Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,      

Нарийн бичгийн дарга Х.Дашням,     

Улсын яллагч Д.Ууганцэцэг, 

Шүүгдэгч Т.Хишигбат, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Хишигбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0700 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин механизмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эх, хойд эцэг, ах, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 2 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайчууд овогт Төрбатын Хишигбат РД:ПП95092315,

-урьд 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 Шүүгдэгч Т.Хишигбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 2 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Б.Алтангагнуурыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг зөрчин догшин авирлан танхайрсан,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Жи Эм Жи” баарны орчимд иргэн Д.Батдамбатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлахад:       

 Шүүгдэгч Т.Хишигбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны 2 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Б.Алтангагнуурыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Алтангагнуурын:...2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би Нисэхэд 3 танилын хамт 0.75 литрийн нэг шил хар чингис нэртэй архи хувааж уугаад эхнэртэйгээ уулзахаар Баянхошуунд байх хадам аавын гэр рүү бага зэрэг халамцуу Шинэбаяр, Цэвээн нараар хүргүүлсэн...замдаа 0.75 граммын шар чингис архи аваад хадам аавдаа өгсөн...надад архинаасаа ганц 2 хийж өгсөн...бид 2 тамхи татахаар гэрээс гарсан ба Шинэбаяр, Цэвээн нарыг хүрээд ир энд хонохоо больсон гэж дуудсан...аавын гэрийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 2 дугаар гудамж, 32 тоот хашааны гадна тамхи татаж байтал манай 2 найз ирсэн...явах гэж байтал гудамжны доод талаас 3 залуу гүйж ирээд 1 залуу нь аавтай мэндлээд над руу харснаа энэ сахалтай бацаан юу юм бэ гэхээр нь би юм хэлээгүй...хадам аав манай хүргэн байгаа юм гэхэд нөгөө залуу эргэж хараад гараараа миний нүүрэнд нэг удаа цохисон. Манай найз салгасан...миний урууд сэтрээд дөрвөн оёдол тавиулсан...бид нар маргалдсан зүйл байхгүй...Энхээ ахыг дээрэлхээд байгаа юм байх гэж бодоод цохьчихлоо гэж хэлж байсан...тэр залуу нилээн согтсон байдалтай ирээд сахалтай бацаан хэн бэ, намайг таних уу, би 112-ын Борко байна гэж хэлээд цохисон...бусад 2 нь зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-7-8/,

- гэрч Р.Энхбаатарын:...2016 оны 3 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд манай хүргэн Алтангагнуур манай гэрт ирэхдээ надад нэг шил архи, эхнэртээ цалингаа авчирч өгсөн....задлаад Алтангагнуур ганц 2 татаад гарч тамхи татсан...гартал 2 найз нь ирсэн...манай урд талын айлын залуу ирээд мэндлээд надаас тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн...манай хүргэнийг хараад энэ сахалтай бацаан хэн юм гэхэд манай хүргэн юм хэлээгүй зогсож байтал эрүү рүү нь барьж аваад салтаа руу нь зөөлөн өшиглөөд энэ чинь ажилладаг юм уу гэхэд хүргэн зүгээр байгаач гэхэд хүргэнийг гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон...Алтангагнуурын найзууд нь аваад явсан...хүргэнийг цохидог залуу болон найзууд нь согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-9/,

- гэрч Э.Баасандоржийн:...2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би найз Хишигбаярын хамт явж байгаад Хишигбаттай таарсан...Хишигбат халамцуу байсан...уг гудамжны зүүн талд хэдэн хүмүүс шуугилдаад Хишигбат манай ах байна гээд очсон...би Хишигбаярын хамт тэд нараас зайдуу байсан...тэгтэл тэд нарын нэг нь унах шиг болсон...удалгүй Хишигбат ирээд яасан бэ гэтэл зүгээр зүгээр гэсэн...Хишигбат нэг залууг цохиж аваад нөгөө залуу унасан...гэх мэдүүлэг /хх-10/,

- гэрч З.Цэвээний:...Алтангагнуур хадам аавтайгаа хашааны гадаа юм яриад зогсож байтал гудамжны доод талд 3 залуу зогсож байсны нэг нь ирээд Алтангагнуураас тамхи байна уу гэхэд байхгүй гэсэн...Алтангагнуурын хадам аавыг нь таньдаг бололтой юм яриад байсан...тэр залуу дүү нь энэ гудамжийг атгана шүү дээ, тийм биз дээ сахалтай бацаан минь, би боксоор хичээллэдэг, 2-лаа халзагнах уу гэхэд Алтангагнуур би чамд ямар гэм хийсэн юм гэхэд нүүрэнд нь гараараа 1 удаа цохитол Алтангагнуур унасан...Алтангагнуурын уруул нь сэтэрчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-11/,

- гэрч О.Шинэбаярын:...Алтангагнуур залгаад буцаад хүрээд ир гэхээр нь очсон...Алтангагнуур хашааны гадна хадам аавтайгаа зогсож байсан...Алтангагнуур нилээн согтсон байдалтай байсан...тэгээд гудамжны доод талд 3 залуу зогсож байсны нэг залуу нь ирээд Алтангагнуураас тамхи байна уу гэж асуугаад хадам аавтай нь таньдаг бололтой юм яриад байсан...тэгээд сахалтай банди минь би боксоор хичээллэдэг гээд Алтангагнуурын нүүрэнд нэг удаа цохитол Алтангагнуур унасан...уруул руу нь цохиод уруулыг нь сэтэлчихсэн...би 112-ийн атаман Борко байна, боксоор хичээллэдэг гэх мэт зүйл яриад байсан...гэх мэдүүлэг /хх-12/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3195 дугаартай шинжээчийн:...Б.Алтангагнуурын биед уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, эрүү, баруун шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт тогтоогдлоо...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-17/,

            - эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-65/,

- шүүгдэгч Т.Хишигбатын:...2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дүүгийнхээ хамт би нэг том пиво хувааж уугаад гараад 23 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харихаар гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 2 дугаар гудамжинд найз Баасандоржтой таарахад нэг найзын хамт явж байсан...тэгээд зогсож байтал хүмүүс шуугилдаад хартал Энхбаатар ах хүмүүсийн хамт зогсож байсан...Энхбаатар ахыг нэг залуу тэвэрчихсэн зогсож байхаар нь дээрэлхээд байгаа юм болов уу гэж бодоод очоод болиоч пизда минь гэтэл юу вэ гөлөг минь чамд хамаагүй гээд аялагатай хэлээр нь аялагаар нь дуурайгаад хэлтэл хэл амаар доромжиллоо гээд миний энгэрээс бариад авсан...намайг цохиж авах гээд далайхаар нь би тэр залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон...гэх мөрдөн байцаалт /хх-25-28/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, 

мөн 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Жи Эм Жи” баарны орчимд иргэн Д.Батдамбатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Д.Батдамын:...2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Лхагвадоржийн төрсөн өдөр байсан...Бид нар хоорондоо ярилцаад Баасандоржийн гэрт нь тэмдэглэхээр болсон...авсан архи, пивоо уусан...23 цагийн орчим бааранд орохоор гарсан...Баасандорж, Лхагвадорж, Бишрэлт, Хишигбат бид нар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин “Жи Эм Жи” нэртэй бааранд 00 цагийн орчимд орсон...бааранд Лхагвадорж хэдэн залуучуудтай маргалдаад Хишигбат салгаад байсан...гараад энэ 2 муудалцаад би салгаад Лхагвадоржийг өмөөрөөд Хишигбаттай маргалдаад гараа далайсан чинь Хишигбат миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон...хүчтэй цохиулсан болохоор газар унасан...бостол эрүү эвгүй болчихоор нь найз Наранбаатарын гэрт очиж түргэн тусламж дуудаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон...гараараа нэг удаа цохиход нь миний эрүү хугарсан...гэх мэдүүлэг /хх-72-74/,

- гэрч Г.Лхагвадоржийн:...бааранд ороод Соёрхол нэртэй 0.75 литрийн нэг шил архи худалдаж аваад хувааж уусан...би архи их хэрэглэсэн болохоор тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...би нэг мэдсэн баарны гадна Бишрэлттэй хамт зогсож байсан...Батдамба эрүүгээ бариад Хишигбатаа чи миний эрүүг хугалчихлаа ш дээ гээд байсан...гэх мэдүүлэг /хх-82-83/,

-  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5370 дугаартай:...Д.Батдамбын биед эрүү ясны баруун, зүүн хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-89/,

- шүүгдэгч Т.Хишигбатын:...би 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр  сагсан бөмбөг тоглож байтал19 цагийн орчим Батдамба, Баасандорж, Наранбаатар, Бишрэлт, Золбаяр нар торонд архи согтууруулах ундааны зүйл хийсэн ирсэн...Наранбаатар надад хандаж “Хишигбатаа хэдүүлээ Баасандоржийн гэрт очиж Доржоогийн төрсөн өдрийг тэмдэглье” гэж хэлсэн...Баасандоржийн гэрт нь 1 шил 0.75 граммын архи, Боргио нэртэй 2.5 литрийн нэг ширхэг пиво хувааж уусан...”Жи Эм Жи” бааранд 22 цагийн орчимд ороод 2 ширхэг пиво захиалж уусан...Батдамба 1 шил 0.75 граммын архи захиалж авсан...Батдамба бааранд танихгүй хүмүүстэй маргалдаад байсан...би очоод муудалцах хэрэггүй гэтэл миний нүүрэн тус газар гараараа цохисон...Баасандорж салгаад тэврээд автал намайг нэг удаа гараараа нүүрэн тус газар цохисон...тэгэхээр нь би “одоо болио, хэрэггүй” гэтэл намайг цохих гээд байхаар нь Батдамбын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохитол тонгойгоод сууж байснаа “чи миний эрүүг хугалчихлаа” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-97-99/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Т.Хишигбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Алтангагнуурын хохиролд 500.000 төгрөг /хх-49/, хохирогч Д.Батдамбад хохирлын 2.000.000 төгрөг төлөгдсөн /хх-107/ хохирогч нар нь ямар нэгэн гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч Т.Хишигбатын урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 1118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдаж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаа дууссан буюу ялтай байдалгүй байна.

Шүүгдэгч Т.Хишигбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.    

Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.     

          

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Т.Хишигбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Т.Хишигбатыг 1 жил хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтаан шүүгдэгч Т.Хишигбатын биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Хишигбатын эдлэх 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

5. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Хишигбатад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, шүүгдэгчийг 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчид хяналт тавихыг Сонгинохайран дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.       

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Хишигбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР