| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0178/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/185 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Н.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 08 дугаар сард Иххэт сумын 3 дугаар багт байрлах 6 дугаар байрны гаднаас хохирогч М.Нын мотоциклийг шөнийн 00 цагийн орчим нууцаар хууль бусаар авсаны улмаас хохирогч М.Нт бага хэмжээнээс дээш буюу 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сард 6 дугаар байрны хойноос мотоцикл авсан. Дакар маркийн мотоциклийн гадна, тоноглолыг аваад хулгайлсан мотоциклийнхтой нь сольсон. Дараа нь Н гэх хүн ирээд өөрийнхөө мотоциклийг таньсан ...” гэсэн мэдүүлэг
Хохирогч М.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар 22-ны өдөр ажлаасаа орой 20-21 цагийн орчимд ирээд өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоциклоо өөрийн оршин суух 6 дугаар байрны ард гэрийн блакон доор байрлуулж үрүүлийг нь түгжиж орхисон юм. Маргааш өглөө нь ...08 цагийн орчимд ажилдаа явах гэтэл мотоцикль байхгүй болчихсон байсан...алдсан мотоциклоо сумын төвөөр эрж хайж манай байрны гадаа зогссон мотоцикль бүрийг үзэж байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байх манай байрны гадаа Э гэх залуу цэнхэр өнгийн Дакар гэсэн бичигтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй мотоцикль унаж ирээд тавьчихсан байсан юм би уг мотоциклийг үзэхэд миний хулгайд алдсан мотоцикль мөн байсан...моторны доод талд наасан байсан АБРО цавуу мөн маниулны гишгүүрэн дээр гагнуурын толбо мөн буруу талын толь хугарсан байдал...арлын дугаарыг тулгаж үзэхэд мөн байсан учир Цагдаагийн байгууллагад хандсан., ....2018 оны 03 сард Дорноговь аймгийн Эргэл захын мотоцикль худалддаг лангуунаас шинээр нь 1 950 000 төгрөгөөр худалдан авч байсан...Э хохирлыг бүрэн барагдуулсан, санал хүсэлт, нэхэмжпэх зүйлгүй гэсэн мэдүүлэг. / хх-ийн 13-19 дүгээр хуудас /
Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Эт өгсөн мотоциклийн хальсийг сольсон байна...2 шанаа, түлшний банк, суудлыг нь сольсон байна...” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 28 дугаар хуудас /
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 4-12 дугаар хуудас/
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны газраас гаргасан үнэлгээ. / хх-ийн 29 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 55 дугаар хуудас/зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 08 дугаар сард Иххэт сумын 3 дугаар багт байрлах 6 дугаар байрны гаднаас хохирогч М.Нын мотоциклийг шөнийн 00 цагийн орчим хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч М.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Би 2019 оны 08 дугаар 22-ны өдөр би ажлаасаа орой 20-21 цагийн орчимд ирээд өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй, цагаан өнгийн даюун маркийн мотоциклоо өөрийн оршин суух 6 дугаар байрны ард гэрийн блакон доор байрлуулж үрүүлийг нь түгжиж орхисон юм. Маргааш өглөө нь ...08 цагийн орчимд ажилдаа явах гэтэл мотоцикль байхгүй болчихсон байсан... гэсэн мэдүүлэг, гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Эт өгсөн мотоциклийн хальсийг сольсон байна...2 шанаа, түлшний банк, суудлыг нь сольсон байна...” гэсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны газраас гаргасан үнэлгээ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Эт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Шүүгдэгч Н.Эт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Н.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эд хөрөнгийг буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Эт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Хохирогч М.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Э нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн харицлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 55-р тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН