Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/361

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0327/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Т.Бо,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт М.Бт холбогдох эрүүгийн 2018004060382 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт М.Б /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах авто машины гараашинд эхнэр М.Бог модоор цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Бын өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 найзын хамт гараашиндаа архи ууж байхад эхнэр мод бариад намайг цохих гээд хөөсөн. Тэгээд найз нараасаа санаа зовоод “яаж байгаа юм бэ?” гэхэд эхнэр модоо хаяад ширээн дээрх архийг хагалчихсан. Тэгэхээр нь би мод барьж аваад эхнэрийнхээ гуя руу цохих гэхэд эхнэр гараараа хаасан. Эхнэрээ эмнэлэгт хэвтүүлсэн, уучлалт гуйсан. Одоо эвлэрсэн... гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Богийн өгсөн: ...би нөхөр лүүгээ “дахиад архи уух гэж байгаа юм уу?” гээд уурлаад мод бариад авсан. Тэгээд тэр архийг нь хагалсан. Тэгтэл манай нөхөр “архи хагаллаа” гээд аймаар уурлаад намайг модоор цохисон. Миний гарын шуу хэсгээр хугарсан нь эдгэрсэн. Одоо өвчин зовуурь байхгүй. Надаас бүх юм боллоо гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч С.Тын өгсөн: ...Б нь эхнэрийнхээ гар луу хоёр удаа модоор цохиж гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Ч.Нн өгсөн: ...эхнэр нь “архи уулаа” гээд Быг загнаж, ширээн дээр байсан тал архийг газарт шидээд хагалчихсан юм. Энэ үед Б нь уурлаад мод шүүрч аваад эхнэрийнхээ гар луу модоор цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Б.Баын өгсөн: ...харин сүүлд Б ахтай таарахад “эхнэрийнхээ гар луу модоор цохиод гэмтээчихлээ” гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

...урд талаасаа хоёр дахь гараашинд байх ширээн дээр байсан 86 сантиметр урттай нарийн хуурай нарс модыг хэргийн газрын үзлэгээр хурааж авав... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

Хэргийн газраас хураан авсан урт нь 86 сантиметр, бүдүүн үзүүр нь 4 сантиметр, нарийн үзүүр нь 2 сантиметр өргөнтэй нарийн хуурай нарс модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн 643 дугаартай “Т.Богийн биед гэмтэл учирсан байна. Т.Богийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун мөрөнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

Хохирогч Т.Богийн баруун гарын рентген зураг /хх-ийн 27/,

Т.Богийн баруун гарын шуу орчимд эмзэглэлтэй, хавантай гэх эмчийн тодорхойлолт /хх-ийн 28/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б, хохирогч Т.Бо нар нь эхнэр нөхөр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан 81 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 41/, гэрч С.Т, Ч.Н, Б.Ба нарын мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.Бын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багт байрлах авто машины гараашинд эхнэр М.Бог модоор цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Богийн баруун шуу ясны далд хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг болох нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдэхэд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нөлөөлсөн тул дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 86 сантиметр, бүдүүн үзүүр нь 4 сантиметр, нарийн үзүүр нь 2 сантиметр өргөнтэй нарийн хуурай нарс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 86 сантиметр, бүдүүн үзүүр нь 4 сантиметр, нарийн үзүүр нь 2 сантиметр өргөнтэй нарийн хуурай нарс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР