Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

Улсын яллагч: Ц.Сүхбат

Шүүгдэгч: Б.И түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Буянтогтохын Б.Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2502 0579 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, Түүх нийгмийн судлалын багш, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 4-68 тоотод оршин суудаг,

2014 оны 7 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Тайж овогт Буянтогтохын Б.И /регистрийн дугаар ОЭ 87120199/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.И нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвстэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 3 дугаар байранд байрлах номын санд сууж байсан иргэн Ц.Чулуунтогтохын эзэмшлийн Ай фоне 5 маркийн гар утсыг хулгайлж, 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 7 дугаар байранд байрлах номын санд сууж байсан иргэн Б.Билэгтийн эзэмшлийн Ай фоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтдээ бусдад 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр17 цагийн үед би Монгол Улсын Их Сургууль руу өөрийн гар утсаа цэнэглэх гэж орсон юм... Би тэгээд уг сургуулийн номын санд нь ороход нэг ширээн дээр цагаан өнгийн Ай фоне 5 маркийн гар утас байсан. Уг номын санд уг нь дүүрэн хүн байсан боловч яг утасны хажууд бол хүн байгаагүй ээ. Тэгэхээр нь би тэр утсыг аваад шууд сургуулиас гарсан. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед би Монгол Улсын Их Сургуулийн 7 дугаар байрны орчим явж байгаад мөн гар утсаа цэнэглэхээр уг сургууль руу орсон юм. Тэгээд ороод уг сургуулийн номын сан руу ороход нэг ширээн дээр нэг эрэгтэй хүүхэд унтаж байсан. Хажууд нь ширээн дээр нэг цагаан өнгийн Айфоне 6 плас маркийн гар утас хэвтэж байсан. Тэгэхээр нь би сэмээрхэн очоод тэр гар утсыг нь аваад мөн л уг сургуулиас гараад явсан. Уг номын санд мөн л хүмүүс зөндөө байсан боловч намайг хэн нэгэн анзаараагүй ээ. Тэгээд би уг гар утаснуудаа авч явж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан юм... Ажилд орох гэхээр намайг ажилд авахгүй байгаа юм. Тэгээд мөнгөний хэрэг гараад л хулгай хийсэн юм. Би уг 2 гар утсыг хулгайлсан минь үнэн...гэх мэдүүлэг \хх-46-47, 51\,

 

Хохирогч Б.Билэгтийн “…2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед Монгол Улсын Их Сургуулийн 7 дугаар байрны бие даах төвд хичээлээ давтаж байгаад нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Ойролцоогоор 20 орчим минут би ширээн дээрээ унтсан байсан. Тухайн үед би ширээн дээр утсаа гаргаад тавьсан байсан. Тэгээд сэртэл ширээн дээр байсан гар утас маань алга болчихсон байсан. Миний хажууд уг нь манай ангийнхан байсан боловч тэднээс асуухад мэдэхгүй байсан. Эхэндээ би ангийнхныгаа тоглож байна гэж бодсон боловч гарч ирээгүй... Миний Ай фоне 6 плас маркийн алтан шаргал өнгөтэй гар утас алдагдсан... Би гар утсаа бүрэн бүтнээр нь эргүүлэн авсан. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

 

Хохирогч Ц.Чулуунтогтохын “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Монгол Улсын Их Сургуулийн 3 дугаар байрны 2 давхарт байрлах бие даах төв буюу номын санд би ороод хичээлээ хийж байсан. Тэгээд хичээлээ хийж байгаад түр гарчхаад буцаад ороод ирэхэд ширээн дээр байсан миний гар утас байхгүй болчихсон байсан. Ойр орчмоор нь үзээд байхгүй байсан. Тухайн үед би гар утас руугаа залгахад эхлээд холбогдож байснаа хэд дуудуулж байгаад л миний утас салчихсан. Тэгээд бас би тэр номын санд сууж байсан хүмүүсээс асууж үзэхэд харсан үзсэн хүн байхгүй байсан... Ай фоне 5 маркийн алтан шаргал өнгөтэй... гар утас алдагдсан. Би өөрийн алдсан гар утсаа эргүүлж авсан тул надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Гэрч Б.Батцэрэнгийн “…2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед би эрүүгийн төлөөлөгч Э.Мягмарсүрэнгийн хамтаар ажлаа хийгээд явж байгаад урьд таньдаг халаасны хулгайч болох Б.Итай таарсан. Тэгээд уулзаад шалгах гэтэл Б.И шууд Арслантай гүүрний зүг зугтаасан. Бид 2 араас нь хөөсөн. Б.И зугтаагаад гүүрний хажуу руу үсрээд гүйсэн. Араас нь бид 2 мөн үсэрч ороод барьж авсан. Тэгээд уулзаад асуухад Б.И “би 3 гар утас хулгайлчихсан” гэдгээ хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн бид 2 Б.Иыг бариад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст авчран жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгч, гар утаснуудыг нь хураалгасан. Б.Иын биеэс айфоне 6 плас 1 ширхэг... Ай фоне 5 маркийн гар утас нэг ширхэг гарч ирсэн. Тэгээд Б.Итай уулзаад уг гар утаснуудыг хаанаас хулгайлсан гэдгийг асуухад Б.И нь “Ай фоне 5” гар утсыг Монгол Улсын Их Сургуулийн 3 дугаар байрны номын сангаас, “Ай фоне 6” плас маркийн гар утсыг Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 7 дугаар байрны номын сангаас... хулгайлсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27/,

 

Эд зүйл хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9, 10-11/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 52, 53/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-102/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлон баримтууд /хх-72-79, 81-82, 84/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-83/  хохирол төлсөн баримт /хх-н 53/,  Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-95/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.И нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвстэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 3 дугаар байранд байрлах номын санд сууж байсан иргэн Ц.Чулуунтогтохын эзэмшлийн Ай фоне 5 маркийн гар утсыг хулгайлж, 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 7 дугаар байранд байрлах номын санд сууж байсан иргэн Б.Билэгтийн эзэмшлийн Ай фоне 6 плас маркийн гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтдээ бусдад 850.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Билэгт, Ц.Чулуунтогтох нарын мэдүүлэг, гэрч Б.Батцэрэнгийн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Б.Иын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Прокуророос шүүгдэгч Б.Иын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Иыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Билэгтэд 600.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Чулуунтогтоход 250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон боловч хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ буцаан авсан “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Иыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Иын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.

Мөн шүүгдэгч Б.Иын ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Иял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч шүүгдэгч Б.И нь 28 хоног хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тайж овогт Буянтогтохын Б.Иыг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Буянтогтохын Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Ионогдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Б.Ионогдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Иурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР