| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/1014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/968 |
| Огноо | 2020-12-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/968
2020 12 01 2020/ШЦТ/968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч З.Энхжаргал,
Шүүгдэгч Д.А-,
Хохирогч Ё.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Д.А-т холбогдох эрүүгийн 2009010531124 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / .овогт Д.А- нь:
- 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр *** байрны хойд талын зогсоол дээр хохирогч Ё.М-н автомашинаас буухдаа унагаасан гээгдэл Айфоне 8 маркийн гар утсыг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ё.Мэндбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчимд ** байрны хойд талын зогсоол дээр өөрийн автомашинаас буухдаа гар утсаа унагааж гээсэн. Тэр хавиараа хайгаад олдохгүй байхаар нь утасны имей дугаараар шалгуулах гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний гээсэн утас нь цайвар ягаан өнгийн Айфоне 8 маркийн гар утас байсан. Уг утсыг 2017 онд 2.400.000 төгрөгөөр Мобикомоос авсан. Миний гар утасны имей дугаар нь 35676108332419 гэжээ. / хавтаст хэргийн 18-20 /
Яллагдагч Д.А- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын эхээр өглөө 7 цагийн үед **-ийн автобусны буудлаас автобусанд суугаад ***-ын буудал дээр бууж хойш гарцаар гарахад дэлгэц нь хагарсан гар утас байсан. Тухайн гар утасны марк нэрийг нь мэдэхгүй байсан. Цэнэг нь 10-15 хувьтай байхаар нь хажуу талын товч дээр дараад унтраасан. Унтраахаас өмнө тэнд байсан таксины жолоочоос асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Гэртээ хариад дэлгэц нь хагарсан ийм утас оллоо гэж хэлэхэд манай хүүхэд авч үзсэн. Тэрнээс хойш мэдэхгүй гэжээ. / хавтаст хэргийн 36-38 /
Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... ***** дугаарыг 2020 оны 03 сард 35676108332*** имей дугаартай Айфоне 8 маркийн гар утсанд хийж ашигласан. Тухайн гар утсыг анх ээж гудамжнаас олоод гэртээ авчирсан. Сансрын тунелын зүүн талд СЮ дэлгүүрийн дээд давхарт байрлах утас засварын газар кодыг 15.000 төгрөгөөр гаргуулсан. Гар утсыг би ашиглаж байтал манай хамаатны Гандуулга гэдэг ах надад мөнгө хэрэгтэй байна гээд авч яваад ломбарданд түр тавьчих гээд өөрийнхөө нэр дээр тавьсан. Мөнгийг нь төлөхгүй байж байгаад найз нь худалдаж авсан гэж байсан гэжээ. / хавтаст хэргийн 26-27 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 47-48 /
Шүүгдэгч Д.А-ийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хавтаст хэргийн 36-38 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 39 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би өглөө эрт 7-8 цагийн оронд *** сургуулийн зүүн хойд талын гарцаар хамтран амьдрагчийнхаа хамт гарч яваад доошоо харахад ягаан өнгийн зүйл байсан. Би аваад хартал нүүр нь хагарсан гар утас байна. Манай хүн тэр утсыг авчихаад “ Энэ утас асахгүй байна. Хая. Наадхаар чинь яадаг юм “гэсэн. Би гар утсыг аваад “ Асаж магадгүй. Нүүр нь цементэн дээр унаад хагарчихсан юм байлгүй гээд товчийг нь дартал 10 гаруй хувьтай улаан гэрэл заачихсан гарч ирсэн. Гэртээ ирээд хүүхдээ сэрэхээр нь ээж нь гарц дээрээс гар утас олсон гээд хүүхдэдээ өгсөн. Манай хүүхэд авч яваад 2 хоногийн дараа утас засварын газар программ уншуулж асаагаад дугаараа хийгээд 3 сар гаруй хугацаанд тэр гар утсыг барьсан. Манай хамаатны залуу гуйхаар нь өгсөн боловч гар утсыг авчирч өгөөгүй байна. Би хохирогчид өөр шинэ гар утас авч өгнө. Надад хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Хамтран амьдрагчаа гэрчээр асуулгамаар байна гэв.
Хохирогч Ё.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрөөд ажлынхаа гадаа 28 дугаар байрны хойд талын зогсоол руу ороод машинаас буухдаа Айфоне 8 маркийн гар утсаа унагааж гээсэн байсан. Ажил руу ороод тухайн үедээ гар утсаа хайгаагүй. Манай ажлын онцлог байнга гар утас дуугардаг учраас утсаа хайтал байхгүй байхаар нь 20 гаруй минутын дараа зогсоол руу буцаад очтол утас байхгүй байсан. Шүүгдэгчийн гар утас олсон гээд байгаа газар зөрүүтэй байна. 28 дугаар байрны ард талын зогсоол гэдэг бол *** Сургуулийн 5 дугаар байр буюу Эдийн засгийн их сургуулийн хойд талын зогсоол бөгөөд хажуудаа ТҮЦ-тэй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Шүүгдэгчийг миний гар утсыг хулгайлсан гээгүй. Хүний хаясан эд зүйлийг олсон бол тухайн хүнд нь буцааж өгөх ёстой тул би Д.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
Шүүгдэгч Д.А- нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр **** зогсоол дээр хохирогч Ё.М автомашинаас буухдаа унагаасан гээгдэл Айфоне 8 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Автомашинаас буухдаа гар утсаа унагааж гээсэн. Тэр хавиараа хайгаад олдохгүй байхаар нь утасны имей дугаараар шалгуулах гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний гээсэн утас нь цайвар ягаан өнгийн Айфоне 8 маркийн 356761083**** имей дугаартай байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ё.М мэдүүлэг / хавтаст хэргийн 18-20 /, ... Гарцаар гарахад дэлгэц нь хагарсан гар утас байсан. Тухайн гар утасны марк нэрийг нь мэдэхгүй байсан. Гар утсыг манай хүү утас засварын газарт кодыг гаргуулаад 3 сар барьж байгаад хамаатны залууд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.А-ийн мэдүүлэг / хавтаст хэргийн 36-38 /, ... *** дугаарыг 2020 оны 03 сард 3567610833*** имей дугаартай Айфоне 8 маркийн гар утсанд хийж ашигласан. Тухайн гар утсыг анх ээж гудамжнаас олоод гэртээ авчирсан. Сансрын тунелын зүүн талд** дэлгүүрийн дээд давхарт байрлах утас засварын газар кодыг 15.000 төгрөгөөр гаргуулсан. Хамаатны Гандуулга гэдэг ах надад мөнгө хэрэгтэй байна гээд авч яваад ломбарданд түр тавьчих гээд өөрийнхөө нэр дээр тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.Тогтохжаргалын мэдүүлэг / хавтаст хэргийн 26-27 /, ... “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 47-48 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.А-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А- нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, шүүгдэгчээс гар утасны үнэ 705.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Мэндбаярт олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.А-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.А- нь өөрийн хамтран амьдрагчийг тухайн үед хамт явсан учир гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Ё.М нь өөрийн утсаа машины зогсоолд байрлуулаад буухдаа унагаасан болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт түүнд хууль сануулан мэдүүлэг авахад эргэлзээгүйгээр “28 дугаар байрны хойд талын зогсоол руу ороод машинаас буухдаа унагаасан байсан “ гэж мэдүүлсэн. Тухайн гээгдэл гар утсыг шүүгдэгч Д.А- нь олж авч, өөрийн хүү А.Т өгч, тэрээр 3 сар хэрэглээд бусдад өгсөн / хх 26-27 / болох нь мөрдөн шалгалтын явцад нотлогдсон тул түүнийг гэрчээр асуух шаардлагагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Д.А-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.А-ээс 705.000 төгрөг гаргуулан хохирогч Ё.Мэндбаярт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Д.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ