Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

 

 

 

   Э.М-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Нансалмаа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золжаргал,

яллагдагч Э.М-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2299 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцлээр Э.М-д холбогдох эрүүгийн 1708017381000 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Э.М- нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, мөн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын Баруун турууны 6-6 тоотод 13 нас 4 сартай А.И-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.М- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Яллагдагч Э.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдсон байх ба тус зүйл, заалт нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх зохицуулалттай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахгүйгээр бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх тухай заасан ба уг зүйлийн 2.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан байна.

Дээрх заалтад заасны дагуу яллагдагчийн сэтгэцийг байдлыг заавал тодорхойлуулах, улмаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хэрэг хариуцах чадвартай эсэх, эсхүл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх үндэслэл тодорхойлогдох юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нарын гаргасан дүгнэлтэд Э.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан. ...Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэц, оюун ухааны хөгжлийн түвшинд ойлгон мэдэж удирдах чадвартай байсан. ... Э.М- нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна, Э.М-д албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. Харин Э.М- нь ар гэрийнхээ болон харьяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагатай...” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Шинжээчдийн дээрх дүгнэлтэд, яллагдагч Э.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар дүгнээгүй, улмаар гэмт үйлдлээ хариуцах чадвартай гэх зэргээр хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн байх бөгөөд хуульд заасан нэр томъёогоор дүгнэлт гаргаагүй нь тус хэсгийг хэрэг хариуцах чадвар гэж үзэх эсэх нь ч ойлгомжгүй байдлыг үүсгэсэн.

Мөн шинжээч С.Байгалмаа мэдүүлэгтээ “...Э.М- нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан ...” гэж мэдүүлсэн нь 3 шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан дүгнэлтэд дүгнээгүй асуудлаар хариулсан нь шинжээч эмч нарын бүрэлдэхүүнээр дүгнэсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд, шинжээчийн дүгнэлтийн агуулгад тусгах зүйлийг заасан ба уг зүйлийн 18.1.4 дэх хэсэгт “шинжилгээ хийсэн шинжээчийн талаарх мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал/”,

-18.1.5 дахь хэсэгт “санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл зэргийг тусгана” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор Э.М- сэтгэцийн байдлыг тодорхойлуулахаар сэтгэцийн үндэсний хүрээлэнд даалгасан, тус тогтоол, эрх үүрэгтэй шинжээч танилцаж гарын үсгээ зурж, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 306 дугаар дүгнэлтийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнээр гаргасан байх боловч гаргасан дүгнэлтэд нь “санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл” хэсэг буюу эрх, үүрэгтэй танилцсан тухай тэмдэглэл тусгагдаагүй, мөн дүгнэлт гаргасан 3 шинжээчдийн мэдээлэл бүрэн тусгагдаагүй зэрэг нь дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй зөрчилтэй байна.

Иймд дээрх зөрчлийг арилгах, яллагдагч Э.М- нь хэрэг хариуцах чадвартай эсэх талаар тусгай мэдлэгийн шинжээчдээр дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэв.

Мөн насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон шүүх сэтгэц эмгэг судлалын 703 дугаартай дүгнэлтэд “хохирогчийг үзсэн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэж тодорхойлсон, дүгнэлт гаргасан хугацааг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэсэн байна. Харин яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан хугацааг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, мөн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэсэн байх бөгөөд хэрэг үйл явдал болохоос өмнө насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд үзлэг хийсэн, 1 жилийн дараа дүгнэлт гаргасан мэтээр гарсан байгаа нь, нөгөө талаас дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.5 дахь заалтад заасан асуудлууд тусгагдаагүй зэрэг нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллагдагч Э.М- нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, мөн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 нас 4 сартай эмэгтэй А.И-хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.М-бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон гэж яллаж байгаа бол хохирогч А.Ивээлийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хэдэн нас, сар, өдөртэй, мөн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэдэн нас, сар, өдөртэй байсан гэж насыг тодорхойлж байгаа нь тодорхой бус, тухайн яллагдагчийг яллаж буй зүйл, хэсэг нь бага насны хүүхдийн эсрэг гэх онцлог шинжтэй байхад гэмт хэрэг үйлдэгдсэн гэх тухайн өдрүүдэд хохирогч хэдэн нас, сар, өдөртэй байсныг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй нь шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга
хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл
байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд, нотолбол зохих асуудлыг заасан ба уг зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг тогтооно гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Э.М- хөдөлмөрийн чадвар алдалтыг 64 хувиар тогтоосон шийдвэр нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх ба, үүнээс хойш хугацаанд түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон шийдвэр сунгагдсан, эсхүл цаашид дуусгавар болсон эсэх талаар хэрэгт холбогдох баримтгүй, энэ талаарх яллагдагчид хамааралтай баримтыг цуглуулаагүй байх бөгөөд тус баримт нь яллагдагчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын шинж чанарт хамааралтай байна. Иймд яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзнэ.

4. Хэргийн 79-81 дүгээр талд авагдсан гэрч С.Энхболдын, хэргийн 83 дугаар талд авагдсан гэрч С.Энхболдын мэдүүлэг нь нэг хүний мэдүүлэг үү, өөр өөр хүний мэдүүлэг үү гэдэг нь ойлгомжгүй, учир нь гэрч нарын овог нэр адил байх боловч, биеийн байцаалтын зарим хэсэг буюу төрсөн газар, гэрийн хаяг зэрэг зөрүүтэй байх тул зөрчлийг арилгах.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “тэмдэглэлд дутуу, буруу, ойлгомжгүй бичсэн зүйлийн талаар засвар оруулах тухай оролцсон, байлцсан хүн санал, хүсэлт гаргасан бол санал, хүсэлтийг хэрхэн хангасан талаар тусгана” гэж заасан байна.

Тус хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр арван найман насанд хүрээгүй хохирогчоос хэрэг үйл явдлын талаар авсан мэдүүлгийг тэмдэглэсэн хэсэгт буюу хэргийн 86 дугаар талд он болон өдрийг хар өнгийн бэхээр зассан байх ба хэний гаргасан санал, хүсэлтээр зассан эсэх талаар тэмдэглэлд тусгаагүй зөрчилтэй.

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчөөр түүний эмэг эх Ш.Н-г томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
оролцуулах явцад тус хууль ёсны төлөөлөгчөөс 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
хэргийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг /хх-26/ ирүүлж байсан, гэрчээр мөн мэдүүлэхдээ  “...надад гомдол санал байхгүй, цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна” гэж мэдүүлсэн /хх-75-76/ байх бөгөөд улмаар насанд хүрээгүй хохирогч А.И-нь 2018 оны 7 дугаар сарын 6-нд өөрийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н-гаас татгалзах хүсэлтийг гаргаж байсан /хх-214/ байна.

Харин яллагдагч Э.М- эцэг С.Энхболд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “... Нарантуяа болон охин Нарангэрэл нарт 4 сая төгрөг бэлнээр өгсөн, мөн шөлний нэг хонь өгсөн...” гэж мэдүүлсэн.

Иймд яллагдагчийн ар гэрээс Ш.Н-, Л.Нарангэрэл нар нь юунд зориулж 4.000.000 төгрөг, хонь хүлээн авсан эсэх, улмаар хохирогчийн эмэг эх, нагац эгч болох дээрх хүмүүсийн хүлээн авсан гэх 4.000.000 төгрөг насанд хүрээгүй хохирогчид өөрт нь учирсан гэм хорын зардалд төлөгдсөн эсэх ойлгомжгүй байдлыг үүсгэсэн ба тус асуудлыг шалгуулах тухай яллагдагчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэстэй гэж үзлээ.

7. Яллагдагч Э.М- нь боловсролгүй, улмаар арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар хорих ялтай гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.М-ас 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр өмгөөлөгч оролцуулахгүйгээр яллагдагчаас мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ноцтой зөрчилтэй. /хх-140-141/,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтад мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан.

Тус хэрэгт 202-203 дугаар хуудсанд хохирогчийн хувийн байдлын талаар, 171-198 дугаар хуудсад яллагдагчийн хувийн байдлын талаар, 52-55 дугаар хуудсанд Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн гаргаж өгсөн баримтууд нь дээрх хуульд заасан шаардлагыг хангахгүй байна” гэжээ.

 

Прокурор Т.Нансалмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс Э.М-д холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: Хавтаст хэргийн 115-120 дугаар талд, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч Д.Дэжидмаа, С.Одонгэрэл, С.Байгальмаа нар нь шинжээч томилсон тогтоолыг хүлээн авч, эрх үүрэгтэйгээ танилцан, 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 306 дугаартай: “Э.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Э.М- нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэц, оюун ухааны хөгжлийн түвшинд ойлгон мэдэж удирдах чадвартай байсан. Э.М- нь гэмт хэрэг үйлдэх үед “Оюуны хөнгөн хомсдол” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэц, оюун ухааны хөгжлийн түвшинд ойлгон мэдэж удирдах чадвартай байсан. Э.М- нь одоо “Оюуны хөнгөн хомсдол” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Э.М- нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. Э.М-д албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна” ...гэсэн дүгнэлт,

Шинжээч эмч С.Байгалмаагийн “...Э.М- нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан. Комисс санал нэгтэй дүгнэлт гаргасан” гэж мэдүүлсээр байхад /1хх- 122/ С.Байгалмаа мэдүүлэгтээ: “...Э.М- нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан ...” гэж мэдүүлсэн нь 3 шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан дүгнэлтэд дүгнээгүй асуудлаар хариулсан нь шинжээч эмч нарын бүрэлдэхүүнээр дүгнэсэн гэж үзэх боломжгүй”, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэлт хийж хэргийг буцаасан нь шүүгч хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын дүгнэлтэд тусгагдсан гэмт үйлдэл гэсэн үгийг хэрэг гэж бичсэнгүй гэсэн үндэслэлээр сэтгэцийн дүгнэлтийг агуулгаар нь бус үгэнд дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг зөрчсөнийг заалгүйгээр хэргийг буцаасан байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нь шинжээчийн “гэмт үйлдлээ хариуцах чадвартай” гэснийг “хэрэг хариуцах чадвартай” гэж хуулийн нэр томъёогоор шинжээчийг бичсэнгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, “гэмт үйлдэл” гэдэг нь агуулгын хувьд “хэрэг” гэсэн үгтэй утга нэг бөгөөд шинжээч нь энгийн мэдлэгийн хүрээнд хэнд ч ойлгогдохоор хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэлт хийж, энэ талаараа ч “хэрэг хариуцах чадвартай” гэж мэдүүлсэн байна.

Сэтгэцийн байдлыг тогтоосон дүгнэлтэд Э.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан талаар шинжээч эмч нь тусгай мэдлэгийн хүрээнд хангалттай ойлгомжтой дүгнэсэн. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хөнгөн хомсдолтой байсан ч гэсэн өөрийн сэтгэц оюун ухааны хөгжлийн түвшинд ойлгон мэдэж удирдах чадвартай байсан талаар дүгнэсэн атал ямар үндэслэлээр шүүхээс “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй” гэж хийсвэрлэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн заалтыг зөрчсөн байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно.

Насанд хүрээгүй бага насны хохирогч А.И- /13 настай/ сэтгэцийн байдлыг тодорхойлсон шүүх сэтгэц эмгэг судлалын 703 дугаартай дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: “хохирогчийн үзсэн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэж бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан ба энэ нь 2017 он биш 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үзсэн болох нь мөрдөгч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилсон тогтоол /1хх-125/, мөн үзүүлэгч А.И-нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өөрийн биеэр очиж үзүүлж, дүгнэлтийг гаргасан талаар уг шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна. Мөн дүгнэлт гаргасан шинжээч нар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр сэтгэцийн дүгнэлтийг гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан зэргээр тогтоогдсон болно.

Мөн түүнчлэн шинжээч томилсон тогтоолын 7 дахь хэсэгт, шинжээч зориуд худал дүгнэлт гаргавал хуульд заасан дараах хариуцлага хүлээлгэхийг сануулсугай. Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасныг танилцуулан, танилцсан шинжээч О.Баатаржав, Д.Энхтуяа, Л.Цэрэндолгор гэж гарын үсэг зурсны дараа дүгнэлтийг гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт насанд хүрээгүй хохирогч буюу бага насны хохирогчийн төрсний бүртгэлийн албан ёсны лавлагаа /1хх-200/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-42/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр түүнийг гэмт хэрэг үйлдэгдэх үед бага насны хохирогчийг 13 нас 4 сар 8 хоногтой болохыг тогтоосон.

Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан прокурорын яллах дүгнэлтэд бага насны хохирогчийн насыг 13 нас 4 сартай гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэх хуулийн шаардлагыг бүрэн хангасан.

Яллагдагч Э.М- хөдөлмөрийн чадвар алдалтын 64 хувиар тогтоосон Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 022072 дугаартай шийдвэрээр “оюуны хөнгөн хомсдлын” улмаас группт байдаг талаар баримт хэрэгт хавсаргаж яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон байна.

Харин уг групп тогтоосон шийдвэрийн хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх ба сунгах эсэх талаарх баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...арван хоёр жилээс хорин жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалттай хамааралгүй бөгөөд өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 6.13, 6.6, 6.5 дугаар зүйлд заасан үндэслэл хавтас хэрэгт тогтоогдоогүй байна.

Гэрч С.Энхболдоос 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан, мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин гэрчийн мэдүүлэг авсан, гэрч С.Энхболдын ургийн овог, эцгийн нэг, регистрийн дугаар, нас, хүйс, хувийн бусад байдлууд зөрөөгүй, гарын үсэг зэрэгт эргэлзээ гараагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн уг гэрч нь яллагдагчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн байх ба уг гэрчийн мэдүүлэг нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүйн дээр хэрэв шаардлагатай бол шүүх хуралдаанд уг гэрчийг дуудан оролцуулж, түүний “төрсөн газар, гэрийн хаяг” ямар учраас өөрчлөгдсөн талаар тодруулах боломжтой.

Хавтас хэргийн 86 дугаар талд, Э.М-ас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр авсан мэдүүлэг авагдсан байхад шүүгчийн захирамжид 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр арван найман насанд хүрээгүй хохирогчоос хэрэг үйл явдлын талаар авсан мэдүүлгийг тэмдэглэсэн хэсэгт он болон өдрийг хар өнгийн бэхээр зассан байна гэж хэрэгт байхгүй буюу хэргийн 86 дугаар хуудсанд байхгүй зүйлийг бичсэн нь үндэслэлгүй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Ш.Н- байсныг прокуророос насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэж Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Золжаргалыг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон.

Гэтэл шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биш болсон хүний буюу Ш.Н-гийн мэдүүлэг, түүний нэхэмжилсэн зүйл, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хүсэлт зэргийг үндэслэн хохирлын талаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.

Яллагдагч Э.М-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарт прокурорын 1708017381000 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан /1хх-139/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч ...яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэж заасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр яллагдагч Э.М-ас мэдүүлэг авсан бөгөөд яллагдагч Э.М- нь өмгөөлөгч ажлаар хөдөө явсан тул ирэхээр нь хамт мэдүүлэг өгөх болно гэснээр мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг дуусгасан.

Мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уг зөрчлийг арилгуулахаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг хангуулахаар “нэмэлт мөрдөн байцаалтад буцааж” яллагдагчийг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг хангуулж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгчийн хамт дахин мэдүүлэг /1хх-229/ авч зөрчлийг засуулсан байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж шүүхээс хууль зөрчөөгүй хийсэн ажиллагааг зөрчсөн мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нараас баримт бичиг гаргуулан авахдаа мөрдөгчийн “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл” үйлдэн авсан, үүний дараа мөрдөгчийн “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай” тогтоол үйлдэж баримт, бичгийг хэрэгт хавсаргасан байхад хууль зөрчсөн хуулийн буруу зүйл, заалт барьж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарласан гэсэн боловч хэний хүсэлтээр гэдэг нь ойлгомжгүй байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолж тогтоосон атал хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2299 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хүүхэд одоо асрамж, халамжийн төвд байгаа. Цаашдаа ч байх болно. Хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийнх нь эрхийг түдгэлзүүлсэн байгаа” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө би хүсэлтээ өгсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Эргэлзээг арилгуулах талаар шатны шатны прокурорт хүсэлт гаргаж байсан. Сэтгэцийн шинжээчээр заавал бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан. Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвар алдалттай, байнгын эмнэлгийн хяналтад байдаг, хэл яриа муутай, өгсөн мэдүүлэгтээ үнэлэлт өгч чадахгүй. Э.М- мэдүүлэг өгөх чадваргүй тул Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст би мэдүүлэг өгүүлэхгүй байх ёстой байсан байна лээ. Нэг бол бэлгийн харьцаанд орсон гэдэг, нэг бол ороогүй гэж тогтворгүй мэдүүлдэг. Тэгэхээр хавтас хэргийн материалаар шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Мөн шинжээч нарт хууль сануулж, гарын үсэг зуруулсан гэдэг эргэлзээтэй тул шүүх үүнийг анхааран үзнэ үү. Мөн хохирогчийн асран хамгаалагчид Э.М- ар гэрээс 3.000.000 төгрөг өгсөн байдаг. Ийм учраас хэргийн бүрдэл талаас нь дээрх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байна” гэв.

 

Яллагдагч Э.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шинжилгээний 306 дугаартай /1хх-115-120/ дүгнэлтийг бусад  бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан үзэж, шаардлагатай бол шинжээчийг эмчийг оролцуулан Э.М- гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой.

 

Мөн шүүх шинжээчийг дахин томилох шаардлагатай гэж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Шүүгчийн захирамжид заасан бусад ажиллагаануудыг мөн хийх шаардлагагүй. Учир нь:

1. Насанд хүрээгүй бага насны хохирогч А.И-/13 настай/ сэтгэцийн байдлыг тодорхойлсон шүүх сэтгэц эмгэг судлалын 703 дугаартай дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: “хохирогчийн үзсэн хугацааг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэж бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан ба энэ нь 2017 он биш 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үзсэн болох нь мөрдөгч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилсон тогтоол /1хх-125/, мөн үзүүлэгч А.И-нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өөрийн биеэр очиж үзүүлж дүгнэлтийг гаргасан талаар уг шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байна.

2. Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд шинжээч зориуд худал дүгнэлт гаргавал хуульд заасан дараах хариуцлага хүлээлгэх хуулийн заалтуудыг танилцуулж, шинжээч О.Баатаржав, Д.Энхтуяа, Л.Цэрэндолгор нар гарын үсэг зуржээ. /1хх-114/

3. Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч буюу бага насны хохирогчийн төрсний бүртгэлийн албан ёсны лавлагаа /1хх-200/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-42/ зэргээс үзэхэд бага насны хохирогч хэрэг үйлдэгдэх үед 13 нас 4 сар 8 хоногтой гэжээ.

 4. 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр яллагдагч Э.М-ас мэдүүлэг аваагүй байх бөгөөд яллагдагч Э.М- нь “өмгөөлөгч ажлаар хөдөө явсан тул ирэхээр нь хамт мэдүүлэг өгөх болно” гэснээр мэдүүлэг авах ажиллагаа дууссан байна.

5. Шүүгчийн захирамжид “хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр арван найман насанд хүрээгүй хохирогчоос хэрэг үйл явдлын талаар авсан мэдүүлгийг тэмдэглэсэн хэсэгт он болон өдрийг хар өнгийн бэхээр зассан” гэсэн байх боловч уг хуудсанд он, сар, өдөр засагдсан баримт байхгүй байна.

6. Гэрч С.Энхболдын оршин суугаа газрын хаяг, гэрч Ш.Н-гийн хохирлын мөнгө авсан талаар тодруулах шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлэх боломжтой бөгөөд прокурор энэ талаарх хүсэлтээ шүүх хуралдаанд гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар  сарын 5-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулав гэсэн байх боловч 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2299 дугаартай шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаасан байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл... зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох бөгөөд шүүгчийн захирамж хүчингүй болох үндэслэл мөн юм.

 

Иймд прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг  яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2299 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  Э.М-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ