Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 00148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Р.Сандуйсайхан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шатах жамбал овгийн Рэнцэндоржийн Сандуйсайханд холбогдох 201614000371 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Шатах жамбал овгийн Рэнцэндоржийн Сандуйсайхан, Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Толгодын 34-02 тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 сарын 21-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар 15 хоногийн баривчлах ялаар, 2012 оны 05 сарын 01-ний 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж байсан, хэрэг хариуцах чадвартай. /РД:ФМ69112974/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Р.Сандуйсайхан нь согтуугаар 2016 оны 07 сарын 06-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 33-03 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Р.Сандуйдавааг “надтай барьцаад архи уугаад байна уу” гэж хэрүүл маргаан хийж байгаад нүүр рүү гараар цохих, зүүн гарын шууг шалны модоор цохиж хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Р.Сандуйдаваагийн “2016 оны 07 сарын 06-ны шөний 23 цагийн үед гэртээ байж байтал манай төрсөн дүү Сандуйсайхан согтуу ганцаараа орж ирээд надтай барьцаад архи уугаад байгаа юмуу гэж элдвээр хэлээд хэрүүл мараан хийгээд байсан. Мөн хоол унд хийсэн юм уу гэх мэтээр агсраад би урдаас нь юм хэлээгүй, үг ч дугараагүй. Гэтэл намайг гэнэт орноос татаж буулгаад гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Мөн шалны модоор 2-3 удаа зүүн гарын шууны хэсэг рүү цохиод байсан. Тэр үед шалны мод нь хугарсан. Тэгээд би зугтаагаад эгч Сайзмаагийнд очиж хоносон юм. Тэгээд маргааш нь эмнэлэг орж үзүүлэхэд зүүн гарын шууны савхан яс нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

2. Гэрч Д.Дэмбэрэлийн “2016 оны 07 сарын 06-ны үед ахмадын амралтанд яваад 2016 оны 07 сарын 10-ны өдөр гэртээ ирсэн юм. Харин гэртээ ирээд манай хүү Сандуйсайхан нь төрсөн ах Сандуйдаваатай маргалдан улмаар Сандуйсайхан нь ах Сандуйдаваагийн гар руу шалны модоор цохиж гэмтээж гэмтэл учруулсан талаар мэдсэн юм. Би 8 хүүхэдтэй 6 нь тусдаа гарсан. Сандуйсайхан, Сандуйдаваа нар манай хашаанд нэг нэг өрөөнд тусдаа амьдардаг юм. Уг нь бол манай хоёр хүү хэрүүл маргаан хийгээд байдаггүй, тус тусдаа амьдралаа залгуулж явдаг юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Зүүн гарын шууны тахилзуур ясны далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн гуянд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 19-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан учир ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв. Хохирогч Р.Сандуйдаваа нь “хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байна.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Сандуйсайхан нь 2016 оны 07 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 33-03 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Р.Сандуйдаваатай маргалдан зүүн гарын шууг шалны модоор цохиж хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Р.Сандуйсайхан нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 сарын 21-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар 15 хоногийн баривчлах ялаар, 2012 оны 05 сарын 01-ний 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ял шийтгэлгүйд тооцогдох үндэстэй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

 Р.Сандуйсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн 201614000371 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шатах Жамбал овгийн Рэнцэндоржийн Сандуйсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Р.Сандуйсайханыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Сандуйсайханд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Р.Сандуйсайханд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Сандуйсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС