Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/987

 

 

 

 

 

 

 

 

   2020        12           04                                     2020/ШЦТ/987

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

шүүгдэгч: Б.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн   хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа оёдол хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт   урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, Б.О

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

          Яллагдагч Б.О нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Са ” зочид буудалд хохирогч Б.У-гийг “гар утсаа өгчих машинтай найзыгаа дуудаад чамайг гэр лүү чинь хүргүүлээд өгье” гэж хэлэн итгүүлэн хуурч “Самсунг Жи-5” маркийн гар утсыг нь шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.У /хх-ийн 51-52, 53-54/, гэрч Ц.Баярсайхан /хх-ийн 55-56/, гэрч Б.Тэрбиш /хх-ийн 59/, гэрч Ц.Энхтайван /хх-ийн 60-61/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 70-71/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт хх-ийн 127/, Б.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-6/,  Б.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 77-80, 81-87, 90-91, 95-96, 99, 104-104, 112-114/, Б.Уий хүсэлт /хх-ийн 129/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Са ” зочид буудалд иргэн Б.У-гийг “гар утсаа өгчих машинтай найзыгаа дуудаад чамайг гэр лүү чинь хүргүүлээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн “Самсунг Жи-5” маркийн гар утсыг шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Б.Уийн /хх-ийн 51-52, 53-54/: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны оройн 21 цагийн үед Хархорингийн гүүрний хойд талд байрлах “Тэмүүлэн” нийтийн бүжгийн газарт өөрийн ажлын эгч Алтарганы хамт орсон. 20 минутын дараа манай ажлын эгчийн таньдаг Б.О гэх хүн бидний хажууд ирж суугаад юм яриад надтай танилцсан. Бид нар караоке ороод дуулсан. Эгч бид хоёр ажлын байр луу хонох гээд явж байтал Б.О намайг таксинд чирээд суулгаад явахаар нь “хаашаа явах гэж байгаа юм, эгч явах юм уу” гэж асуухад “танай эгч араас яваад ирнэ” гэж хэлсэн. Хорооллын эцэс өнгөрч зогсоод таксинаас буугаад “хоол иднэ” гээд намайг хоолны газар оруулаад бэлэн гоймон идүүлсэн. Хоолны газраас гараад Б.О намайг таксинд суулгаад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар тойрог дээр байдаг “Са ” зочид буудлын гадаа авчирсан. Б.О бид хоёр буудал руу ороод өрөө захиалсан.  Тухайн үед өрөөнд ороод бэлэн гоймон дахин захиалж идчихээд байж байхад “гар утсаа өгчих, машинтай найзыгаа дуудчихаад чамайг гэр лүү чинь хүргээд өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад буудлаас гарч яваад тэр чигээрээ алга болсон. ...саарал өнгийн “Самсунг Жи-5” маркийн гар утсыг 2017 оны 07 дугаар сард 599.000 төгрөгөөр авч байсан. Одоо 599.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 70-71/,

 

Б.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/: “...Би буудалд түр байж байгаад Б.Уийн гар утсыг гуйж аваад гадагшаа гарч эхнэр Баярсайхантай утсаар ярьж байгаад нилээн согтуу утсыг нь аваад гэр лүүгээ явсан. Би гэр лүүгээ очсоны дараа юу болсныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь Б.У надтай утсаар яриад “утсаа авъя” гэж хэлсэн. Би Б.Ут “нөгөөдөр утсыг чинь аваачиж өгье” гэж хэлээд өгөөгүй. Түүний утсанд өөрийнхөө 96091816 дугаарыг хийж хэрэглэж байгаад автобусанд хаясан. Би Б.Уийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг болон хохирлын мөнгө шилжүүлсэн баримт хх-ийн 127/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчид худал хэлж “Самсунг Жи-5” загварын гар утсыг нь авснаа мэдүүлсэн, хохирогч Б.У “гар утсаа өгчих машинтай найзыгаа дуудаад чамайг гэр лүү чинь хүргүүлээд өгье” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчийн эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй Б.О-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Октябриас хохиролд 600.000 төгрөгийг хураан авч /хх-ийн 128/ хохирогч Б.Ут шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.О нь шунахайн сэдэлтээр, хуурч, мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, хохирогчийг хохирол төлбөргүй болгосон зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгж буюу                 /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ