Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/988

 

 

 

 

 

 

 

 

 

     2020        12         04                                    2020/ШЦТ/988

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Д.Даваадорж;

шүүгдэгч: Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн   хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт   урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 cap хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй, Б.Б

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К  гэх нэртэй рестораны ойролцоо иргэн Б.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь “баруун хацар, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун суга, нурууны зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б /хх-ийн 6-7/, гэрч З.Шинэчагтга /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9969 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/, Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26, 28-34/, Б.Бын өмнөх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41-67/, Б.Бын хүсэлт /хх-ийн 35/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Бын өмнөх ялаа эдлээгүй гэх баримтууд  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “К  гэх нэртэй рестораны ойролцоо иргэн Б.Быг “хамт явсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Б.Бын /хх-ийн 6-7/: “...Би 2020 оны 08 дугаар сарын 29-ний 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К  гэх нэртэй ресторанд найз Шинэчагтага, Сондор, Шинэчагтагын найзууд гэх 4 хүнтэй хамт сууж байгаад 22 цаг 30 минутын орчимд гэртээ харих гээд гарсан. Тэгээд үүднээс такси бариад суутал Шинэчатгагын найз Базук гэх залуу намайг таксинд суулгахгүй байсан. Тэгээд “хамт явъя” гээд миний сууж байсан таксинд ороод ирсэн. Би таксинаас буугаад өөр такси барих гэхэд дахиад миний сууж байсан таксинд орж ирсэн. Тухайн үед би “чи одоо яв, би харих гэж байна” гэж хэлэхэд гараараа миний нүүр хэсэгт алгадсан. Тэгтэл цагдаагийн машин хойно ирээд зогссон байхаар нь цагдаа нарт “энэ хүн намайг зодчихлоо” гэж хэлэхэд бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч З.Шинэчагтгын /хх-ийн 10/: “...2020 оны 08 дугаар сарын 29-ний 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К  гэх нэртэй ресторанд найзуудын хамт орж үйлчлүүлж байхад манай гурван найз эрт гараад явсан. Тэгээд Сондор, Б.Б, Б.Б бид 4 хамт үлдээд хэсэг сууж байгаад 21 цагийн үед гарснаа санаж байна. Би тухайн үед нэлээд согтсон байсан. Тэгээд тухайн газраас гараад такси барих гээд зогсож байсан. Нэг мэдэхэд Б.Б, Б.Б нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Удалгүй цагдаа ирсэн. ...Б.Б тэр хоёр маргалдсан бөгөөд Б.Б уйлчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бын биед “баруун хацар, эрүү, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун суга, нурууны зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9969 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 12-13/,

                                                                                                                                  

Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 21-22/: “...Б.Бын баруун хацар хэсэгт нь нэг удаа цохиж хацар, эрүү, уруулын дотор талд гэмтэл учруулсан. ...Б.Б газар унахад нь толгой, нуруу хэсэгт нь гэмтэл учирсан байх...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Б.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Бын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.Б нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж эрүүл мэндэд нь хохирол учруулах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, иргэдийн амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 62 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол үйлджээ.

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдээгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

 

Харин шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бод энэ тогтоолоор оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн Б.Бын нийт эдлэх ялыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ