Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 223/МА2017/00030

 

 

Н.Амгаланбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрийн 151/ШШ2017/00963 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Амгаланбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-д холбогдох

“ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Амгаланбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Т.Оюунтуяа, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Амгаланбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Мөнхийн баян гал” ХХК-д үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оператороор 3 жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаж байгаагүй, захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй. 2017 оны 04 сард ажил руугаа явж байгаад машин саатсаны улмаас ажлаасаа 2 цаг хоцорсон, 2017 оны 06 сарын 04-нд хоолны хордлогод орсны улмаас бие өвдөж өдрийн гараагаа гарч чадаагүй юм. Намайг дээрх шалтгаанаар үндэслэлгүйгээр урьдчилан мэдэгдэлгүйгээр захирлын 2017 оны 06 сарын 08-ны тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 16.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан гэх ба халсан тушаалыг ерөнхий захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүний нөөцийн менежер Д.Болорцэцэг үйлдсэн болно. Би үйлдвэрт ажиллаж байхдаа хөдөлмөрийн дотоод журам огт харж, сонсож байгаагүй, хүний нөөцийн менежерийн ажлаас халсан гэх тушаал үг, үсгийн алдаатай, он, сар буруу, ямар ч овог, нэр байхгүй.

            Иймд намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 сая төгрөг гаргуулж өгнө үү. Мөн ажилласан хугацааны амралтын мөнгийг бодуулж гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Болорцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Н.Амгаланбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: Н.Амгаланбаяр нь манай компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг удаа дараа зөрчсөн, сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул манай компани үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажлаас халах үндэслэл заасан байгаа, 40.1.4-ийг үндэслэж халах ёстой байсан. Энэ бол хэлбэрийн төдий алдаа биш тул тушаал бүхэлдээ хүчингүй. Улсын дээд шүүхийн зөвлөмжид зөрчлийг шалгасан материал, зөрчил гаргагчийн тайлбар зэргийг ажил олгогч өгөөгүй бол ажлаас халсан тушаалын үндэслэлийг нотлоогүй гэж үзнэ гэж заасан. Тушаалд гарын үсэг зурах тэр итгэмжлэлийг хэзээ л бол хэзээ нөхөөд гаргачихаж болно. Мөн хуульд заасан сахилгын шийтгэл ноогдуулна гэж байхад 30 000 төгрөгөөр торгосон байгаа, хуульд 30 000 төгрөгөөр торгох сахилгын шийтгэл байхгүй. Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг ноцтой зөрчсөн. Тухайлбал  А, Б тушаалын дэвтэр байхгүй байгаа яагаад байхгүй байгаа юм бэ гэхээр өмөөлөгч нь манай байгууллагын онцлог гэж тайлбарласан. Хүний нөөцийнхөө менежерт таалагдаагүй хүмүүс нь Н.Амгаланбаяртай адилхан эмгэнэл хүлээж байдаг. Н.Амгаланбаяр ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй, сахилгын шийтгэл авагдсан бол хурлын тэмдэглэл хөтлөөд хүндээ танилцуулж, гарын үсэг зуруулаад тушаал гарах ёстой байдаг. Шүүхээс үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж тус компанийн хүний нөөц хариуцсан хятад даргын сейфэнд үзлэг хийх гэж очсон боловч Д.Болорцэцэг дарга өөрийнхөө сейфнээс тушаал гаргаж ирсэн нь маш эргэлзээтэй байна. Итгэмжлэл болон сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалыг дараа нь нөхөн гаргасан гэж үзэхээр байгаа. Н.Амгаланбаяр энэ байгууллагад анхнаас нь ажиллаж байсан, Жин гэдэг хятад дарга Н.Амгаланбаярт их сайн байдаг. Хариуцагч тал 3 ажилтныг гэрчээр асуулгасан нь дандаа ажил олгогч талын хүмүүс байна. Н.Амгаланбаяр бол байгууллагын журмаар хятадад мэргэжил эзэмшсэн хүн, өөрөө ажилдаа орох хүсэлттэй байгаагаа хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү” Гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Амгаланбаярыг аль болох бид нар халах бодолгүй байсан, компанийн зүгээс удаа дараа Н.Амгаланбаярыг сургалтад хамруулж байсан. Надад энэ хүнийг халах ямар ч ашиг сонирхолын зөрчил байхгүй, би монгол ажилчидтай холбоотой асуудлаар тэднийг байнга өмөөрдөг. Н.Амгаланбаяр “Болороо эгчээ та надад тушаал гаргаад өгөөч” гэж өөрөө гуйж байгаад надаас халагдах тушаалаа авсан. Дараа нь нийгмийн халамжаас тэтгэмжээ аваг гэж бодоод тушаалыг нь гаргаж өгсөн” гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Амгаланбаяр намайг нэг ч зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан гэж байна. Гэвч нэхэмжлэлдээ ажил тасалсан, ажлаас хоцорсон гэдгээ он, сар, өдөртэй нь хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа. Сахилгын зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл өгсөн байдаг. Хуульд заасны дагуу албажуулсан болох нь хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогддог. Н.Амгаланбаярт танилцуулсны дараа хүний нөөцөд шилжүүлээд сахилгын шийтгэл ногдуулж, өөрт нь мэдэгдэн самбарт байрлуулсан болно. Тухайн байгууллагын дотоод журамд ажилтан ажилдаа ямар нэг шалтгаангүйгээр ирээгүй бол дотоод журмын 17.3-т зааснаар ноцтой зөрчил гэж үзээд ажлаас шууд хална гэж заасан. Манай компани өөрийнхөө албан хэрэг хөтлөх, эмхтгэх журмын дагуу албан албан бичгийг хөтөлж, жилийн эцэст үдэж, архивалдаг. Өөрөө ажилдаа ирээгүй гэдгээ нэхэмжлэлдээ бичсэн, өөрөө тойрох хуудсаа авчираад би ажлаасаа халагдая гээд гарын үсгээ зураад тушаалаа авсан байгаа. Ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий тушаал байгаа, ээлжийн амралтын мөнгийг ажилласан хугацаанд нь тооцоод олгох боломжтой. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалыг үндэслэлгүй гэж байна. Тушаалд он, сар дээр техникийн алдаа гарсан байгаа тэр нь мэдэгдлээрээ залруулагдаж байгаа. Сахилгын зөрчил давтан гаргасан болохоор ажлаас нь халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ээлжийн амралтын мөнгийг олгож өгнө”  гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Н.Амгаланбаярыг “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйлдвэрийн зуухан цехийн тоног төхөөрөмжийн операторын ажилд эгүүлэн тогтоож,

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговор 2 870 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Амгаланбаярт олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Амгаланбаяр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-иас 2 870 350 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60 875 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунтуяа давж заалдах гомдолдоо: “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, 2017 оны 09-р сарын 07-ны өдөр гаргасан 151/ШШ2017/00963 дугаартай шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч байна.

1. Шүүхийн шийдвэрийн 3 дахь тал үндэслэх хэсэгт “... 20/7 оны 4-р сард ажил руугаа явж байгаад машин саатсаны улмаас ажлаасаа 2 цаг хоцорсон, 2017 оны 06-р сарын 04-нд хоолны хордлогод орсны улмаас бие өвдөж, өдрийн гараагаа гарч чадаагүй” гэх үйлдлийг хариуцагчийн зүгээс сахилгын зөрчил гэж үзсэн эсэх, тухайн зөрчилд тохирсон шийтгэл ногдуулсан эсэх тухай баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэжээ. Хариуцагч дээрхи үйлдлүүдийг зөрчил гэж үзсэн эсэх талаар нотлох 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн болон 2017 оны 04-р сарын 15-ны өдрийн сахилгын зөрчил үйлдсэн талаар өөрт нь танилцуулж, хүний нөөцийн албанд ирүүлсэн мэдэгдлүүд, түүнд шийтгэл ногдуулсан 2017 оны 01-р сарын 09-ний өдрийн 01-3 тоот тушаал, 2017 оны 04-р сарын 17-ны өдрийн 07-3 тоот тушаалуудыг 2017 оны 09-р сарын 07-ны өдөр гаргасан тайлбартаа эх хувиар хавсаргаж өгснийг хавтаст хэрэгт нотлох баримтаар авахуулсан, мөн шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн ажлын байранд хийсэн үзлэгийн үеэр дээрхи тушаалуудыг үзлэгийн тэмдэглэлд тусган хуулбар нь хавтаст хэрэгт авагдсан, эдгээр зөрчлүүд гарч байсныг хариуцагч нэхэмжлэлдээ өөрийн гараар хүлээн зөвшөөрч бичсэн, 2017 оны 09-р сарын 06-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр асуулгасан гэрч Н.Анар болон Д.Сүхбат нарын мэдүүлгээр давхар давхар нотлогдсоор байтал шүүгч баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Хэрэв нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хариуцагч /ажил олгогч/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг ажлаас халах тушаалын үндэслэх хэсэгт заах ёстой” гэжээ.

Хариуцагч Н.Амгалбаярыг удаа дараа сахилгын зөрчил гаргасны улмаас халах үйлдэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад маш тодорхой бөгөөд ийнхүү халахдаа тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн дотоод журмын 16.3 буюу “Сануулга авсан ажилтан сахилгын арга хэмжээ авснаас хойш дахин нэг буюу түүнээс дээш удаа зөрчил гаргавал холбогдох хууль, дүрэм журмуудыг мөрдлөг болгон хөдөлмөрийн гэрээг цуцална” мөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 болон 131.1.3-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гээд 131.1.3-т нь “Халах” гэсэн заалтуудыг үндэслэн тушаалаа гаргасныг үндэслэл буруу гэж үзэх үндэслэл байхгүй. 3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... 3 хоног ажилдаа ирээгүй, 3 цагаас дээш хугацаагаар ажлаас хоцорсон” гэх зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй нь тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзэхээс гадна 2017 оны 04-р сарын 17-ны одор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын агуулгаас харахад Н. Амгаланбаярт 2016 оны 04-р сарын 16-ны өдөр ажлаас хоцорсон тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэж буруу дүгнэсэн. Гэтэл хариуцагчаас сахилгын зөрчил үйлдсэн, түүнд шийтгэл ногдуулсан талаар хангалттай нотлох баримтыг гаргаж өгснийг хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр давхар нотлож байгаа болно. Шүүгчийн энэхүү үндэслэл нь мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “нэхэмжлэгч Б.Амгаланбаярын тодорхой өдрүүдэд ажлаас хоцорсон, ажил тасалснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэхээр байх боловч ажлаас халсан тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлага хангахгүй байх тул” гэсэн мөн өөрийнх нь дүгэнлтээр үгүйсгэгдэж, дүгнэлтүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрчилдөж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Дээрх үндэслэлүүд болон хавтас хэрэгт авагдсан “Мөнхийн баян гал” ХХК-ийн 2017 оны 06-р сарын 08-ны өдрийн ажлаас халах тушаал /хх-4/, “Мөнхийн баян гал” ХХК-ийн 2017 оны 01-р сарын 09-ний өдрийн 01-3 тоот Н.Амгаланбаярт сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаал /хх-76/, 2017 оны 04-р сарын 17-ны өдрийн 07-3 тоот мөн Н.Амгаланбаярт сахилгын шийтгэл ногдуулсан тухай захирлын тушаал, сахилгын зөрчил үйлдсэн талаар 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн болон 2017 оны 04-р сарын 15-ны өдрийн мэдэгдэл болон тэдгээрийн албан ёсны орчуулга, гэрч Н.Анар болон Д.Сүхбат нарын мэдүүлэг зэрэг баримтууд нь Н.Амгаланбаярын 6 сарын дотор 3 удаа сахилгын зөрчил авагдан сүүлийх дээр халагдах үндэслэл болсныг маш тодорхой нотлон харуулж байна.

2016 оны 12-р сарын 15-17-ны өдрүүдэд 3 хоног ажил тасалсан, 2017 оны 04-р сарын 15-ны өдөр ажлаасаа 3 цаг хоцорсон, 2017 оны 06-р сарын 08-ны өдөр мөн ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг сахилгын зөрчил удаа дараа гаргасан бөгөөд түүнд зохих шийтгэлийг оногдуулж, 2017 оны 06-р сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан нь үндэслэл бүхий бөгөөд нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул 2017 оны 09-р сарын 07-ны өдрийн 151/ ШШ2017/00963 дугаартай Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Амгаланбаярыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин болох 2 870 350 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шүүхээс хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэстэй дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөв баримталж, оролцогчийн эрх ашгийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн энэ шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 -д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч нь хууль бусаар ажлаас халж чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсаныг шүүх хүлээн авч хариуцагч нь иргэн Б.Амгаланбаярыг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь тогтоогдсон гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоожээ.

Шүүхийн энэ шийдвэрлэлт үндэстэй байна.

Хариуцагч болох “Мөнхийн баян гал” ХХК-ны удирдлагын зүгээс Нэргүйбаатар овогтой Амгаланбаярыг 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 9/3, 6 сарын 12-ны өдрийн 10/3 тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-ны удирдлагын зүгээс гаргасан энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зүйн баримт болохын хувьд агуулгын зөрчилтэй, хөдөлмөрийн хууль, заалт зүйл ангийг зөрчиж, буруу баримтлан хэрэглэсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэстэй байна.

Хариуцагчийн зүгээс  ажлаас халсан үндэслэлээ “хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, компанийн дотоод журмын 16.3 дахь заалтыг зөрчсөн, сахилгын арга хэмжээ авсан ч зөвшөөрөлгүй ажлын байрыг удаа дараа орхиж, хоцрон ажил тасласан учир гэж дурдсан ч энэ бүх үндэслэлээ шүүхэд нотлоогүй байна. Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн арга хэмжээ авсан тухай тушаалууд хууль зөрчсөн, хууль бус эрхийн акт байхаас гадна нэхэмжлэгч тэдгээр тушаалуудыг огт үзээгүй, мэдээгүй гэдгээ шүүхэд тайлбарлажээ.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.Амгаланбаярыг ажилд нь эргүүлэн тогтоосон нь хууль ёсны дагуу үндэстэй шийдвэр болсон бөгөөд ажилтны эрх ашгийг сэргээн хамгаалсан шүүхийн энэхүү шийдвэрийг буруутгах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор тогтов.

Анхан шатны шүүх ажилтан Н.Амгаланбаярын ээлжийн амралтын мөнгийг тооцож олгохыг хариуцагч талд даалгахаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан атал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 6 сая төгрөгийн зарим хэсгийг хангасан атал үлдэх хэсгийг хэрхсэнээ шийдвэрлэлгүй орхигдуулсан байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс оруулсан болно.

Хариуцагчийн давж заалдсан гомдол хангагдаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2017/00963 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Мөнхийн баян гал” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговор 2 870 350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Амгаланбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 129 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулсугай.

2.Тогтоох хэсэгт доорх 3 дугаар заалтыг нэмж оруулсугай.

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Амгаланбаярт ээлжийн амралтын мөнгийг бодож олгохыг “Мөнхийн баян гал” ХХК-д даалгасугай” гэж,

3.Тогтоох хэсгийн 3, 4, 5 гэсэн заалтуудыг 4, 5, 6 гэж дугаарлаж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын
  2. тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА         

               ШҮҮГЧИД                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

           Ш.ТӨМӨРБААТАР