Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,                         

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаан бошигт овогт Болдбаатарын Тт холбогдох эрүүгийн 1709005130015 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, .....  дугаар байрны .... тоотод оршин суух, “ .....  ” их сургуулийн бизнес марктенгийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ............  / .....  овогт Болдбаатарын Т нь:

 

- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сентоза” караокены гадна 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой хохирогч О.Мөрөнгийн хөл рүү чулуу шидэж, баруун тавхайн 2-3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, баруун хөлийн 3 дугаар хурууны үзүүрийн шарх, 1-2 дугаар хурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Мөрөн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 24-ний 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо "Сентоза" караоке-д ажлын газрын хүмүүстэйгээ үйлчлүүлж байгаад 03 цагийн орчим уг караокены үүдэнд ажлынхантайгаа зогсож байтал хойд талд хэсэг залуучууд зогсчихсон дунд нь нэг залуу дээгүүрх хувцсаа тайлаад хоёр гартаа чулуу барьчихсан манай захирал Б.Бат-Оргил руу " ...Та нарыг бүгдийг чинь ална аа. Мөнгөөр зодож алъя" гээд хашгираад байсан. Би очоод " Уучлаарай юу болсон юм бэ? Чулуугаа хаяарай" гэж хэлтэл өөдөөс "Чамайг ална аа. Зайл гичий минь" гэж хэлтэл хажууд нь байсан залуу " Манай найз угаасаа зодолддог юм. Энэ хоёрыг зодолдуулъя" гэсэн. Би түүнд " Чи юу яриад байгаа юм" гэтэл нөгөө залуу гартаа барьсан хоёр чулуугаа хаяад "Сентоза" караокены хаалгыг тээглүүлж тавьсан байсан том чулууг аваад бид нар руу шидтэл миний баруун хөлийг оносон.  Хөл маш их өвдөж гишгэж чадахгүй болтол манай ажлынхан нөгөө залууг “Сентоза" караокены хаалгаар дотогш оруулаад гаднаас нь хаалгыг нь дарж цагдаад дуудлага өгсөн. Намайг эмнэлэгт байхад тэр залуу ирж уулзаад уучлалт гуйгаад 460.500 төгрөгийн эмчилгээний зардлыг өгсөн. Мөн эмчийн бичсэн эмийг авч өгч байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. / хх 12-17 /

 

Гэрч Б.Бат-Оргил мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр манай "О" телевизийн хамт олон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дзвсгэрт байрлах "Сентоза" нэртэй караокед орж үйлчлүүлсэн юм. Тэгээд 00 цагийн үед гарч ирээд бид нар дуудлагын жолооч дуудчихаад зогсож байсан. Тэгсэн чинь манай нэг ажилтан машинаа барина гээд байхаар нь бариулахгүй гээд хоорондоо чанга чанга ярилцаад байж байтал нэг залуу “Хөөе яагаад байгаа юм бэ?” гээд над дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь би ахын дүү “Цаашаа бай. Чамд хамаагүй. Бид нар зохицуулчихна” гэж хэлтэл “Уучлаарай ахаа” гээд цаашаа явсан. Тэгсэн чинь  караокены булангаас өөр нэг залуу шууд “Чамайг ална даа” гээд  хувцсаа тайлаад л над руу дайрч эхэлсэн. Тэгтэл манай ажилтан О.Мөрөн болон бусад ажилчид нөгөө залууг салгах гээд холдуулаад хориглосон. Тэгтэл нөгөө залуу "Сентоза" караокены үүдэнд байсан том чулууг хоёр гараараа өргөөд над руу шидсэн. Тэгтэл нөгөө чулуу нь нэлээн том хүнд байсан тул хол явалгүй газарт унасан. Унахдаа манай ажилтан О.Мөрөнгийн баруун хөлний урд хэсэг дээр унасан. Тэгэхээр нь бид тэр залууг түлхээд караоке руу оруулаад хаалгыг нь хаагаад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг авч явсан. Би О.Мөрөнг аваад гэмтэл рүү явсан гэжээ. / хх 51-52 /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9514 дүгээр дүгнэлтэнд:

1. О.Мөрөнгийн биед баруун тавхайн 2-3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, баруун хөлийн 3 дугаар хурууны үзүүрийн шарх, 1-2 дугаар хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. / хх 20 /,

 

Шүүгдэгч Б.Тийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-25 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 32 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой караокед 5-уулаа ороод нэг шил архи авч уусан. Миний дотор муухайраад бөөлжих гээд гарсан. Тэгээд бөөлжиж байтал нэг залуу чанга дуугарлаа гэснээс болж маргалдаад айлгах санаатай газраас том чулуу аваад газарт унагаатал хохирогчийн хөлийг оносон байсан. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Би чулуу авах хэрэггүй байсан юм. Би архи уухаараа бусадтай маргалдах гээд байдаг учир архи уухаа больсон. Хохирогчийн эмчилгээний зардалд сая гаран төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Т нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сентоза” караокены гадна 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой хохирогч О.Мөрөнгийн хөл рүү чулуу шидэж баруун тавхайн 2-3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, баруун хөлийн 3 дугаар хурууны үзүүрийн шарх, 1-2 дугаар хурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Маргалдаад байсан залуу "Сентоза" караокены хаалгыг тээглүүлж тавьсан байсан том чулууг аваад бид нар руу шидтэл миний баруун хөлийг оносон.  Хөл маш их өвдөж гишгэж чадахгүй болсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Мөрөнгийн мэдүүлэг / хх 12-17 /, … Нэг залуу шууд “Чамайг ална аа” гээд  хувцсаа тайлаад  над руу дайртал манай ажилтан О.Мөрөн болон бусад ажилчид нөгөө залууг хориглотол караокены үүдэнд байсан том чулууг хоёр гараараа өргөөд  шидтэл О.Мөрөнгийн баруун хөлний урд хэсэг дээр унасан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Бат-Оргилын мэдүүлэг / хх 51-52 /, …хохирогч О.Мөрөнгийн биед баруун тавхайн 2-3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, баруун хөлийн 3 дугаар хурууны үзүүрийн шарх, 1-2 дугаар хурууны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9514 дүгээр дүгнэлт / хх 20 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан хуулинд заасан торгох ялыг оногдуулав.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. ........... овогт Болдбаатарын Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. .........-н Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй,  төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Тт оногдуулсан 800.000 төгрөгний торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ