Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 223/МА2017/00029

 

 

 

 

 

 

 

Н.Дашдавааагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/00913 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Дашдаваагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Сэржмядагт холбогдох

“нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулсныг сэргээхэд 10 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинцэвэл, хариуцагч Ш.Сэржмядаг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Дашдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1998 онд үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага болох “Байгаль ээж” санд 2002 оноос хойш тэргүүнээр нь томилогдон ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд өөрийн хувийн хөрөнгө оруулалт, “Байгаль ээж” сан ТББ-ын үйл ажиллагааны үр дүнд тохижилт үйлчилгээний обьект ба бусад ажлыг хийж гүйцэтгэж байна. “Байгаль ээж” ТББ-аас гадна тус нутагт Дашпилжээлин хийдийг үүсгэн байгуулж, 108 суварга бүхий шашны цогцолборыг бүтээн байгуулж ажиллаж байгаа билээ.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэний, ямар зорилгоор захиалан хийлгэсэн нь мэдэгдэхгүй байгаа телевизийн нэвтрүүлэгт Ш.Сэржмядаг нь дараах байдлаар миний нэрийг гутаан доромжилж оролцсон. Тухайлбал “Ээж хайрханы урд доороос ус оргилон гарч байхад нь би сүү битгий дусаагаарай, хамгаалаарай гэж хэлэхэд над руу эвгүй хараад шөнө нь машинуудаар цемент авчраад таглаж цутгасан байсан, гадны хүний тавьсан пакеттай цайг эзний нь нүдэн дээр түлдэг” зэрэг илт худал мэдээллийг орон даяар телевизийн нэвтрүүлгээр цацаж ярьсан болно. Иймд энэ яриа нь миний нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндэд онц хохирол учруулсан тул гомдолтой байна. Нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндээ сэргээхэд 10 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт Ш.Сэржмядагаас гаргуулж өгнө үү” гэжээ.       

Хариуцагч Ш.Сэржмядаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатараас телевизийхэн бололтой хүмүүс ирж Ээжийн талаар сонирхож энэ газрыг хэн эзэмшдэг, хүмүүсийн өргөсөн өргөл барьцыг яагаад хураадаг талаар асуугаад байсан бөгөөд тухайн үед би завгүй байсан, 2-т их юм ярьмаарүй байсан. Гэтэл шөнө 00 цагийн үед мал дээрээ очоод буцаад ирэхэд телевизийн хүмүүс яваагүй байсан. Энэ үед айлд очиж монгол архи уугаад халамцуу байсан тул юм ярьсан, гэхдээ миний ярьсан зүйл бүгд үнэн, худлаа ярьсан зүйл байхгүй. Хандив өргөсөн хүмүүсийн идээ, цагаа, чихэр, боов зэргийг нүдэн дээр нь хамж аваад уутлаад хүмүүст тарааж өгдөг, хандивын мөнгийг Дашдаваа гуай өөрөө авч Ээж хайрханыг засаж сайжруулаагүй, бүтээн байгуулалт хийгээгүй, Ээж хайрханы доороос булаг ч юмуу ус урсах чимээ гардаг, энэ хавийг битүү бетондоод усыг тагласан гэж боддог” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Сэржмядаг нь гадуур хонож өнждөг байгаад манайхыг сан байгуулсны дараа ирж энэ хүний амьдрал дээшилсэн. Тэнд амьдардаг ядуу хүмүүс Ээж хадны идээ будааг авдаг. Хамгаалах гэдэг үүднээс мөргөлчин түмний санаачилгаар хашаа хийсэн. Ш.Сэржмядаг мөнгө олох, ашиг сонирхлын үүднээс ийм зохион байгуулалттай зүйл хийж байгаа. Энэ бүгдээс болж Н.Дашдаваа нь шөнө нойргүй хонох болж, сэтгэл санаагаар унаж бие нь өвдсөн. Үндэслэлтэй гүтгэлэг хийсэн бол өөр хэрэг. Н.Дашдаваа гэдэг хүнийг явуулж байж үүнийг нь авна гэж бодож үүнийг хийж байгаа байх. Би зөндөө гуйж үзсэн, мөргөлчдөөс хүртэл хариуцагчид холбогдуулж санал хүсэлт ирдэг байсан. Хуульд захирагддаггүй зүйлс тэнд болдог. Манайд санал хүсэлтийн дэвтэр байдаг. Тэр дэвтэр дээр гомдол, санал, хүсэлт бичсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч Н.Дашдаваа Төв аймгийн “Байгаль ээж” сангийн тэргүүнээр ажилладаг. Тэгтэл 2016 онд ETV телевизийн сурвалжлагч ”Ээж хадны эмгэнэл” гэж сурвалжлага хийхэд энэ хүн оролцож Ээж хадны урд ус оргилж байхад нь Н.Дашдаваа гуайд сүү битгий дусаагаарай гэхэд над руу муухай харснаа шөнө нь олон машинаар цемент авчраад тагласан гэж гүтгэсэн. Гаднын хүний пакеттай тавьсан цайг эзнийх нь нүүрэн дээр нь шатаадаг гэж худал мэдүүлсэн. Дашдаваа гэдэг нэрийг цохож яриад байсан, үүний улмаас манай нөхрийн нэр төрийг гутаасан. Одоо ч гэсэн энэ нэвтрүүлэг цацагдаж байгаа. Нэр, төр, эрүүл мэнд нийлээд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Ш.Сэржмядаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үнэнийг хэлсэн, худлаа зүйл хэлээгүй. Ээж хадны дороос ус гардаг байсан, би харж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 13-нд ETV телевизийн сурвалжлагч гэж хүн ирсэн. Тэгээд намайг ярилцлага өгчих гээд байхаар нь би ярилцлага өгөхгүй гэж хэлээд малчныдаа очоод шөнө ирэхэд телевизийнхэн явалгүй байж байхаар нь би ярилцлага өгсөн. Хүмүүс ирээд явж амжаагүй байхад тавьсан зүйлүүдийг нь бүгдийг нь хурааж аваад явахад нь ээжийн хишиг гэж өгдөг, 108 суварга барих гэж байгаа ахиухан мөнгө өгөөрэй гэж хэлдэг. Миний хүүгийн бие өвдөөд 2002 онд би хүүгээ тэврээд очиход Ээж хадны дороос ус гардаг байсан, үүнээс хойш 2012 онд ахиж гарсан. Бетондсон байсан тэр нь ховхроод унасан байсан. Сүү нь доошоогоо дусаад байхаар нь би малтаад үзэхэд ус ундарч байсан, тэгээд би Дашдаваа гуай эндээс ус гарч байна, та ширээгээ холдуулаад тавьчих гэхэд шөнө нь бетондоод хоносон байсан” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар Н.Дашдаваагийн нэхэмжлэлтэй Ш.Сэржмядагт холбогдох нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулсныг сэргээхэд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинцэвэл давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Н.Дашдаваа миний бие нэр, төр сэтгэл санааны хохирол учруулсан иргэн Ш.Сэржмядагаас 10.000.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Гэвч тус шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Иймд миний бие дахин давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх нь нотлох баримтыг бүрэн гүйцэт судлаагүй, гэрчийн этгээдээс анхан шатны шүүхэд гаргасан тайлбарыг үнэлэлгүй шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрт холбогдуулан гомдол гаргасан боловч хүлээн авсангүй. Тухайлбал хариуцагч Ш.Сэржмядаг нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би ЕТҮ телевизийн сэтгүүлч ирээд надаас ярилцлага авна гэхээр нь асуусан асуултанд нь хариулсан. Мөн ээж хайрханы тухай бодит үнэнийг л ярьсан. Энэ яриагаар худлаа ярьсан зүйл огт байхгүй бөгөөд бүгд үнэн” гэж мэдүүлсэн байна.

Тэгтэл тухайн нэвтрүүлэг бэлтгэсэн ЕТҮ телевиз миний нэр төрийг гутаан доромжилсон нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар 29-ний өдрийн 101 /ШШ2017/02645 тоот шийдвэрээр батлагдан нэр төрийг минь сэргээн, уучлалт гуйн дахин нэвтрүүлэг хийхээр шийдвэрлэгдсэн болно.

Иймд иргэн Ш.Сэржмядаг нь өгсөн тайлбартаа “Би айлд монгол архи уугаад халамцуу байхдаа сэтгүүлчийн асуусан асуултанд хариулсан” гэдэг тайлбар ор үндэслэлгүй, ямар нэгэн харьцаж ярьсан удаа байхгүй мөртлөө зохиомол үг ярьсан болгож гүтгэн шүүх хурал дээр тайлбар болгон ярьж миний нэр төрийг гутаан доромжилсон үйлдлээсээ зайлсхийж байна. Тухайн сурвалжлага хийсэн нэвтрүүлэг нь миний нэр төрийг гутаасан худал мэдээллийн дагуу нэвтрүүлэг бэлтгэсэн нь тогтоогдоод байхад иргэн Ш.Сэржмядаг нь үнэнээс зугтаж худал тайлбар өгөн удаа дараа миний нэр төрийг гутаан доромжилсон болно.

Иймээс Н.Дашдаваа миний гомдлыг бүхэлд нь хянан үзэж иргэн Ш.Сэржмядагаар нэр төрөө сэргээлгэх болоод сэтгэл санаанд учруулсан хохирлоо барагдуулах 10.000.000 төгрөг гаргуулахыг хүсэж; гомдол гаргаж байна” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Н.Дашдаваа нь хариуцагч Ш.Сэржмядагт холбогдуулан нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Ш.Cэржмядаг нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ETV телевизийн нэвтрүүлэгт оролцож, “...Ээж хайрханы доороос ус оргилон гарч байхад нь машинуудаар цемент аваад таглаж цутгасан, гадны хүний тавьсан цайг эзнийх нь нүдэн дээр түлдэг... зэрэг илт худал мэдээллийг орон даяар цацаж ярьсан...” гэжээ. Хариуцагч Ш.Сэржмядаг “... миний ярьсан зүйлүүд бүгд үнэн, худлаа ярьсан үйл байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч Н.Дашдаваа нь иргэний нэр, нэр төрийг гутаасан гэж эдийн бус гэм хорыг мөнгөөр тооцон 10 000 000 төгрөгийн эдийн бус гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зохицуулсан байна. Нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорыг арилгуулах хуульд заасан шаардах эрхийнхээ дагуу нэр төрөө сэргээлгэх үндсэн шаардлагыг гаргасан эсэх тодорхойгүй, шууд үр дагаврыг буюу мөнгөөр эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 115 дугаар зүйлд нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох зорилгоор телевизийн нэвтрүүлгийг өөрсдөө бичсэн гэх флашийг шүүхэд эд мөрийн баримтаар гарган өгч, уг баримтад үзлэг хийлгэх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу гаргаснаар шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 40-44, 49-р тал/ Хэргийн эд мөрийн баримтад шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд тухайн эд мөрийн баримтад зохигчийн маргаанд хамааралтай, ач холбогдолтой үйл баримтын талаар ямар мэдээлэл агуулагдаж байгаа нь тодорхойгүй байхаас гадна энэ нэвтрүүлэг нь тухайн телевизээр нэвтрүүлсэн бодит нэвтрүүлэг мөн эсэхийг мэдэх боломжгүй, энэ талаарх эрх зүйн үнэлэлт дүгнэлтийг шүүх шийдвэртээ тусгаагүй байна.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж заасан тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02645 дугаар шийдвэр, иргэн Ж.Батаа, Ч.Дарханбаатар нарын тодорхойлолт зэрэг баримтыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, үнэлэх хууль зүйн боломжгүй болно. /хх-ийн 103-107-р тал/

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт судлаагүй тухай зарим үндэслэлийг хүлээн авах боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/00913 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА                  

                                  ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР           

    Ц.ӨРНӨНДЭЛГЭР