Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0526

 

2015 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/1526

Улаанбаатар хот

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бичиг баримтуудыг өргөдлийн хамт 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан боловч тухайн өдөр Геологи уул уурхай кадастрын хэлтсийн 202 өрөөнд суух сунгалт хариуцсан мэргэжилтэн /тухайн хүн чөлөөтэй байсан тул орлон ажиллаж байсан хүн/-ээс сунгалт хийх өргөдлийн маягт авч бөглөн өгөхөд хайгуулын тусгай зөвшөөрлийн га тутмын төлбөрийг төлж ир, мөн хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулаагүй учраас өргөдлийг хүлээн авах боломжгүй хэмээн манай материалыг буцаасан.

Хайгуулын ажлын тайланг батлуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газарт 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч тус газраас манай тайланг 6 сарын дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулж хүлээлгэн өгсөн. Мөн тухайн үед тус компанийн захирал Б.Ж хайгуулын төсөлд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч нартай ажил хэргийн уулзалтаар Америкийн нэгдсэн улс болон Их Британы Умард Ирландын Нэгдсэн Вант Улс руу албан томилолттой байсан тул төлбөр санхүүгийн асуудлыг бид хувь хүнээс зээл авч 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөртөө багтаан га тутмын төлбөр болох 14,388,592 төгрөгийг Ашигт малтмалын газрын Төрийн сан дахь 900000712 тоот дансанд тушаасан. Ийнхүү тус компаниас холбогдох материалыг бүрдүүлэн Ашигт малтмалын газрын Геологи уул уурхай кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлөө сунгуулахаар дахин хандсан боловч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Ч 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6-6807 дугаартай албан бичгээр тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. М ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулагч нар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол багассан үед өөрийн хүч бололцоо, санхүүгийн чадавхийг шавхан өнгөрсөн 6 жилийн хугацаанд 14560Х хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийн геологийн хайгуул хийсэн.

Ашигт малтмалын газарт хандан тусгай зөвшөөрлийг сэргээн, хугацааг сунгуулахаар гомдол гаргасан боловч Ашигт малтмалын газрын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/1671 дүгээр албан тоотоор тус компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн.

Иймд нэгэнт Ашигт малтмалын газарт 14560Х тусгай зөвшөөрлийн төлбөр болон үйлчилгээний хөлс төлөгдсөн, хайгуулын ажлын тайланг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар биднээс үл хамаарах шалтгаанаар хугацаа алдаж 6 сарын дараа баталгаажуулсан, холбогдох баримт, бичгийн бүрдэл хангагдсан байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргахаар заасан ба М ХХК нь 14560Хтусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна. М ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хугацаандаа ирүүлээгүй талаараа нэхэмжлэлдээ дурьдсан ба хуульд заасан шаардлага хангасан сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй учраас ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаарМ ХХК нь ХВ-14560 хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлбөрөө төлөөгүй нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцлагдах үндэслэл мөн. Энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хугацаандаа ирүүлээгүй нь 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар цуцлагдах үндэслэл бүрдсэн байна.

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын ХВ-14560 тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд хангаж буюу М ХХК-ийн 14560Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт орших "Цахир" нэртэй газарт 5100.84 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-14560 тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 12 дугаарсарын 09-ний өдөр "М ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана"гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан,түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргахаар заасан ба "М" ХХК нь ХВ-14560 тоот тусгай зөвшөөрлийнхугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 "байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.

М" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.4-д заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хугацаандаа ирүүлээгүй талаараа нэхэмжлэлдээдурдсан ба хуульд заасан шаардлага хангасан сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар М ХХК нь ХВ-14560 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар цуцлагдах үндэслэл мөн энэ хуулийн 22.1.4 дахь хэсэгт заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийгхүлээлгэн өгсөн баримтыг хугацаандаа ирүүлээгүй нь 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаарцуцлагдах үндэслэл бүрдсэн байна.

Хайгуулын ажлын тайланд тавигддаг шаардлага буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн48.1.2-т "хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор" гэж заасан хуулийн хугацаанд хүргүүлээгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллагабаталгаажуулна гэж заасан мөн Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 411 дүгээр тушаалаар батлагдсан 1, 2 дугаар хавсралтад заагдсан шаардлагуудыг хангаагүй, хугацаандаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй зэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасны дагуу М ХХК-ийн хайгуулын Х14560 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хуулийн хугацаанд Ашигт малтмалын газар болон Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлээгүй нь хайгуулын ажлын тайлан хариуцсан мэргэжилтний тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүхийн үзлэгээр тайлан ирүүлж, баталгаажуулаагүй нь нотлогдохгүй, хуулийн шаардлага хангахгүй байна. Энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайлан ирүүлжбаталгаажуулаагүй гэсэн албан бичгээр мөн нотлогдож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч MEM ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, мөнхайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргаж төрийн захиргааны байгууллагад гаргахаар, 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол ... сунгаж, ... бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан эсэхийг хянаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхээ шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгч М ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу ашигт малтмалын хайгуулын 14560Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлөө гаргаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан боловч дээрх хуульд заасан баримт бичгүүдийг хавсаргаагүй байсанболох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр, бүртгэлийн карт, өргөдөл[1] зэргээр тогтоогдож байна.

1. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа нэхэмжлэгч нь ... захирал Б.Ж хөрөнгө оруулагчтай уулзах ажлаар гадаадад байсан. Нэг хувьцаа эзэмшигчтэй компани ... гэж тайлбарлан, гадаад паспортын хуулбарыг ирүүлсэн бөгөөд шүүхээс энэ талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас авсан лавлагаагаар Б.Ж нь Монгол Улсын хилээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарч 2014 оны 11 дүгээр сарын 11-нд, мөн 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иржээ.

Анхан шатны шүүх М ХХК-ийн захирал Б.Жыг дээрх хугацаанд гадаадад байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргах ямар ч боломжгүйд хүргэсэн онцгой шалтгаан (захирал нь удаан хугацаанд хүндээр өвчилсөн, түүнээс өөр компанийн үйл ажиллагааг явуулах этгээдгүй, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг) байхыг ойлгох бөгөөд хөрөнгө оруулагчтай уулзах ажлаар гадаадад байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь энэ шалтгаанаар бусдаас давуу эрх эдэлж дээрх хуулийн заалтыг дагаж мөрдөхгүй байх үндэслэлгүй.

Мөн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр огноолж, 12 дугаар сарын 11-ний өдөр захиргааны байгууллагад гаргасан өргөдлийг Б.Ж өөрөө гаргаагүй, ... г гэж гарын үсэг зурсан, Б.Ж нь 2014 оны 10 дугаар сарын 31-ээс өмнө болон 2014 оны 11 дүгээр сарын 11-ээс 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Монгол Улсад байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч М ХХК-д тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргах боломжтой байжээ.

2. Нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4-д заасан тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт, хайгуулын тухайн үе шатны ажил гүйцэтгэсэн тухай баримтыг хавсаргаж өгөөгүй бөгөөд уг шалтгаанаа захирал гадаадад байснаас төлбөрийн боломжгүй байсан, тайланг Мэргэжлийн хяналтын газар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч 12 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан гэжээ.

а/ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.4-д Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч М ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг урьдчилан төлж, баримтыг хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргах үүрэгтэй байна. Хэрэгт авагдсан захирал Б.Ж нь гадаадад ирж, очсон баримтаас үзвэл төлбөрийг урьдчилан төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна.

б/ Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалах нөхцлийг заахдаа ... эзэмшигч нь 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй ... гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ., 33.2-т ... зардлын хэмжээг ... хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна, 48 дугаар зүйлийн 48.1.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнэн зөв гаргаж, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ гэж заажээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээрх хуульд заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд гаргаж баталгаажуулсан байх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4-д зааснаар хугацаа сунгуулах өргөдөлдөө зөвхөн тайлангаа баталгаажуулсан баримтаа хавсаргахаар заасан, өөрөөр хэлбэл хугацаа сунгуулах үедээ дээрх баримтыг бүрдүүлэх биш, харин урьд нь бүрдүүлсэн баримтуудыг хавсаргахаар зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч М ХХК нь хайгуулын ажлын жилийн тайланг дээрх хуульд заасан хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлээгүй, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн гэх боловч үүнээс хойш хариугаа аваагүй, хэрэв хариу өгөөгүй бол энэ талаар холбогдох этгээдэд гомдлоо гаргах боломжтой атал гаргаагүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчээ. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангах үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэхээр байна. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тайлан болон хайгуулын тухайн үе шатны тайланг баталгаажуулах асуудал нэн чухал бөгөөд хэрэв зардлын доод хэмжээнд хүрээгүй, тайлангаа баталгаажуулаагүй бол дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл ч бүрддэг. Иймээс тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгахад болон хугацаа сунгуулах зэрэгт ач холбогдолтой тайланг баталгаажуулж өгөхгүй байгаа Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн эс үйлдэхүйн талаар нэхэмжлэгч нь холбогдох дээд шатны албан тушаалтан болон шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө зохих журмын дагуу Мэргэжлийн хяналтын газраас хариугаа аваагүй, энэ талаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэлгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраар хайгуулын ажлын тайланг баталгаажуулсныг Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж ажилласан гэж үзэхээргүй байна.

Хэрэгт авагдсан М ХХК-ийн 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланд Ашигт малтмалын газрын Геологийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн Т.Батдорж 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан байхад анхан шатны шүүх Геологийн албаны архив болон Мэргэжлийн хяналтын газарт тус тус үзлэг хийжээ. Үзлэгээр илэрсэн гэх тайланг хүлээн авснаа бүртгэдэггүй захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд тайлангаа баталгаажуулж, энэ тухай баримтаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргаж хариуцагчид ирүүлэх үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоогүй байна. Нэхэмжлэгч нь хайгуулын ажлын жилийн тайлангаа хуульд заасан 2 дугаар сарын 15-ны өдрийг өнгөрөөж 6 дугаар сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт өгсөн, тус газраас 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан талаар нэхэмжлэлдээ илэрхийлсээр байхад дээрх үзлэгээр илэрсэн гэх тайланг хүлээн авснаа бүртгэдэггүй захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас ... нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, тайлангаа хугацаандаа өгөөгүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй ... гэх зэргээр дүгнэсэн нь маргааны үйл баримттай уялдаа холбоогүй болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д зааснаар хайгуулын ажлын тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих чиг үүргийг Ашигт малтмалын газрын Геологийн асуудал хариуцсан нэгж, мөн хуулийн 11.1.14-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийг Кадастрын асуудал хариуцсан нэгж тус тус хэрэгжүүлдэг. Уг чиг үүргийн хүрээнд Геологийн судалгааны албаны мэргэжилтэн Г.Батдорж М ХХК-ийн2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хянаж гарын үсэг зурсан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө дээрх хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын алба хянаж баталгаажуулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах хайгуулын ажил гүйцэтгэсэн тухай баримт гэж үзэхгүй бөгөөд шүүх ... Т.Батдоржийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн хайгуулын ажлын тайлангаа хугацаандаа Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэхгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч М ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй, Ашигт малтмалын тухай хууль болон хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх, хайгуулын ажлын жилийн тайланг мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулаагүйгээс энэ тухай баримтыг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргах боломжгүй байсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.

Иймд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүйг (эс үйлдэхүй)хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М ХХК-ийн ...14560Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 48 дугаар зүйлийн 48.1.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан ...14560Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, хугацаа сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ