Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0326/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Д.Х,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Й овогт Н.Аод холбогдох эрүүгийн 2018003790363 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Й овогт Н.А /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “........................” ТӨХК-нд нярав ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан-50” цогцолборын автомашины зогсоол дээр иргэн Д.Хыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамар , эрүү, хүзүү дэх зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Аыг өгсөн: ...Тухайн өдөр хөдөө гэр бүл рүүгээ явах гээд гэрээсээ юм авахаар ирэхэд энэ хүн намайг нэлээн зайтай модны хажууд хараад зогсож байсан. Би гэртээ ороод буцаад гараад ирэхэд наашаа нэлээн ойртоод ирсэн зогсож байсан. Тэгэхээр нь би “чи юугаа шиншлээд яваад байгаа юм бэ?” гэхэд миний цээж рүү цохиж, өмсөж явсан цамцыг маань урж, хоолойг минь боосон. Тэгэхээр нь би энэ хүнийг 2 удаа алгадсан. Энэ хүний хамраас цус гарсан. Хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. “Хохирол төлбөрийг чинь өгье” гээд утсаар залгахад утсаа аваагүй. Хохирол төлбөр хуулийн дагуу үнэн бодитой тогтоогдвол төлнө... гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Хын өгсөн: ...тэгээд энэ хүн машинаасаа бууж ирээд намайг “юу шиншлээд яваад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Би “юу ч шиншлээгүй, салхилж байна” гэхэд шууд намайг цохисон. Би ухаан алдаж унасан. Миний дээр гарч суугаад боосон. Хамар амнаас цус гарсан. Эмчилгээний зардалд 210.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг болон цаашид хагалгаа хийлгэх 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шинжээч Д.Туяагийн өгсөн: ...Д.Хын биед учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, эрүү, хүзүү дэх зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар орчмын цус хуралт гэмтэл нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд үүсэх боломжтой шинэ гэмтэл... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 22-ны 591 дугаартай “Д.Хын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, эрүү, хүзүү дэх зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар орчмын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Хын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Хын биед учирсан гэмтэл нь цаашдын хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,

Хохирогч Д.Хын хамрын таславчид баруун тал руу мурийлт үүссэн. 2 талд хамрын хөндийн агааржилт буурсан, салст хөөж хавагнасан гэх “Саран-элит” клиникийн эмнэлгийн рентген оношилгоо, рентген зураг /хх-ийн 39-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Аын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан-50” цогцолборын автомашины зогсоол дээр иргэн Д.Хыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамар , эрүү, хүзүү дэх зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Н.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Хын эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, эрүү, хүзүү дэх зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь компьютер томографт үзүүлсэн төлбөр 165.000 төгрөг, “Бид” эмнэлэгт үзүүлсэн төлбөр 20.000 төгрөг, рентген оношилгоонд 25.000 төгрөг буюу эмчилгээний зардалд 210.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг болон цаашид хамрын мэс засалд орох зардал болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Хохирогчийн гаргаж өгсөн 210.000 төгрөгийн баримт бүхий эмчилгээний зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бөгөөд шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй ба өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.  

Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Аоос 210.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Хт олгож, хохирогчийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор 7 минутын завсарлага авч, хохирогч Д.Хт 210.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын мөнгө өгсөн тухай баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Н.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “........................” ТӨХК-нд ажилладаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 37/-оор нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Й овогт Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Аыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч Д.Хын 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, уг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Хт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР