Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Т.М, Д.О-нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ширэндэв,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхгэрэл,

яллагдагч Т.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Э.Ганбат,

яллагдагч Д.О-гийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Л.Оргил нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1645 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн эсэргүүцлээр Т.М, Д.О-нарт холбогдох эрүүгийн 1807001780080 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Т.М- нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ш.Ц-г зодож санаатай алсан гэмт хэрэгт,

 

яллагдагч Л.Отгонтуяа нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Т.М- нь иргэн Ш.Ц-г зодсоныг мэдсээр байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө идэрхийлж, баталгаа гарган мэдүүлэг өгөхдөө “2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Т.М-, Ш.Ц-хоёр нь Өвөрмонгол үл таних 3 залууд зодуулсан” гэж зориуд худал мэдүүлсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, магадлагааг яллагдагч Т.М-ын өмгөөлөгч Ж.Батбаярт танилцуулсан атлаа бусад оролцогчид танилцуулаагүй нь тэдний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэрэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод гарсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд гадаад улсын эрх бүхий байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгуулах хүсэлт ирүүлсэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Энэ нь хоёр улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, түүнд тулгуурласан хоёр улсын хоорондох санамж бичигт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдсан эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн, уг гэмт хэргийн талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд яллагдагч нарын өмгөөлөгч нарын “...уг баримтууд нь канондсон хувилбар бөгөөд үүнд нь орчуулга хийсэн нь уг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэх, үнэлэгдэхгүй асуудал яригдах тул мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгаж тодруулах үүднээс хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн газар” гэж заажээ. Харин прокурорын яллах дүгнэлтэд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод” гэж зааснаас уг гэмт хэрэг нь яг хаана гарсан болохыг нарийвчлан тусгаж тэмдэглээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаах тухай захирамж үндэслэлгүй байна. ... Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар төрийн нууцтай танилцах эрх олгохтой холбоотойгоор аюулгүй байдлын шалгалт явуулахыг өөрөө бичгээр зөвшөөрсөн, эрх бүхий байгууллагын аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж тэнцсэн, төрийн нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргасан иргэнд төрийн нууцтай танилцах эрхийг олгохоор хуульчилсан байна. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг хэдийгээр хэрэгт тусгах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэдий ч, магадлагаа нь албаны нууцад хамаарч нууцын тэмдэг дарагдсан баримт учраас магадлагаатай танилцуулахдаа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй гэж үзсэн тул шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах нууц ажиллаагааг чиглэж явуулсан этгээдэд буюу Б.М-, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан. Бусад оролцогч нар хүсэлт гаргаагүй тул мөрдөн шалгах ажиллагааны материалыг заавал шаардлагагүй гэж үзсэн. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар асуудал нь гадаад улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэн гэмт хэрэг үйлдэж шалгагдаад, уг хэрэгтээ тухайн улсад эрүүгийн хариуцлага хүлээхгүйгээр Монгол Улсад ирсэн тохиолдолд гадаад улсаас холбогдсон хэргийг үргэлжлүүлэн шалгуулахаар Монгол Улсад хүсэлт ирүүлсэн тохиолдлыг зохицуулсан ойлголт юм. Энэ хэргийн хувьд иргэн Ш.Ц-нь хэдийгээр БНХАУ-ын Эрээн хотод биедээ гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч Монгол Улсын нутаг дэвсгэрт амь нас нь хохирсон. Тийм учраас иргэн Ш.Ц-нас барсан цаг хугацаанд Монгол Улсын эрх бүхий байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээр бүртгэгдэн, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” гэснийг дагуу явагдсан байна. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн байгууллагаас хийгдсэн хойшлуулшгүй ажиллагааны баримт, материалыг хэрэгт хавсаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд тухайн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх, үнэлэхгүй гэх асуудал нь яллах болон өмгөөлөх талаас гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шийдвэрлэх шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл болохгүй. ... Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотод гэж тодорхой тусгасан байхад шүүхээс уг гэмт хэрэг яг хаана гарсныг нарийвчлан тусгаж тэмдэглээгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанаар хэргийг буцаасан. Миний ойлгосноор шүүгдэгчийг хүнийг гэмтээж, эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэдгийг тогтоосон. Эмнэлгээс гарахдаа эмнэлэгт хүсэлт гаргаад эмчилгээний бичиг баримтуудыг авсан. Талийгаач замдаа нас барсан тул Налайх дүүргийн цагдаа тухайн баримт бичгийг хуулбарлан авсан. Орчуулгын төвд эх хувийг нь өгч орчуулга хийлгэсэн.Орчуулгыг би аваагүй цагдаа авсан. Эмнэлгээс яг эх хувиараа өгөхгүй, канондож өгдөг юм байна лээ. Эмнэлгээс зарим баримтуудыг надад эх хувиар нь өгсөн. Хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Эх хувь баримтууд надад байгаа тул хэрэгт гаргаж өгөх боломжтой” гэв.

 

Яллагдагч Б.М-ын өмгөөлөгч Ж.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний хүсэлтээр анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, гаргасан үндэслэлүүдийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалт зөрчигдсөн гэдгийг тогтоож, уг заалтад заасан зөрчлийг арилгах талаар тусгаж, шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй танилцсан. Энэ хэрэг ноцтой гэмт хэрэг бөгөөд хүний амь нас хохирсон, амь нас хохирсонд буруутгагдаж байгаа этгээдийн эрх ашиг яригдаж байгаа. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заагдсан заалтуудыг баримтлахгүйгээр, эх сурвалж нь тодорхойгүй баримтуудаар хүнийг гэм буруутайд тооцох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Яллагдагч Б.М-ын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг хаана үйлдэгдсэн гэдгээс хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан аль журмыг баримталж, мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явуулах нь тодорхой харагдана. Энэ хэрэг Хятад Улсын нутаг дэвсгэрт болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулна. Гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь тодорхой байна. Гэхдээ тухайн улсын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад боломжгүй болсон үе буюу шалгагдаж байгаа этгээд Монгол Улсад буцаад ирсэн тохиолдолд Хятад Улсын эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны хуулийн дагуу хийгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах байтал энэ хэрэгт байхгүй. Эхлээд Хятад Улсад мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд, Монгол Улс руу шилжүүлэх хүсэлт гаргаж, Олон Улсын гэрээ, конвенц, харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу л хийгдэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд мөрдөн шалгах нууц ажиллагааны талаар тодорхой заасан. Нууц ажиллагааны эх сурвалж нь нууц байх бөгөөд тухай ажиллагааны магадлагааг хэрэгт заавал хавсаргана гэж заасан. Тэгэхээр нэгэнт хэрэгт хавсаргасан бол оролцогчид түүнтэй танилцах эрх нь нээлттэй байна гэсэн үг. Арга хэрэгслээ л нууцлахыг прокурор цагдаагийн байгууллагад даалгана. Тэрнээс биш хэргийн оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд нууц ажиллагааны материалтай танилцуулна гэсэн үндэслэл байхгүй. Оролцогч нар хэргийн материалтай ижилхэн танилцаж байж мэтгэлцэх зарчим үйлчилнэ. Замын-Үүд дэх Цагдаагийн газар, Эрээн хотын Цагдаагийн газрын хоорондын “Санамж бичиг”-ийг үндэслэж материал цуглуулсан гэж тайлбарладаг. Гэтэл тухайн санамж бичигт хүн амины хэргийн талаарх хамтран ажиллах тухай зүйл, заалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” гэв.

 

Яллагдагч Д.О-гийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд прокурор “яллагдагч Т.М- руу чиглүүлж нууц ажиллагааг хийсэн” гэж тайлбар гаргасан. Гэтэл нууц ажиллагаагаар Д.О- нь гэм буруутай байна гэж үзээд, яллах дүгнэлтэд бичээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн энэ шүүх хуралдаанд прокурор “хүсэлт гаргавал танилцах боломжтой” гэж хэллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд “мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг нотлох баримтаар тооцно” гэж заасан. Гэтэл уг магадлагааг нотлох баримтаар тооцож хэрэгт хавсаргаж, өмгөөлөгч нарт тухайн баримтыг танилцуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад “мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцана” гэж заасан өмгөөлөгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дуу-дүрсний бичлэгтэй танилцах тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгч хангах арга хэмжээ авна” гэж заасан. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны нууц баримтыг нотлох баримтаар тооцож, гэм буруугийн асуудлаар авч хэлэлцэх тул энэ баримттай танилцаж байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мэтгэлцээний зарчим хангагдана. Бусад үндэслэлийн хувьд өмгөөлөгч нартай санал нэг байгаа тул тайлбар байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны нууц материалтай танилцах тухай хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, тухайн хүсэлтийг хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт байхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд “Хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, баримт, мэдээллийн талаар магадлагаа үйлдэж, хавтас хэрэгт тусгасан тохиолдолд уг магадлалтай танилцах хүсэлт гаргасан хэргийн холбогдогчийн өмгөөлөгч магадлалтай танилцах эрхийг хуулиар хориглоогүй байна. Иймд өмгөөлөгч нь зохих албан тушаалтанд хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

БНХАУ-н Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн баримтууд болон амь хохирогч Ш.Ц-гийн тус хотын эмнэлэгт эмчүүлсэн талаар баримтуудыг хэрхэн яаж авсан, эх сурвалж нь хэрэгт буй баримтад тодорхой бус байна.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтын үндэслэл, олон улсын гэрээ конвенцид нийцүүлж, нотлох баримтын шаардлагыг хангаж, тухайн хэрэг болсон гэх гадаад улсад хүсэлт гаргаж, албан ёсоор нотлох баримтуудыг авч хуульд заасан журмаар цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийх.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай орчуулагч, хэлмэрч томилно” гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цуглуулсан гэх нотлох баримтын орчуулгыг хэн хийсэн, уг орчуулга хийсэн хүн нь хятад хэлний ямар мэдлэг боловсролтой, орчуулгын эрхтэй эсэх талаарх баримтыг хэрэгт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийх.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн газар ”прокурорын яллах дүгнэлтэд тодорхой тусгагдах байтал яллах дүгнэлтэд нарийвчлан заалгүй, ерөнхий байдлаар тусгасан нь дээрх зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд яллагдагч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн уг үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд гадаад улсын эрх бүхий байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгуулах хүсэлт ирүүлсэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

 

Т.М, Д.О-нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлээгүй тул дээрх заалт энэ хэрэгт хамааралгүй.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийн хэргийг гадаад улсын эрх бүхий байгууллага шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авах ба энэ хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд нотлох баримтаар тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн байх тул энэ хэрэгт холбоотой баримтыг олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлэн авах нь Т.М, Д.О-нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.  

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр яллагдагч Т.М, Д.О-нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1645 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Ширэндэвийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1645 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

 

    

     ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ