| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 106/2018/1245/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 138
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энх-Амгалан,
яллагдагч Т.Б-,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 209 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Т.Б-д холбогдох 1806059150204 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Т-ы Б-, 1995 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;
Т.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газар зохион байгуулагдсан амьд хөгжмийн “Play time” наадмын үеэр өөрийн байрлаж байсан майхандаа Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 5.5881 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийн 25, 27 дугаар талд Т.Б- гэрчээр асуугдахдаа А.Нандинбилэгээс авсан талаар мэдүүлсэн байх ба хэргийн 83 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр А.Нандинбилэгийн шээснээс тетрагидроканнабинол ТНС-ын агууламж илрэв гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, гэрчээр Ц.Ганцолмонгийн өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд А.Нандинбилэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Маралгуа, Б.Бадмаараг нарын мэдүүлгүүд зөрүүтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдгээр гэрчүүдийг дахин байцаах замаар мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагааг хийх, хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр А.Нандинбилэгийн шээснээс тетрагидроканнабинол ТНС-ын агууламж илрэв гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба энэ дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн шинжээч эмчээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүний биед хэдий хугацааны туршид байх, бие организм, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар асууж тодруулах ажиллагааг хийх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаажээ.
Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...А.Нандинбилэг нь Т.Б-тай уулзсан гэдгээ үгүйсгээгүй бөгөөд харин яллагдагчид хар тамхи мансууруулах төрлийн “өвс” гэх нэршилтэй ургамлыг өгөөгүй талаар мэдүүлсэн. Яллагдагч Т.Б-тай хамт явсан гэрч Х.Маралгуагийн мэдүүлэгт “...Б-г хүнээс ямар нэг зүйл авч байхыг хараагүй” гэсэн хэрэгт цугларсан нотлох баримтаар А.Нандинбилэгийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, А.Нандинбилэгээс Т.Б- авсан гэх боловч энэ талаар Нандинбилэгийг гэрчээр асууж, тодруулснаас гадна яллагдагч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаахад зөрүү арилаагүй, А.Нандинбилэгийн бие болон эд зүйлсээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй, зөвхөн Т.Б-гийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр А.Нандинбилэгийн шээснээс тетрагидроканнабинол ТНС-ын агууламж илэрсэн нөхцөл байдлаар тухайн бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй буюу хангалттай тогтоогдоогүй, Нандинбилэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай ирүүлснийг прокурор гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нөхцөл байдал тогтоогдоогүй гэж саналыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагааг сэжиг бүхий таамаг, хангалттай нотлох баримтгүйгээр явуулж болохгүй. А.Нандинбилэгийн шээснээс илэрсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн гэж Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж болох үйлдэл юм.
Хэрэгт гэрчээр Б.Бадмаараг, Х.Маралгуа нараас 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд ямар мэдүүлгийн зөрүү байгаа талаар захирамжид ойлгомжтой, тодорхой дурдаагүй. Шүүх гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж дүгнэсэн бол гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр анх мэдүүлэхдээ зөрүүтэй мэдүүлсэн боловч дахин байцаалт авч зөрүүг арилгасан.
Мансууруулах бодис хүний биед хэдий хугацааны туршид байж болох нь хүний биеийн онцлогоос хамаарч янз бүр байдаг ба шүүх эргэлзээтэй гэж үзвэл талуудын саналыг авч, гэм буруутай эсэхийг хэлэлцэх хуралдаанд шинжээчийг оролцуулан мэдүүлэг авах хэлбэрээр тодруулах боломжтой.
Иймд 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 209 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, эрүүгийн 1806059150204 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Отгонсүрэн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхээс А.Нандинбилэгийн шээснээс шинжилгээ авахад тетрагидроканнабинол илэрсэн, мөн Ц.Ганцолмонгийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийгээд А.Нандинбилэгийг холбогдуулан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Гэтэл тухайн үйл явдал болсноос хойш 2 сар гарангийн дараа А.Нандинбилэгийн шээснээс шинжилгээ авахад тетрагидроканнабинол илэрсэн бөгөөд үүнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэсэн. Ц.Ганцолмон нь Т.Б-, А.Нандинбилэг хоёрыг танилын холбоотой гэж гэрчилдэг болохоос биш И.Б- нь А.Нандинбилэгээс ямар нэгэн бодис авсан гэдгийг нотолсон зүйл байдаггүй учраас энэ үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй. Зөвхөн Т.Б-гийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа учраас А.Нандинбилэгийг татах үндэслэл тогтоогдохгүй байна. Буцаасан 2 дахь үндэслэл нь гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилга гэсэн байгаа боловч Б.Бадмаараг, Х.Маралгуа нарын мэдүүлэгт ямар зөрүү байгаа талаар шүүгчийн захирамжид тодорхой дурдаагүй. 3 удаа мэдүүлэг авахад прокурор эхний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Харин сүүлийн 2 мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. А.Нандинбилэгийн биед мансууруулах бодис хэдий хугацааны туршид байх, бие организм, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар асууж тодруулах ажиллагааг хийх шаардлагатай гэсэн. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад тодруулах боломжтой. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Б-г 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” амралтын газар зохион байгуулагдсан амьд хөгжмийн “Play time” наадмын үеэр өөрийн байрлаж байсан майхандаа Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 5.5881 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх яллагдагч Т.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Т.Б- нь тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 5.5881 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг А.Нандинбилэгээс авсан гэж мэдүүлж, энэ талаар зохих ажиллагааг хийсэн байна. Мөн 2018 оны 9 дугаар сарын 7-ны өдөр А.Нандинбилэгийн биеэс биологийн дээж /шээс/ авч, шинжээчийн дүгнэлтээр түүний шээснээс тетрагидроканнабинолын агууламж илэрсэн нь Т.Б-гийн тухайн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэх үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. А.Нандинбилэгийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх асуудлыг тусдаа гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд Х.Маралгуа, Б.Бадмаараг нараас хоёр удаа гэрчийн мэдүүлэг авч, Х.Маралгуа “...Т.Б- тэр өвсийг хүнээс авсан гэж маргааш нь хэлсэн...” гэх /хх 35/, Б.Бадмаараг “...Би Т.Б-г хүнээс өвч байгааг хараагүй...” гэх /хх 29/ мэдүүлгүүд өгчээ. Үүнээс үзэхэд тэдгээрийн өгсөн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй байна.
Шүүгчийн захирамжид заасан “Шинжээчийн дүгнэлтээр А.Нандинбилэгийн шээснээс тетрагидроканнабинолын агууламж илэрсэн гэсэн дүгнэлт гарсан ба үүнийг үндэслэн мэргэжлийн шинжээч эмчээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүний биед хэдий хугацааны туршид байх, бие организм, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар асууж тодруулах ажиллагааг” хийх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгч Т.Б-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.
Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.
Харин, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээ авах чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлтээ шүүхэд тавьж, шийдвэрлүүлвэл зохино.
Иймд прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Т.Б-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 209 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Б-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хэлэлцэх хүртэл Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН