Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0541/З |
Дугаар | 221/МА2015/0156 |
Огноо | 2015-04-02 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2015/0156
2015 оны 4 сарын 02 өдөр | Дугаар 156 | Улаанбаатар хот |
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”С” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Өлзийт нэртэй газарт орших 515,05 гектар талбайг 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 13472Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа болно.
Эрэл хайгуулын ажил хийж хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хуулийн хугацаанд багтаан төлж, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг ханган ажиллаж ирсэн. Тус компанийн тусгай зөвшөөрлийн эзэмших эрхээ сунгуулах хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дуусах байсан ба Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох материалуудын хамт бүрдүүлж Ашигт малтмалын газарт өгөхөөр заасан байдаг юм.
Гэтэл компанийн захирал Л.Э миний бие 2014 оны 03 дугаар сараас эхлэн удаан хугацаагаар өвдөж эмнэлгийн байгууллагын хяналтад байж ажил үүргээ хэвийн явуулж чадахгүйд хүрсэн юм. Мөн тухайн үед Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт малын шүлхий өвчин гарч Онцгой байдлын газраас хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж чадаагүй байсан юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг цаг тухайд нь төлсөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан. Гэтэл Ашигт малтмалын газраас надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учир 2014 оны 8 дугаар сард Ашигт малтмалын газарт очиж уулзахад тусгай зөвшөөрлийн хугацаа чинь дууссан байна. Тиймээс Ашигт малтмалын газарт учир байдлаа тайлбарлан өргөдөл гаргахад ... 13472Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 орны 04 дүгээр сарын 07-ны өдөр дууссаныг кадастрын бүртгэлийн системд 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн байна гэсэн хариуг өглөө.
Хэдийгээр “С” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсан ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 919 400 төгрөг тус тус төлсөн нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүрдүүлбэрээ гүйцээж өгөөгүй нь хугацааг автоматаар дууссанд тооцох үндэслэл болох талаар ямар ч заалт байхгүй. Мөн дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан үзэхийг хүсэж албан бичиг өгч байсан болно.
Тийм байтал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд “С” ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаануудыг үл харгалзан тусгай зөвшөөрлийн маань эрхийг хураан авч Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэсэн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй боогдуулж байгаад маш их гомдолтой байна.
Мөн хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэсэн үндсэн чиг үүргээ зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системд “С” ХХК-ийн эзэмшлийн 13472Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 13472Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Өлзийт нэртэй газарт орших 515.05 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 135472Х тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 429 дүгээр тушаалаар “С” ХХК-д олгосон.
Ашигт малтмалын хайгуулын 13472Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах бичиг баримтыг хавсаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь хайгуулын 13472Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хугацаандаа ирүүлээгүй шалтгаанаа уг компанийн захирал Л.Э нь өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан, мөн Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт малын шүлхий гарсны улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө сумын Засаг даргаар батлуулж чадаагүйгээ нэхэмжлэлдээ дурдсан байна.
Дээрх шалтгааны улмаас хуулийн хугацаад уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй ч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үйлчилгээний хөлс, мөн 4 дүгээр сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн байтал Кадастрын хэлтэс нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр хугацаа дуусгавар болгосон гэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан эдгээр баримт бичигт тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс төлсөн баримтаас гадна байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, баримтуудыг өргөдөлд хавсаргаж Кадастрын хэлтэст ирүүлэх ёстой байтал зөвхөн тусгай зөвшөөрлийн болон үйлчилгээний хөлс төлсөн баримтыг ирүүлсэн нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой.
Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын 12645Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
Мөн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал өвчний улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан ч энэ компанийн бусад эрх бүхий албан тушаалтан эсхүл хуульд зааснаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хайгуулын 12645Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хугацаандаа ирүүлэх боломж байсан.
Иймд, “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан ... Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн системд “С” ХХК-ийн эзэмшлийн 13472Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дууссаныг бүртгэсэн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, 13472Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан давж заалдах гомдлыг гаргаж байна.
Манай компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт 13472Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжиж байсан юм. Тус тусгай зөвшөөрлийн дуусгавар болох хугацаа нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болж байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлөө Кадастрын хэлтэст гаргах хуулийн зохицуулалттай байна.
Тухайн үед Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах үед компанийн гүйцэтгэх захирал Л.Э миний бие 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн С вирусгүй идэвхжил явагдсаны улмаас мөн сарын 15-ны өдрийг хүртэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж өвчтэй байсан юм.
Энэхүү хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд миний бие өвчтэй байх хугацаандаа компанийн ажилтнаар тус тусгай зөвшөөрлийг сунгуулах үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Маягт К-11 дүгээр маягтын дагуу хуульд заасан холбогдох материалуудыг бүрдүүлэн хүргүүлсэн боловч Байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй өргөдлийн бүрдүүлбэр дутуу байна гэж өргөдлийг хүлээн аваагүй байсан болно.
Мөн энэ цаг хугацаанд буюу 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Алтанширээ, Сайншанд болон 13472Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл байрлах Даланжаргалан сумуудад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон байсан тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжгүй байсан юм.
Гэсэн хэдий ч манай компанийн 13472Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацааг сунгуулахад шаардлагатай Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг яаралтай батлуулахгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан гаргах хугацаа тогтоосон хорио цээрийн улмаас хэтэрч байгааг Онцгой байдлын газрын албан хаагчдад хэлж, гуйсаар тэдний машинд дайгдан явж байгаа нутгийн хүнээр явуулан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр батлуулсан авч ирүүлсэн болно.
Миний бие эмчилгээний хугацаа дуусах үеэр дээр дурдсан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа тухай компанийн ажилтнаас мэдээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай баримтаа эмнэлгээс авч албан бичиг /өргөдөл/ бичин 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг өвчтэй байсан хугацаанд гаргаж чадаагүй тул хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Тэр үед Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдан ирэн тул өргөдлийн бүрдүүлбэрийг гүйцээн авч очиход танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан хугацаа хэтэрсэн тул өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж өргөдлийг хүлээн аваагүй болно.
Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай Кадастрын хэлтсийн Маягт К-11 дүгээр маягтын дагуу бүрдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийг дээр дурдсан миний бие өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаж чадаагүй тухай 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн огноо бүхий 18 тоот албан бичигтэй андууран хуульд заасан баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй болох нь Ашигт малтмалын газрын ирсэн бичгийн бүртгэлийн карт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Компанийн тухай хуульд зааснаар компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг нь компанийн дүрэм бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гүйцэтгэх захирлыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан.
Иймд, Л.Э миний бие 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, “С” ХХК-ийн дүрмийн 3.13-т өөрийн нэрийг эрх бүхий албан тушаалтнаар тооцуулж, Улсын бүртгэлийн газарт компанийн дүрмийг бүртгүүлсэн байсан.
Татварын ерөнхий хуулийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэж өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давтагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг болон бусад шалтгааныг тодорхойлсон байдаг.
Гэтэл шүүхээс дээрх хууль зүйн үндэслэлүүдийг нягтлан үзэлгүйгээр Л.Э нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах эцсийн хугацаа буюу 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар “С” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах хугацааг ... захирал Л.Э нь удаан хугацаагаар өвчтэй байсан гэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу компанийн үндсэн баримт бичиг болох компанийн дүрмийг бус гэрчилгээ дээрх хугацааг үнэлсэн нь нотлох баримтыг дутуу бөгөөд буруу үнэлж тайлбарласан гэж үзэж байна.
Иймд 13472Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж шүүхээс дүгнэсэн нь буруу байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өвчтэй, эмчилгээ хийлгэж байсан хугацаа, мал, амьтны халдварт өвчний хорио цээр нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан, давагдашгүй хүчин зүйл мөн гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15-д хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг, мөн хуулийн 4.1.16-д ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж хуульд тодорхойлсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу “С” ХХК-аас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор батлуулсан юм. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл биш юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг тус тус хуульчилж өгчээ.
“С” ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт 13472Х дугаартай тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдсон Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15-д тодорхойлсон буюу хайгуулын тусгай зөвшөөрөл юм.
Гэтэл шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 39.2-т Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргахаас 30-аас доошгүй хоногийн өмнө байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөгөө байгаль орчны байцаагчид гаргах нь зүйтэй байхад дээрх хугацаанаас 6 хоногийн өмнө хандсан нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ гэжээ.
Энэ нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг 13472Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК-ийг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. “С” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 53.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна гэжээ.
Энэ нь Кадастрын хэлтэс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хожимдуулсан өргөдлийг хүлээн аваагүй тул тус “С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэдгийг тогтоогоогүй, тогтоох үндэслэл бүрдээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийг сунгах өргөдөл гэдгийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өргөдөлтэй хамтруулан ойлгож хууль буруу хэрэглэсэн байна.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт 13472Х дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 429 дүгээр тушаалаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Өлзийт нэртэй газарт орших 515.05 га талбайд ашигт малтмалын хайгуулын 13472Х дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “С” ХХК-д олгосон байх ба уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дуусахаар байжээ.
Нэхэмжлэгчээс “...Кадастрын хэлтсийн К-11 дүгээр маягтын дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан баримтуудыг бүрдүүлж, төлбөрийг хугацаа дуусахаас өмнө төлсөн баримтын хамт хүргүүлсэн боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй, төлөвлөгөөг батлуулах гэсэн боловч тухайн суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байсан, гэсэн хэдий ч 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр холбогдох хүмүүсээр дамжуулан батлуулаад өгөхөд хүлээж аваагүй...” гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Дорноговь аймгийн Алтанширээ, Сайншанд, Дэлгэрэх, Даланжаргалан, Иххэт, Айраг сумдын нутагт малын шүлхий өвчин гарсны улмаас дээрх сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цуцлагдсан болох нь тогтоогдож байх ба хорио цээрийн дэглэмтэй байсны улмаас тухайн үед менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй байна.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо Л.Э-ийг компанийн дүрмээр гүйцэтгэх захирлаар томилсон байсан, компани төлөөлөгчөөрөө дамжуулан холбогдох баримтуудыг бүрдүүлж хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа, Л.Э-ийг компанийн дүрмээр гүйцэтгэх захирлаар томилсон ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байснаас түүнийг хүсэлт гаргах үед компанийг төлөөлөх эрхгүй гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгахгүй ч компани төлөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл, материал хүргүүлсэн нь өргөдөл материалыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй бөгөөд мөн хариуцагчаас нэхэмжлэгч компани төлөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл гаргах боломжтой байсан гэж хариу тайлбартаа дурджээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч компани хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт ирүүлэх ёстой байсан боловч зөвхөн тусгай зөвшөөрлийн болон үйлчилгээний хөлс төлсөн баримтыг ирүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчээс хорио цээрийн дэглэм тогтоосон, өвчтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэдий ч холбогдох баримтуудыг бүрдүүлэн манай геологич өгсөн боловч хүлээж аваагүй, хариуцагч өөрөө зардлын доод хэмжээг баталгаажуулсан тайланг баталсан байгаа гээд шүүх хуралдаанд баримтуудыг гаргаж, өргөдлийг хүлээн авч шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлүүлэхээр хүссэнийг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.
Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хэлэлцээгүй нотлох баримтыг гомдлын үндэслэлд заах эрхгүй, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрх зөвхөн анхан шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх шатанд хэрэгжих боломжтой юм.
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан нэхэмжлэгчид хамааруулан хэрэглэсэн нь буруу байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дууссаныг кадастрын бүртгэлийн системд 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн гэж хариуцагчийн тайлбарт дурдагдсан болохоос бус хэрэгт баримтаар авагдаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон компанийн дүрэм хэрэг шийдвэрлэгдсэний дараа ирснийг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн тайлбарлан маргаж байгаа өргөдөл, холбогдох баримтууд нь хэрэгт авагдаагүй, хэзээ эдгээр баримтуудыг бүрдүүлэн Ашигт малтмалын газарт хандсан, өргөдөлд хавсаргасан гэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримт болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай тайланг хэрэгт нотлох баримтаар авч, тэдгээрийг хэзээ хүлээлгэн өгч, хариуцагч хэзээ баталгаажуулсан зэргийг шалгаж тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн маргаж буй үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, хариуцагчийн үйл ажиллагаа хууль ёсны эсэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ