| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0974/И |
| Дугаар | 923 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 923
| 2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2017/00923 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,
Эмчлүүлэгч этгээд: Булган, Хангал, 2 дугаар баг, Хангал багт оршин суух, Боржигон овогт Оюун-Эрдэний Батжаргал /МФ73050912/-ын
Эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбулган, эмчлүүлэгч О.Батжаргал, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эмчлүүлэгч О.Батжаргал нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00628 дугаартай шийдвэрээр тус газарт 2017 оны 05 дугаар сарын 31-нд 1 дэх удаагаа ирсэн. О.Батжаргал нь тус газарт ирж зохих эмчилгээ хийлгэж эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний газраас чөлөөлөх саналыг гаргаж байна” гэв.
Эмчлүүлэгч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. Анх удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах, дур дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагч, эмчлүүлэгч этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Эмчлүүлэгч О.Батжаргал нь Орхон аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлт, Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг оноштойгоор тус газарт албадан эмчлүүлэхээр иржээ.
Тус газрын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Эмчилгээний үр дүнд биеийн ерөнхий байдал сайжирч, зовиур шаналгаа арилан архидан согтуурах эмгэг дуршил буурсан. Өвчтөн архинд донтох өвчний талаар зохих мэдлэгтэй болж цаашид харьяа сум, дүүргийн донтолтын эмчийн хяналтанд батжуулах, дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийж байх талаар мэдээлэл авсан” эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч их эмч, дэслэгч П.Энхбулганы тайлбар, эмчлүүлэгч О.Батжаргалын тайлбар зэргийг үндэслэн албадан эмчлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Оюун-Эрдэний Батжаргал /МФ73050912/-ын албадан эмчлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд нар тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР