Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0197/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч О.Ц /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ө  овогт О-ийн Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001590175 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө овогт О-ийн. Ц /регистрийн дугаар: ................ /, ..........  оны ...........  дугаар сарын .......... -ний өдөр ..........  аймгийн ........... суманд төрсөн, .........  настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... , ..........хамт ............  аймгийн ..... . сумын .........  дугаар баг ............. дугаар гудамжны ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ..........  аймгийн ......... сумын ......... дугаар баг ...........давхрын ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ял,

-2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 173 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 20 цагийн үед ...........аймгийн .....н сумын ...... баг ...” уулын өврөөс иргэн Б.Б-ын бор зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ: 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр эхнэртэйгээ маргалдаад “... ” толгойн орчим байж байхад Төмөрлөгийн үйлдвэрийн ойролцоо 4 морь байхыг хараад 1 морийг нь авч махны наймаачин н.Э-д амьдаар нь 650,000 төгрөгөөр зарсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй.  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: ...2020 оны 2 дугаар сарын 15 орой 7 цагийн үед адуугаа бөөгнүүлээд шахсан бөгөөд үлдсэн адуу шөнийн 1 цаг өнгөрч байхад гэрийн гадаа ирсэн. Шөнө хаанаас хайхаа мэдэхгүй болохоор өглөө болохыг хүлээсэн. Маргааш өглөө нь эрт 6 цаг өнгөрөөгөөд адууныхаа мөрийг хайхад морьтой хүн 9 дүгээр хэсэгт байх айлын эзгүй хашаа руу шахсан байсан. Шүүгдэгч өөрөө явганаар ногоон хашаа руу шахаж байгаад авсан гэж хэлээд байгаа. Би алдсан гэх адууг 3 сая төгрөгөөр авч байсан. Гэхдээ үнэлгээгээр 1,500,000 төгрөгөөр үнэлсэн тул 1,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. гэв.

 

Эрүүгийн 2018001590175 дугаартай хэргээс:

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ... Би 2020 оны 2 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө “......” уулын өврөөс цагаан бор зүсмийн морио хулгайд алдсан. Цагаан бор зүсмийн 11 настай, зөв талын гуя дээрээ давхар саран дээр Монгол үсгэн Б тамгатай, зөв хаан дээрээ ширээтэй чандмань тамгатай, дэлийг нь шинээр зассан байгаа. Би адуугаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд махны ченж Я гэдэг хүнээс цагаан бор зүсмийн адууны ширийг 5000 төгрөгөөр худалдан авсан. гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Б.Я-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Өглөө бирж дээр мах авахаар очсон. Надтай хамт махны ченж хийдэг Н  гэдэг хүүхэн Э  залгаж байна адууны мах байна гэнэ гээд Н Ө бид гурав Э-ны гэрт нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны 11 цагийн үед тосгонд очиход 1 адуу унагаагаад нядалж байсан. Ингээд адууг нь 750,000 төгрөгөөр бодож авсан юм. Уг адууны ширийг Б-д аваачиж өгсөн юм. Уг адууны толгой гэдсийг нь дайвар бүтээгдэхүүн авдаг Х гэдэг хүнд 40,000 төгрөгөөр өгсөн. Адууны мах нь 144 кг болоод махыг нь махны ченж Чука гэдэг хүнд 700,000 төгрөгөөр өгсөн. Цагаан зүстэй адуу байсан. Э  уг адууг зарахдаа бүтэн сайн өдөр учир гарал үүслийн гэрчилгээгүй ирсэн. Авчирсан хүн нь найдвартай асуудалгүй гэж хэлж байсан. гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Өглөө Бирж дээр ирээд гадаа лангуун дээр махаа гаргаад зараад зогсоож байж байтал Э  гэдэг махны ченж адууны мах байна. Бэлэн мөнгөөр нь зарна гээд миний утас руу ярьсан юм. Тэгэхээр нь би Ө , Я хоёрт Э адууны мах зарна гэж байна гэж хэлсэн. Ингээд бид гурав махыг үзэхээр Энхчулууны тосгонд байдаг гэрт нь яваад очиход нэг адуу нядалж байсан. Адуун махыг авахаар болоод Ө 750,000 төгрөгөөр авсан. Арьс, мах, толгой гэдсийг нь машин дуудаж ачуулаад бирж дээр авчирсан. Бирж дээр ирээд махаа махны чеж Чука гэдэг хүнд өгсөн гэсэн. Толгой гэдсийг нь дайвар авдаг Х авсан. Арьсыг нь Я тушаасан. Хэнд өгснийг нь мэдэхгүй байна. Э-ны хашаанд нядалж байсан адуу нь цагаан бор зүсмийн  адуу байсан. Э адууг зарахдаа бүтэн сайн өдөр учир гарал үүслийн гэрчилгээгүй ирсэн гэж хэлсэн. гэх мэдүүлэг[6],

 

Гэрч М.Ө-ын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...10 цагийн үед миний махыг зардаг Н эгч Э  адууны мах зарна гэж байна. Авах уу гэж байна гэхээр нь очиж үзье гээд Н  эгч,  Я бид гурав тосгонд байдаг Э-ны гэрт очиход хашаандаа нэг адуу нядалж байсан. Э-ныг надад өгөх юм гэхэд Э 750,000 төгрөгөөр ав гэхээр нь авахаар тохироод махыг нь худалдаж авсан. Адууны мах, шир, гэдэс, толгойг нь очиж бирж дээр авчирч бүртгүүлээд бирж рүү оруулан. Махыг нь махны ченж Ч гэдэг хүнд 700,000 төгрөгөөр өгсөн. Гэдэс толгойг нь дайвар авдаг Х-д 40,000 төгрөгөөр өгсөн. Ширийг нь Б-д 5000 төгрөгөөр өгсөн. Нядалж байсан адуун дээр би очоогүй. Уг адуу гарал үүсэл байгаагүй. Э-аас гарал үүслийг нь асуухад хагас бүтэн сайнд гарал үүсэл бичихгүй байгаа юм би уг адууг цагдаад бүртгүүлсэн гэж надад хэлсэн. Надад өгсөн хүнийг би таньж байгаа учир асуудалгүй гэж хэлсэн. Э  надад уг адууны амьд байх үеийнх нь зургийг миний фэйсбүүк хаяг руу явуулсан. гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Д.Э-ы мөрдөн байцаалтад 2020  оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Б гэж дууддаг залуу 2020 оны 2 дугаар сарын 16-ны өглөө хот явах ажил гарлаа манай найз бэлэглэсэн юм бор зүсмийн морь унаж ирээд та аваач гэсэн юм. Ингээд хөлсөө ярилцаж тохиролцоод 650,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг морь нь бор зүсмийн, зөв талын гуядаа саран Монгол “б” үсэг шиг тамгатай, дэлийг нь зассан байсан. Гарал үүслийн гэрчилгээгүй авчирсан байсан. Би уг адууны зургийг дарж цагдаад бүртгүүлээд зарсан. гэх мэдүүлэг[8],

 

О.Ц-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр  мэдүүлсэн: ...2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад 17 цаг өнгөрч байхад “..... ” толгойн хажуугийн хадагтай модтой уулан дээр гарч суугаад байж байгаад Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хашааны хажууд байсан 4 адууг олж харсан. Тэгээд би тэр адуунаас барьж авахаар шийдээд  гэр лүүгээ буцаж очоод урт олс авчирсан. Намайг эргээд ирэх үед орой 20 цаг өнгөрөөд гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд адууны дэргэд очиход нэг бор зүсмийн морь үлдээд бусад нь үргээд явчихсан. Би тэр бор зүсмийн морийг барьж аваад авчирсан олсоороо оосорлоод дээр нь мордож “.... ”-ын наана байдаг нүхэн гүүрээр гараад тосгон руу явсан. Тосгонд ирээд Э  гэж махны ченжид унаж явсан бор морио энэ миний өөрийн морь юм, цагаан сар болох гээд надад мөнгөний хэрэг гарчихсан, та авчих гэж хэлээд 750,000 төгрөгөөр зарсан. Тэр морины дэлийг нь саяхан зассан, бор зүсмийн морь байсан. Би тухайн үед ганцаараа явсан. Өөр хүнд морь хулгайлсан талаараа хэлээгүй болохоор мэдэх хүн байхгүй. гэх мэдүүлэг[9],

 

Капитал зууч ХХК-ийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ...иргэн Б.Б-ын эзэмшлийн нас гүйцсэн морь 1 толгой адуу алдагдсан тул зах ээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх адууны мах зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 2 дугаар сарын 16-ны байдлаар 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг байна. гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[10],

 

О.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд[11] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч О.Ц-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 20 цагийн үед ....  аймгийн ... сумын ....  баг ..... ” уулын өврөөс иргэн Б.Б-ын бор зүсмийн 1 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Ц нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналын шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгч О.Ц нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 Шүүхээс шүүгдэгч О.Ц-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч О.Ц-ийг мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч О.Ц нь гэм буруугийн шүүх хурал завсарласан хугацаанд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д учруулсан 1,500,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй  байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч О.Ц-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч О.Ц нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхээс шүүгдэгч О.Ц-д  эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч О.Ц-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

Шүүгдэгч О.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт О- ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д  8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д  оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ц-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ц-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 11-12 тал

[2] Хавтаст хэргийн 13-14 тал

[3] Хавтаст хэргийн 17-18 тал

[4] Хавтас хэргийн 20 тал

[5] Хавтаст хэргийн 21 тал

[6] Хавтаст хэргийн 22 тал

[7] Хавтаст хэргийн 23 тал

[8] Хавтаст хэргийн 25 тал

[9] Хавтаст хэргийн 39-40 тал

[10] Хавтаст хэргийн 30-31 тал

[11] Хавтаст хэргийн 41-45, 46, 48-56 тал