гээд байхаар нь би ярилцлага өгөхгүй гэж хэлээд малчныдаа очоод шөнө ирэхэд телевизийнхэн явалгүй байж байхаар нь би ярилцлага өгсөн. Хүмүүс ирээд явж амжаагүй байхад тавьсан зүйлүүдийг нь бүгдийг нь хурааж аваад явахад нь ээжийн хишиг гэж өгдөг, 108 суварга барих гэж байгаа ахиухан мөнгө өгөөрэй гэж хэлдэг. Миний хүүгийн бие өвдөөд 2002 онд би хүүгээ тэврээд очиход Ээж хадны дороос ус гардаг байсан, үүнээс хойш 2012 онд ахиж гарсан. Бетондсон байсан тэр нь ховхроод унасан байсан. Сүү нь доошоогоо дусаад байхаар нь би малтаад үзэхэд ус ундарч байсан, тэгээд би Дашдаваа гуай эндээс ус гарч байна, та ширээгээ холдуулаад тавьчих гэхэд шөнө нь бетондоод хоносон байсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Дашдаваа хариуцагч Ш.Сэржмядагт холбогдуулан нь иргэн Н.Дашдаваагийн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндийг сэргээхэд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Дашдаваа нь 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Байгаль ээж” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тэргүүнээр бүртгүүлж, улсын бүртгэлийн 1471001100 тоот дугаартай 00007066 тоот гэрчилгээгээр “тахилга, шүтлэгтэй газар нутгаа хайрлан хүндэтгэж зорин ирсэн зочин, мөргөлчин, сүсэгтэн олны ая тухыг хангах, үндэсний ёс заншлыг сурталчлах, түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, шинээр бүтээхэд хандив туслалцаа үзүүлэх“ үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, Авдар Ихэр булаг гэх газарт үйл ажиллагаа явуулахаар гэрчилгээ авсан байна.
Мөн тус байгууллага нь Ээж хайрханы орчим газрыг хамгаалах, тохижуулах зориулалтаар эзэмшүүлэх 0292109 тоот гэрчилгээг Төв аймгийн Сэргэлэн сумын Газрын албанаас олгожээ.
Нэхэмжлэгч Н.Дашдаваа нь эрх олгосон дээрх баримт бичгийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших “Ээж хайрхан”-ы орчим газрыг 2002 оноос хойш хамгаалах, тохижуулах зориулалтаар эзэмшиж байгаа болох нь зохигч тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ЕТV телевизийн “Өнгө төрх” нэвтрүүлгээр “Ээж хадны эмгэнэл” нэртэй нэвтрүүлгийг тус телевизийн сурвалжлагч н.Шүрэнчимэг бэлтгэн нэвтрүүлсэн бөгөөд хариуцагч Ш.Сэржмядаг нь тухайн нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлчийн тавьсан асуултад хариулт өгсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинцэвэл нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “... Сэржмядаг телевизийн нэвтрүүлэгт “Ээж хайрханы ... доороос ус гарч байхад ... цемент авчраад таглаж цутгасан, ... гадны хүний тавьсан пакеттай цайг эзнийг нь харж байхад түлдэг зэрэг илт худал гүтгэсэн мэдээллийг ... орон даяар цацхад өөрийн биеэр оролцож мэдээлсэн. Н.Дашдаваа гэдэг нэрийг цохож яриад байсан. Төрийн бус байгууллагатай холбоогүй. Энэ нэвтрүүлэг гарснаар Н.Дашдаваа нь сэтгэл санаагаар унаж, өвдөж эхэлсэн. Ингээд Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж ЕТV телевизид холбогдуулан нэр төр сэргээлэх тухай нэхэмжлэл гаргаж, шүүх телевизийг дахин нэвтрүүлэг хийхээр шийдсэн байгаа, гэхдээ энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Харин Н.Дашдаваагийн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндийг сэргээхэд 10 000 000 төгрөг шаардлагатай байгаа тул хариуцагч Ш.Сэржмядагаас гаргуулж өгнө үү. Энэ 10 000 000 төгрөгөөр нэвтрүүлэг бэлтгэж Н.Дашдаваагийн нэр төрийг сэргээнэ гэж”,
Хариуцагч Ш.Сэржмядаг татгалзлын үндэслэлээ “... ЕТV телевизийн сэтгүүлч ирээд надаас ярилцлага авна гэхээр би асуусан асуултад хариулсан. Мөн Ээж хайрханы тухай бодит үнэнийг л ярьсан. Энэ яриагаар би Н.Дашдаваагийн нэр төрийг гутаасан зүйл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заажээ.
Нэр төр гэдэг нь тухайн иргэний ёс зүй, зан суртахуун, ажил, мэргэжлийн шинж чанарт хувь хүн, хамт олон, нийгмийн зүгээс өгч буй эерэг үнэлгээ бөгөөд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараах гэдэг нь бодит байдалд нийцээгүй мэдээллийг хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгодог.
Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн телевизийн нэвтрүүлэгт оролцож өгсөн ярилцлага нь бодит байдалд нийцээгүй мэдээлэл болох, мэдээллээс хамаарч нэхэмжлэгчийн нэр төр хэрхэн гутаагдаж, сэтгэл санаа, эрүүл мэнд хэрхэн яаж хохирсныг нотлох үүргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээнэ.
Нэхэмжлэгч Н.Дашдаваа дээрх ярилцлагаас шалтгаалж нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндийг сэргээхэд 10 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тухайлбал Г.Дашдаваагийн нэр хүнд гутаагдсан гэх нь түүний эрүүл мэндэд учруулсан гэх хохиролтой хэрхэн хамааралтай болох, эрүүл мэндээ хамгаалж эмчийн үзлэг, оношлогоонд хамрагдсан, төлбөр төлсөн гэх баримт бичгүүд хэрэгт байхгүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолсон баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан бичмэл баримтын шаардлага хангасан итгэмжлэл /хх-5/, Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоол /хх-6/, гэрэл зураг /хх-35-39/ болон флашинд хуулбарлан авсан “ETV” телевизийн “Өнгө төрх” нэвтрүүлгийн дүрс бичлэг зэргийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд хавтаст хэргийн 7,8-р тал дахь баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, 22, 80, 81 дүгээр тал дахь баримт тухайн хэрэгт хамааралгүй баримт болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н.Дашдаваагийн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулсныг сэргээхэд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар Н.Дашдаваагийн нэхэмжлэлтэй Ш.Сэржмядагт холбогдох нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулсныг сэргээхэд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Л.МӨНХЦЭЦЭГ
Б.ЦОЛМОН