Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Б.Батхишиг, шүүгдэгч Б.Ч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Чт холбогдох эрүүгийн “201624000308” дугаартай, 186/2017/0080/э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 , аав, ээж, эгч, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ТЗ-ын 24-10в тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан саруул, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Ч /РД: ЙЮ94011014 /,

Холбогдсон хэргийн талаар: Б.Ч нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цаг 35 минутын орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын хуучин эцсийн автобусны буудлын замд Хонда Фит маркийн 83-92 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 12 настай М.Номин-Эрдэнийг мөргөж түүний биед зүүн шаант ясны далд хугарал, баруун өвдөг, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой охиноо осолд орсон гэдгийг мэдсэн. Тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт очсон. Зүүн хөлний тулгуур яс нь хугараад 3 сар хэвтэрт гипстэй байж байгаад хөл нь бороолсон байгаа. Орой болгон оронд шээдэг асуудалтай хэвээрэй байгаа. Тэрийг эмчлүүлэх хэрэгтэй байгаа. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилнэ үүнийг шийтгэх тогтоолдоо тусгаж өгнө үү гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.Номин-Эрдэнийн:..манай ээж Мөнхтуяа нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хайлаастын хуучин эцсийн автобусны буудлын баруун талд нь түц ажиллуулдаг юм. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрч байх үед ээжтэйгээ хамт түцэнд нь сууж байгаад мөнгө задлуулах гээд замын эсрэг талын дэлгүүр ганцаараа орж мөнгө задлуулсан. Ингээд буцаад ертөнцийн зүгээр замын зүүн талаасаа баруун талруу зам хөндлөн гарах гээд урдаасаа хойшоо явах урсгалыг өнгөрүүлээд тэгээд хойноосоо урагшаа явах урсгалд дөнгөж ороод алхтал миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явсан цайвар өнгийн машин давхиж ирээд намайг мөргөж 2м орчим газарт унасан гэсэн мэдүүлэг /хх-20/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй             хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяагийн:..би 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлаастын хуучин эцсийн ертөнцийн зүгээр хотруу явах талын түцэнд охин Нтэй хамт сууж байсан. Ингээд нэг үйлчлүүлэгч орж ирээд юм авна гээд 5000 төгрөг өгөөд ингээд надад задгай мөнгө байхгүй учраас охин Номин-Эрдэнийг задлуулаад ир гээд өгөөд явуулсан. Ингээд төд удалгүй нэг жаахан охин орж ирээд надад танай охиныг энд машин мөргөчихлөө гэсэн. Ингээд би сандраад гүйгээд гарсан чинь яг түцний урдхан талд авто машин зогсчихсон, харин түүнээс ертөнцийн зүгээр 2м гаран зайд охин маань газар хэвтэж байсан, хажууд нь жолооч нь гэх нэг жижиг бор залуу мөн хамт явсан хоёр найз нь зогсож байсан. Ингээд би гарахдаа нүцгэн, мөн түцээ цоожлоогүй гарсан учир буцаж орж ирээд хувцасаа хам хум өмсөж, хаалгаа цоожлоод буцаад гарч очсон. Ингээд очоод хүүхдээ тэр газраас битгий хөдөлгө гэж жолоочид хэлсэн ба өөрөө 102, 103-т дуудлага өгсөн. Ингээд хүлээгээд сууж байтал хүүхэд минь зам дээр даараад чичрээд байхаар нь замын хажуу талын боржуурлуу хэн нэгнээр өргүүлсэн, би хэн өргөснийг тодорхой санахгүй байна. Ингээд удалгүй 103-ийн эмнэлэг ирээд охинтойгоо хамт гэмтлийн эмнэлэг яваад тэндээ 10 хоног хэвтээд гарсан. Ингээд би явахдаа Ялалт гэдэг залууд цагдаа нар ирвэл хэмжилтийг нь зөв хийлгээрэй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-22,/

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ү.Батхолбоогийн:.. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлаастын хуучин эцсийн дэргэд байрлах 72-р сургууль дээр бэлтгэл хийгээд оройтоод гэртээ харих гэж хуучин эцсийн авотбусны буудлын ертөнцийн зүгээр баруун тал буюу хотруугаа явах талын буудал дээр очсон, ингээд автобус ирэхгүй байхаар нь яг хажууд нь байрлах дэлгүүр орчихоод яг гараад ирсэн чинь нөгөө талын автобусны буудлын жаахан /нэрийг нь мэдэхгүй/ охин гүйгээд гараад ирсэн тэгтэл хойноос нь буюу ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байсан автомашин тэр хүүхдийг мөргөөд газар унагачихсан. Би яг дэлгүүрээс гарч ирж байхад охин яг мөргүүлээд газар унаж байхыг нь харсан гэсэн мэдүүлэг /хх-27/

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ягааны:...би 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрөөд Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлаастын хуучин эцсийн буудал дээр автобуснаас буусан. Ингээд гэрлүүгээ харих гээд замын эсрэг талд гарч 1500 төгрөгний унаа хүлээгээд ертөнцийн зүгээр замын баруун талын автобусны буудлын яг доохон талд урагшаа хараад зогсож байсан. Тэгээд зогсож байтал түс хийх чимээ гарсан тэгээд би эргээд хартал автобусны буудлын харалдаа замд нэг саарал өнгийн жижиг Хонда Фит маркын автомашин /байсан байх/ зогсоод жолооч нь бууж байсан харин түүний машины урдхан талд нэг жаахан охин газарт хэвтэж байхаар нь яваад очтол 10-12 насны махлаг охин байсан. Ингээд удалгүй нэг эмэгтэй гарч ирсэн ээж нь юм байна лээ гэсэн мэдүүлэг. /хх-30/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мэнд-Амарын:...би тэр машинтай осол гаргасан жолооч мөн мөргүүлсэн охин нарын хэнийг нь ч танихгүй. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр орой би Хайлаасты хуучин эцсийн тойруу явах авобусны буудал дээр 20 цаг өнгөрч байхад зогсож байсан чинь ертөнцийн зүгээр замын зүүн талаас нэг охин замын баруун талруу гарах гээд гүйх шиг болсон. Тэгсэн чинь л дээрээс ирсэн нэг Хонда Фит маркийн машин чигээрээ орж ирээд охиныг урд талын хамар хэсгээр мөргөж газарт унагасан. Ингээд машин дотроос гурван залуу бууж ирсэн, тэд нараас архи үнэртэж байсан юм. Ингээд удахгүй охины ээж гэх эмэгтэй гарч ирсэн, мөн өөр нэг эрэгтэй дэргэд нь байсан. Тэгээд нөгөө гурван залуу чинь охиныг эмнэлэг авч явна гэхлээр нь би тэгж болохгүй охиныг байрнаас нь битгий хөдөлгөөрэй гэж хэлээд 98883336 дугаарын утаснаас 102-т мэдэгдчихээд тэгээд доошоо явсан. Түүнээс хойш надад юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-32/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ууганцэцэгийн:... манай нөхөр өөрийн эзэмшлийн 83-92 УНЯ улсын дугаартай Хонда Фит маркийн машиндаа суулгаад аваад явсан. Тэр үед нөхөр маань өөрөө машинаа жолоодсон юм. Би уг нь тэр үед машинаа бариад хэрэггүй гэж хэлсэн тэгсэн чинь нөхөр маань төв замруу орохгүй гэж хэлээд унаад явсан. Ингээд удалгүй 5-10 минутын дараа Энхдорж утсаар залгаад Ч машинаараа хүн мөргөчихлөө гэхээр нь би осол болсон Хайлаастын хуучин эцэс дээр очсон юм. Намайг очих үед бүх зүйл болоод дууссан ба цагдаа, эмнэлэг нар ирсэн байсан юм. Ингээд нөхрөөсөө яасан юм бэ гэж асуухад надад хэлэхдээ “...би замаараа явж байсан чинь гэнэт замын эсрэг талаас нэг эмэгтэй хүүхэд гэнэт л гүйгээд гараад ирсэн ба би яах ч аргагүй тэр хүүхдийг мөргөсөн юм” гэж надад хэлсэн. Ингээд би тэр мөргүүлсэн жаахан охиноос яагаад гарцгүй газраар гарсан юм бэ гэж асуусан чинь би уг нь амжаад л гүйгээд гарчихая гэсэн чинь ингээд мөргүүлчихлээ гэж надад хэлсэн юм. Энэ хэргийн талаар мэдэх зүйл гэвэл энэ л байна. Түүнээс биш би өөрөө яг хажууд нь байгаагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-34/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Энхдоржийн: 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би Чийн хадмын гэрт нь сууж байгаад орой Ч, Пүрэвдолгор, бид 3 том савтай пиво уугаад 20 цаг өнгөрөөгөөд Пүрэвдолгор бид 2 хамт харихаар болсон. Ингээд явах гэсэн чинь та хоёрыг найз нь хуучин эцсийн буудал руу дөхүүлээд өгье гээд машиндаа бид хоёрыг суулгаад доошоо хуучин эцэс рүү явсан. Тэр үед би машины урд талд жолоочийн зүүн гар талд суугаад харин хойно Пүрэвдолгор суугаад явж байсан. Тэгээд хуучин эцсийн автобусны буудал дөхөөд ирсэн чинь урд талд автобус явж байхаар нь 20 орчим метрийн зайд Ч машинаа жолоодоод явж байсан. Тэгээд гэнэт л замын зүүн талаас нэг эмэгтэй хүүхэд гэнэт гүйж гарч ирээд машины зүүн урд талын гупер хэсэгт мөргүүлсэн. Ингээд Ч шууд машинаа зогсоогоод бууж ирсэн. Тэр газар автобусны буудал байсан болохоор бас хэдэн хүн байх шиг байсан. Ингээд удалгүй нөгөө хүүхдийн ээж нь гээд эмэгтэй ирсэн харин нөгөө хүүхдийг яаж байна гэж асуухад хөл нь чинэрч өвдөөд байна гэж байсан тэгээд би буцаад машиндаа суусан. Нэг мэдсэн чинь 102, 103 ирсэн гэсэн мэдүүлэг /хх-36/,

 

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Пүрэвдолгорын:...2016 оны 03 дугаар саын 31-ний өдөр Чын хадмын гэрт байж байгаад орой Ч, Энхдорж бид гурав гурвуулаа том савтай пиво уусан. 20 цаг өнгөрөөгөөд Энхдорж бид хоёр явахаар болсон. Тэгсэн чинь Ч найз нь та хоёрыг хүргээд өгье гээд машиндаа суулгаад доошоо хуучин эцэсрүү хүргэж өгөх гээд явсан. Тэр үед би машины хойд талд суугаад урагшаа хараад явж байсан. Ингээд автобусны буудал дөхөөд ирсэн чинь урд талд автобус явж байхаар түүний хойд талаас 20 орчим метрийн зайд явж байсан чинь гэнэт л замын зүүн талаас нэг эмэгтэй хүүхэд гүйж гарч ирээд машины зүүн талын гупер хэсэгт мөргүүлсэн...гэсэн мэдүүлэг. /хх-39/

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4705 дугаартай актын:

 1. Номин-Эрдэнийн биед зүүн шаант ясны далд хугарал, баруун өвдөг,зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-44/ 2.11.

 Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 255 дугаартай дүгнэлтэд:

1. Явган зорчигч Э.Н-э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Honda Fit маркийн 83-92 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт / хх 51-52/

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтаст хэргээс: улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотолж яллах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 44 хуудас шүүхийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Улаанбаатар хотын цагдаагийн газрын шинжээчийн 255 дугаартай дүгнэлт /хх 51-53/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судална гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна, хавтаст хэргээс шинжлэн судлах зүйлгүй гэв. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов. Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цаг 35 минутын орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын хуучин эцсийн автобусны буудлын замд Honda Fit маркийн 83-92 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн зөрчсөний улмаас явган зорчигч 12 настай М.Номин-Эрдэнийг мөргөж түүний биед зүүн шаант ясны далд хугарал, баруун өвдөг, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй

хохирогч М.Номин-Эрдэнийн:..2016 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрч байх үед ээжтэйгээ хамт түцэнд нь сууж байгаад мөнгө задлуулах гээд замын эсрэг талын дэлгүүр ганцаараа орж мөнгө задлуулсан. Ингээд буцаад ертөнцийн зүгээр замын зүүн талаасаа баруун талруу зам хөндлөн гарах гээд урдаасаа хойшоо явах урсгалыг өнгөрүүлээд тэгээд хойноосоо урагшаа явах урсгалд дөнгөж ороод алхтал миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явсан цайвар өнгийн машин давхиж ирээд намайг мөргөж 2м орчим газарт унасан гэсэн мэдүүлэг /хх-20/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Г.Мөнхтуяагийн:..би 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлаастын хуучин эцсийн ертөнцийн зүгээр хотруу явах талын түцэнд охин Нтэй хамт сууж байсан. Ингээд нэг үйлчлүүлэгч орж ирээд юм авна гээд 5000 төгрөг өгөөд ингээд надад задгай мөнгө байхгүй учраас охин Номин-Эрдэнийг задлуулаад ир гээд өгөөд явуулсан. Ингээд төд удалгүй нэг жаахан охин орж ирээд надад танай охиныг энд машин мөргөчихлөө гэсэн. Ингээд би сандраад гүйгээд гарсан чинь яг түцний урдхан талд авто машин зогсчихсон, харин түүнээс ертөнцийн зүгээр 2м гаран зайд охин маань газар хэвтэж байсан...гэсэн мэдүүлэг. /хх-22,/ насанд хүрээгүй

гэрч Ү.Батхолбоогийн:.. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлаастын хуучин эцсийн дэргэд байрлах 72-р сургууль дээр бэлтгэл хийгээд оройтоод гэртээ харих гэж хуучин эцсийн авотбусны буудлын ертөнцийн зүгээр баруун тал буюу хотруугаа явах талын буудал дээр очсон, ингээд автобус ирэхгүй байхаар нь яг хажууд нь байрлах дэлгүүр орчихоод яг гараад ирсэн чинь нөгөө талын автобусны буудлын жаахан /нэрийг нь мэдэхгүй/ охин гүйгээд гараад ирсэн тэгтэл хойноос нь буюу ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байсан автомашин тэр хүүхдийг мөргөөд газар унагачихсан. Би яг дэлгүүрээс гарч ирж байхад охин яг мөргүүлээд газар унаж байхыг нь харсан гэсэн мэдүүлэг /хх-27/,

гэрч Б.Ягааны:...тэгээд зогсож байтал түс хийх чимээ гарсан тэгээд би эргээд хартал автобусны буудлын харалдаа замд нэг саарал өнгийн жижиг Хонда Фит маркын автомашин /байсан байх/ зогсоод жолооч нь бууж байсан харин түүний машины урдхан талд нэг жаахан охин газарт хэвтэж байхаар нь яваад очтол 10-12 насны махлаг охин байсан гэсэн мэдүүлэг /хх-30/,

гэрч Б.МэндАмарын:...ертөнцийн зүгээр замын зүүн талаас нэг охин замын баруун талруу гарах гээд гүйх шиг болсон. Тэгсэн чинь л дээрээс ирсэн нэг Хонда Фит маркийн машин чигээрээ орж ирээд охиныг урд талын хамар хэсгээр мөргөж газарт унагасан гэсэн мэдүүлэг /хх-32/,

гэрч Б.Энхдоржийн:...тэгээд гэнэт л замын зүүн талаас нэг эмэгтэй хүүхэд гэнэт гүйж гарч ирээд машины зүүн урд талын гупер хэсэгт мөргүүлсэн. Ингээд Ч шууд машинаа зогсоогоод бууж ирсэн гэсэн мэдүүлэг /хх-36/,

гэрч Г.Пүрэвдолгорын:...тэр үед би машины хойд талд суугаад урагшаа хараад явж байсан. Ингээд автобусны буудал дөхөөд ирсэн чинь урд талд автобус явж байхаар түүний хойд талаас 20 орчим метрийн зайд явж байсан чинь гэнэт л замын зүүн талаас нэг эмэгтэй хүүхэд гүйж гарч ирээд машины зүүн талын гупер хэсэгт мөргүүлсэн...гэсэн мэдүүлэг. /хх-39/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4705 дугаартай дүгнэлтэд 1. Номин-Эрдэнийн биед зүүн шаант ясны далд хугарал, баруун өвдөг,зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 255 дугаартай дүгнэлтэд: Honda Fit маркийн 83-92 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. / хх 51-52/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх /7-10/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Чийг согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...бидний хувьд шүүгдэгч Б.Чоос эмчилгээний зардлаа бүрэн авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, харин охин маань орондоо шээгээд байгаа үүнийг эмчлүүлэх шаардлагатай үүнтэй холбоотой зардлаа баримтаа бүрдүүлж байгаад иргэний журмаар нэхэмжилнэ...” гэж байх тул шүүгдэгч Б.Чийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх үзлээ. Харин шүүгдэгч Б.Ч нь насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа хуулийн дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт хураагдан ирсэн В ангилалын 775408 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдав. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Чийг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Чийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Чт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №775408 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. насанд хүрээгүй хохирогч Э.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхтуяа цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Чт тэнсэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ