Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

          Нарийн бичгийн дарга А.Батцог, 

          Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

          Хохирогч *******,

    Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******од холбогдох эрүүгийн 2127001170027 тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,******* ******* гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* овгийн *******ын ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******ийн нутаг, “Цагаан *******” гэх газарт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч *******ийн баруун гарын тохойн гадна хэсэгт нэг удаа хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн хамтран амьдрагч *******ийг 2021 оны 06, 09, 10 дугаар саруудад байнга зодож, сэтгэл зүйн дарамтад байлган харгис хэрцгий хандаж догшин авирласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд дурдснаар/

                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг өгөхгүй гэв.

          Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бид хоёр хүүхдээ сумын төв рүү сургуульд нь хүргэж өгөх гэтэл манай нөхрийн мотоциклын гинж нь болохгүй байсан учраас айл руу мотоциклын гинж асуухаар явсан. Тэр хойгуур нь би хонио эргүүлчхээд иртэл манай нөхөр мотоциклынхоо гинжийг хийж чадахгүй бухимдаад уурлаад байж байсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандан охин бид хоёр замын унаанд суугаад Хужирт сумын төв рүү явчих уу гэж хэлтэл намайг гэрт чирч оруулаад гэдэс хэсэг рүү хутгаар хатгасан. Би арай гэж түлхээд гэрээс гадагшаа гарч зугтаатал араас гүйж гарч ирээд намайг барьж аваад гэрт чирч оруулаад орон дээр багалзуурдаж унагаад баруун гарын тохой хэсэг рүү нэг удаа хутгалсан. Урд нь намайг багалзуурдаж унагаж, мориор хөөж элдэж, уургаар цохиж, миний хоёр гарыг ард барьж байгаад дээрээс тараг, ундаа асгаад зоддог байсан. Одоо миний толгой их өвддөг. Манай охин ааваасаа айгаад гэрээс гараад гүйхээр нь араас элдэж хөөж, дарамталж айлгадаг. Сүүлийн хэд хоног хамт амьдрах хугацаанд охин бид хоёрыг байнгын дарамтад байлгасан. Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр энэ л дутаад байна гэж хэлээд заазуур барьж намайг айлгасан. Ер нь намайг байнгын сэтгэл санааны дарамтад байлгадаг. *******ыг гэрт нь хариулахгүй байвал надад хэрэгтэй байна. Намайг аавынхаа гэрт орохоор өөрийнхөө гэрт орсонгүй гэж дарамтална. Өөрийнхөө амийг хорлох үйлдэл хийж дарамтална. Надад байнгын сэтгэл санааны дарамтад байх маш хэцүү байна” гэв.

          Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Мотоциклынхоо гинжийг хийж чадахгүй байх шиг уурлаад мотоциклоо өшиглөөд байсан, тэгэхээр нь би очоод охин, бид хоёр зам дээрээс унаа тосоод сууя гэхэд пизда минь байж бай гээд намайг заамдаж гэрт оруулаад гэдэс хэсэг рүү хутгаар хатгасан. Тэгэхээр нь түлхэж байгаад арай гэж гэрээс гараад гүйсэн. Гэтэл араас ирээд буцаж чирч оруулж ирээд миний баруун гарын тохойны дээд хэсэг рүү хутгаар дүрсэн. Тэгээд миний гараас цус гартал би хүн алчихлаа ш дээ гэхэд, над руу дүрсэн хутгаараа өөрийгөө хороох гээд байхаар нь би зүгээр бид хоёрыг төв рүү хүргээд өг, охин маргааш хичээлтэй, хүн амьтан, цагдаад хэлэхгүй гэж гуйж байгаад тайвшруулаад мотоциклтойгоо сумын төвд ирсэн. Бид хоёр нэг гэрт ороод 10 гаран жил болж байна, дундаасаа нэг охинтой. Манай гэрт манай жоохон охин болох Марал- Эрдэнэ бид гурав байсан өөр хүн байгаагүй. Миний гарыг зүссэн гэх хутга одоо хаана байгааг нь мэдэхгүй байна ******* хаясан гэж байсан. Тухайн хутганы иш нь хүрэн өнгөтэй 25-30 см урттай хутга байсан. Өмнө нь намайг цохиж зодож байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хэлж байгаагүй. Өмнө зодуулж байснаас болж толгой өвддөг болсон, сүүлийн хутгалуулсан шарх одоо зүгээр болсон ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Тэр үед ******* согтуу байгаагүй. Намайг ямар учраас цохиж зоддогийг мэдэхгүй байна, айраг, архи, дарс уусан үедээ цохиж зодохдоо их хэрцгий байдаг, тараг газар асгаж байгаад долоолгох, мориор хөөдөг, толгой руу юугаар ч хамаагүй цохидог...... гинжээ хийж чадахгүй бухимдаж уурлаад байж бай пизда минь сургуульд сурч ер нь яадаг юм гэхээр нь тэгвэл замын унаанд суугаад явлаа гээд зам руу явж байсан чинь араас гүйж ирээд гэр рүү чирч оруулаад орон дээр унагааж байгаад чанасан гэдэс нь дээр тавьсан байсан хүрэн иштэй том хутгийг аваад баруун гарын тохойны дээд хэсэгт 4-5 см хэмжээтэй гэмтэл хутгаар үүсгэсэн. Энэ явдлаас өмнө 09 сард архи ууж гэртэй ирээд гэрийнхээ эд зүйлсийг эвдлээд байхаар нь аавын гэр рүү гүйсэн чинь өшиглөж газарт унагааж байгаад морьтой намайг хөөгөөд сураар нуруу хэсэг рүү цохиж байсан. 2021 оны 06 дугаар сард манай нөхөр өглөө эрт хаашаа ч юм нэг тийшээ явчихсан байхаар нь хонио би өөрөө хариулаад явж байтал араас морь унаж ирээд би хонио хариулах гэж байхад яах гэж чи ирсэн юм гээд чулуу шидээд газарт унагааж байгаад толгой тархи хэсэгт гараараа цохиод байсан. Манай нөхөр намайг зодохдоо дандаа толгой хэсэг рүү цохидог учраас толгой, бөөр нуруу л байнга өвддөг. Гэртэй байнга айдастай байх болоод олон жил болж байна. Манай хүүхэд ч маш их айдаг. Салаад аавын гэрт очихоор араас ирээд худлаа үнэн юм ярьж, өөрийгөө хүртэл гэмтээгээд байдаг учраас салж чаддаггүй......Би 2021 оны 06, 09 дүгээр сард болон бусад үед зодуулж цохиулж байсан гэдгээ гэртээ очих үедээ аав, ээж, дүү нарт хэлдэг байсан миний ээж дээр дурдсан цаг хугацаанд болон хамт амьдраад 10 жил болох хугацаанд яаж нөхөртөө зодуулж байсан гэдгийг сайн мэднэ. Гэхдээ байнга хамт гэрт байдаггүй учраас харж чаддаггүй байсан байх. Хоёр хоноод л зодоод дарамтлаад байхыг л би байнга гэж хэлж байгаа гэж хэлж байгаа юм. Би санаагаар унаж амьдрал гэх зүйлийн утга учрыг мэдрэлгүй, олон жил дотроо шаналж явж байна. Бие махбодын хувьд дандаа толгой хэсэг рүү гараараа цохиж толгойгоороо мөргөж эсвэл миний гарыг бариад намайг цохиод чи өөрийгөө зодож байгаа шүү гэдэг бас өвдөөд ёолж орилох юм бол өшөө аль хэсэгт чинь өвдөж байна гээд л илүү их зоддог. Би одоо энэ хүнээс айгаад бас зодуулсан учраас толгой байнга өвддөг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 44-45, 59-60 дугаар хуудас/,

Гэрч ийн өгсөн: “...хамт амьдарсан жилүүдэд их бага хэмжээгээр байнга л зоддог байсан. 2021 оны 3-4 сарын үед ойр зуурын юм хийгээд байж байтал манай эгч аллаа туслаарай гээд орилсон, би малын саравч тойроод харсан чинь ******* морь унаад манай эгчийн араас хөөгөөд цулбуураар ороолгож байгааг нь хараад наанаас орилж гарж очоод *******ыг болиулсан. Энэ явдлын дараа 2021 оны 6-7 сард намайг гэртэй байж байхад эгчийн охин ээжийг аав зодоод байна гээд гүйгээд ирсэн. Би гэрт нь яваад очсон чинь эгч хөл гар руу ******* цохиод алах нь гээд орилоод байж байсан.... өмнө нь бол 1 сарын зайтай эсвэл тэрнээс ч ойрхон зоддог байсан. Манай гэр бүлийнхэн л сайн мэддэг. Сумын цагдаа нар ч нутгийн хүмүүс ч гадарлаж л байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч гийн өгсөн “...Хоорондын харилцаа гэвэл ******* архи согтууруулах ундаа болон айраг уусан үедээ их агсам согтуу тавьдаг. 2020 оны 09 дүгээр сард манай охин *******ийг уурганы модоор цохиод уурга нь 7 хэсэг болсон байсан. Очоод үзэхэд орны доогуур орсон байсан тэрнээс  чирч, гаргаж ирээд зоддог гараад зугтах гэхээр үснээс нь зулгаагаад гэр лүү гээ чирч оруулсан байсан. Мөн согтуу гэртээ ирээд агсам тавиад мотоциклоосоо уяа уяж байгаад чирэх гэхэд нь харин мотоцикл нь асаагүй юм байна лээ. Тэгээд гэртээ орж ирээд 70 литрийн савтай аарц хага өшиглөөд тэр рүү гээ толгойгоор нь дүрсэн байсан, тэгээд зодох үедээ хоёр гарынх нь тохой хэсгээс барьчхаад гараар нь нүүр толгой руу нь цохиод чи өөрийгөө зодсон биз дээ гэсэн байсан. 2021 онд мөн манай охин орилоод байхаар нь очтол гадаа гаргасан зодож байсан тэгэхээр нь шөнө орой хүүхэд орилуулаад яагаад байгаа юм гэхэд би хоёр хүнээ алж хаячхаад шорондоо орно гэж хэлсэн. Тэгээд над руу түлээн дээрээс сүх аваад шидсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай охины гар руу хутгаар дүрсэн байсан тэгээд сүүлд өөрийнхөө амийг хорлох үйлдэл гаргаж бүсээрээ өөрийгөө боосон байсан. Охин бид хоёр арай гэж бүсийг нь тасалсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их муухай ааштай болдог, эрүүл үедээ ямар ч зан авиргүй их дөлгөөн байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан ааш нь их тогтворгүй болж араатан шиг болдог. Охин маань цагдаад хэлэх гэж гар утсаа аваад гарахаар утсаа булааж аваад шууд дэвсдэг тэгээд зан ааш нь гайгүй болчих байх гэж бодож байсан ч гайгүй болохгүй байна. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай охиныг байнга зодож цохидог, манай охин нойр нь хүрэхгүй байна гээд эмнэлэгт хүртэл хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч ийн өгсөн: “...Тухайн эмэгтэй 2021 оны 10 дугаар сарын 11- ний 22 цагийн үед Хужирт сумын эрүүл мэндийн төвд баруун гарын бугалганы доод талд хутгалуулсан гэх цус гоожсон шархтай ирсэн. Би тухайн үед жижүүр эмчээр ажиллаж байсан. Тухайн шарх нь хутга мэсээр үүсгэгдсэн байх боломжтой шарх байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №433 тоот дүгнэлтэд “...1.*******ийн биед баруун гарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хужирт сумын эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай албан бичиг, өвчний түүхийн хуулбар хувь /хх-ийн 65-84 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 02 оны 28-ний өдрийн 1-2156 дугаартай албан бичиг, амбулаторид үзүүлсэн мэдээллийн хуулбар /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

          2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

          Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90 дугаар хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

             Нэг: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******ийн нутаг, “Цагаан *******” гэх газарт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч *******ийн баруун гарын тохойн гадна хэсэгт нэг удаа хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн *******ийг 2021 оны 06, 09, 10 дугаар саруудад байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь  хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 44-45, 59-60 дугаар хуудас/, гэрч , , , /хх-ийн 34-35,39-40, 62-63 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №433 тоот дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай албан бичиг, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 65-84 дүгээр хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 02 оны 28-ний өдрийн 1-2156 дугаартай албан бичиг, амбулаторид үзүүлсэн мэдээллийн хуулбар /хх-ийн 86-87 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүнийг мэдүүлэг болон энэ талаар хэлснийг гэрчилсэн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

          Байнга зодсон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

           Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******ийн нутаг, “Цагаан *******” гэх газарт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч *******ийн баруун гарын тохойн гадна хэсэгт нэг удаа хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн *******ийг 2021 оны 06, 09, 10 дугаар саруудад байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тус тус зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулгүйн зэргийн үнэлгээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч *******ийг удаа, дараа зодсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

           Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

          Хохирогч ******* шүүх хуралдаанд “...намайг 7 хоногт 2-3 удаа байнга тархи, толгой руу зоддог байсан болохоор би сар, өдрийг санахгүй байгаа, сэтгэл санааны хувьд айдас түгшүүртэй хэцүү байна. Одоо цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг *******оос нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг бөгөөд хохирогч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч *******ын нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтаас үзэхэд түүнийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялын нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 30 хоногийн хорих ял болгон сольж, шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн,

          шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хүнд ял болох 8 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 8 /найм/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож,

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 8 /найм/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, 

          Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хүнд ял болох 8 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 8 /найм/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 8 /найм/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          7. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН