Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2019/00610/и |
Дугаар | 001/ХТ2020/00731 |
Огноо | 2020-10-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2020/00731
Д.Цгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01080 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1101 дүгээр магадлалтай,
Д.Цгийн нэхэмжлэлтэй
А.Лд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч А.Лхагсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, гуравдагч этгээд Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н.Б эгч над руу утасдаж Эгч нь Солонгосын визэнд орох болоод байна. А.Л гэдэг хүүхнээс 1.000.000 төгрөг авах ёстой юм. Мөнгөө нэхсэн чинь мөнгө байхгүй гээд байна. Чи зээлэх үү, энэ хүн найдвартай гэсэн. Тэгээд бид хоёр А.Лтэй яриад нотариат орсон. А.Л Н.Бгийн мөнгийг удаасан чамаас аваад өгчихье. Чиний мөнгийг удлаа гэхэд 2 сарын дотор хуваагаад өгчихнө. Хүүхдүүд мөнгө явуулна гэж хэлсэн. Би А.Лтэй зээлийн гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Да хүрээ захын Хаан банк руу явсан боловч А.Л банк их хүнтэй байна. Та хоёр шилжүүлчих гээд машинаас буусан. Би А.Лгийн зээлсэн 1 000 000 төгрөгийг Н.Бгийн дансанд шилжүүлсэн болно. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А.Л төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 250 000 төгрөг, алданги 50 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг хариуцагч А.Лгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа хийж байхад Н.Б над руу залгаж Би Солонгосын визэнд орох гээд хүнээс хүүтэй мөнгө зээлэх гэсэн юм. Чи 1.000.000 төгрөгийг нь зээлэх үү гэж асуусан. Би эхлээд мөнгө хэрэггүй гэсэн боловч удаагүй ажлын гадаа ирээд утасдсан. Би гарч уулзахад Д.Ц гэгч үл таних эмэгтэйтэй ирж мөнгө зээлэх тухай ярилцаж би Д.Цтой 1.000.000 төгрөг зээлэх гэрээ хийсэн. Тухайн үед Н.Б бид хоёрын хооронд 1.000.000 төгрөгийн тооцоо байсан. Тэр мөнгөө Д.Цгоос зээлж авч Н.Бд өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн юм. Уг мөнгийг би данс руугаа авах гэтэл ойр хавьд АТМ байхгүй гэсэн шалтгаанаар Н.Бд өгье гэсэн. Надад бэлэн болон дансаар мөнгө өгөөгүй, энэ мөнгийг Н.Б авсан учир энэ мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Н.Б болон манай гэр бүлийн хооронд маргаантай асуудал үүссэн учир төлөх шаардлагагүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Бгийн тайлбарт: А.Л надад 1 300 000 төгрөгийн өртэй байсан. Тэр үед би Солонгосын визэнд орох гээд 5 000 000 төгрөг банкинд байршуулах хэрэгтэй байсан. Тэгээд би А.Лгээс өрөө авах гэсэн боловч мөнгөгүй гэсэн, ингээд Д.Ц бид 3 ярилцаж тохиролцоод А.Л нь Д.Цтой зээлийн гэрээ байгуулж надад 1.000.000 төгрөг өгсөн. Би А.Лгээс авах ёстой 1 000 000 төгрөгөө авсан гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01080 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Лгээс 1 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 250 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, мөн 34 550 төгрөгийг хариуцагч А.Лгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1101 дүгээр магадлалаар Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч А.Л хяналтын гомдолдоо: Шийдвэр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шийдвэр магадлалд намайг Д.Цгоос 2018.11.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан 1 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувиар зээлсэн гэж үзэн 1 300 000 төгрөг төлүүлэхээр шийдсэнд гомдолтой байна. Учир нь: Зээлийн гэрээг би байгуулсан гэх боловч надад мөнгө өгөөгүй 1 000 000 төгрөгийг Н.Бгийн дансанд орсон нь нотлогддог. Тул иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-дэх хэсэгт зааснаар зээлсэн мөнгийг надад өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэх үндэсгүй.2. Би Д.Ц, Н.Б нарын өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй Н.Б надаас 1 000 000 төгрөгийн авлагатай гэсэн атлаа шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргаагүй дүү гэх Д.Цгоор гэрээ хийлгэж нэхэмжилж буйг хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч А.Лд холбогдуулан зээл 1 000 000 төгрөг, хүү 250 000 төгрөг, алданги 50 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “гэрээг байгуулсан боловч мөнгийг хүлээж аваагүй” гэсэн үндэслэл заажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 1 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 1 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл А.Л нь зээлийг Н.Бд шилжүүлэхийг зөвшөөрсөн, Д.Ц нь Н.Бд 1 000 000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлжээ.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж заасан тул Д.Ц нь үүрэг гүйцэтгүүлэгчийн заасан этгээд Н.Бд зээлийг хүлээлгэн өгсөн тул А.Лг мөнгийг хүлээн авсан гэж үзэх юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Б бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, “...А.Л надад 1 300 000 төгрөгийн өртэй байсан, өрөө авъя гэхэд мөнгөгүй гэсэн тул бид тохиролцоод А.Л Д.Цтой зээлийн гэрээ байгуулж надад 1 000 000 төгрөг өгсөн.., гэсэн тайлбарыг гаргасан, хариуцагч А.Л нь зээлийн гэрээний дагуу авах 1 000 000 төгрөгийг Н.Бд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь тогтоогджээ.
Иймд хариуцагчаас зээл 1 000 000 төгрөг, гэрээний хугацааны 2 сарын хүүд 200 000 төгрөг, алданги 50 000 төгрөг, нийт 1 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд буюу шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар бус нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаар гаргасан уг гомдлыг хяналтын шатны шүүх хангах боломжгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1101 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА