Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 154

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Нарийн бичгийн дарга Х.Дашням,   

Улсын яллагч М.Амарзаяа,   

Шүүгдэгч А.Анхбаяр, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар А.Анхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 0274 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.          

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс-халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Тоосгоны 24-б-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Атарбаярын Анхбаяр РД:НИ93060817,  

Шүүгдэгч А.Анхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Цэнхэр дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Хишигбаярыг ямар нэгэн шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зодож бие махбодид нь “2 нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацар, хамарт шарх, дух, хүзүү, хамар, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгаралт, зүүн дээд 2-р шүд хүзүүвч хэсгээр, баруун дээд 2-р шүд цөгцний дээд хэсгийн хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:      
 

Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч А.Анхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Цэнхэр дэлгүүрийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Хишигбаярыг ямар нэгэн шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн зодож бие махбодид нь “2 нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацар, хамарт шарх, дух, хүзүү, хамар, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгаралт, зүүн дээд 2-р шүд хүзүүвч хэсгээр, баруун дээд 2-р шүд цөгцний дээд хэсгийн хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...    

- хохирогч Б.Хишигбаярын:...2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой 23 цаг 40 минутын үед Цэнхэр дэлгүүрийн орчимд байдаг граж дээр очсон...граж дээр Анхбаяр, Сандаг 2 гадна талд зогсож байсан...би Анхбаярыг дагуулаад Нарангийн голын эцэст байдаг дэлгүүр ороод 2 сав Боргио пиво аваад уруудаж яваад замдаа Сайханаа гээд дүүтэйгээ таараад 4-үүлээ граж руу явсан...Гражинд ороход Анхаа, Ганжигүүр, Төмөрөө ах, Охиноо 4 Ганжигүүрийн машиныг засаж байсан...Ганжигүүр архи уудаг болохоор бусад нь миний авчирсан пивыг хувааж уусан...мөн Төмөрөө, Анхаа, Охиноо 3 бид нарыг орохоос өмнө ууж байсан архийг хувааж ууцгаасан...тэндээс гараад Ганжигүүрийн портерт суугаад Цэнхэр дэлгүүрийн караокед 01 цагийн үед ороод 3 цагийн орчим гарсан...гараад Ганжигүүрийн машинтай явж байтал цагдаа зогсоосон...хүн тээвэр хэтрүүлсэн гээд бичиг баримтыг хурааж авсан...Ганжигүүр цагдаатай уулзаад ирье гэж хэлээд биднийг тэнд буулгасан...Анхаа намайг Дамба гээд хочлон дуудаад байсан...Би Дамбын Хишгээ гэдэг хоч нэрэндээ дургүй юм...Дамбаа гээд доромжлоод байхаар нь би юм хэлээгүй...би зам хөндлөн гараад хашааны ард шээж байсан чтнь Анхаа гэдэг залуу хажуугаас ирээд миний зүүн талын шанаан тус газарт нэг удаа цохисон...юугаар цохисныг мэдэхгүй, би ухаан алдаад унасан...нэг сэрсэн чинь гэмтэлд байсан...тухайн үед зүүн нүдний дор 2, хамрын үзүүр дээр 1 оёдол тавьсан, хамар хугарсан байсан...Анхбаярт зодуулсны дара гэмтлийн эмнэлэгт сэрэхэд миний дээд талын 1 үүдэн шүд унаад алга болсон, 2 шүд нь хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-10-12/,  

-гэрч Н.Төмөрбаатарын:...Бид нар караокед 1 шил архийг нэг нэг пивотой хамт хувааж уугаад дуулж сууж байгаад шөнө 03 цагийн орчим караокеноос гарсан. Анхбаярыг гэрт нь хүргэж өгөхөөр Ганжигүүр, Анхбаяр, Хишигбаяр, Охиноо нарын хамт миний портер машинд суугаад явсан. Ганжигүүр угаасаа архи уудаггүй ба  миний машиныг бариад колонк дээр явж байхад цагдаа зогсоогоод норм хэтрүүлсэн гээд бичиг баримтыг нь хурааж аваад бид нар толгойтын  цадаагийн хэсэг дээр очсон. Цагдаагийн тасаг руу Ганжигүүр бид хоёр орж торгуулаад бичиг баримтаа авчихаад гараад ирсэн чинь Хишигбаяр, Анхбаяр 2 байхгүй байсан. Удалгүй Анхбаяр замын эсрэг талаас гарч ирсэн ба Хишигбаяртай муудалцаад Ганжигүүрийн гэрт оруулчихаад ирлээ гэж байсан...архи уугаад сууж байхдаа тэр 2 муудалцаагүй...гэх мэдүүлэг /хх-13/,

-гэрч Л.Долгорсүрэнгийн:... Манай нөхөр  Б.Хишигбаяр 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 8 цагийн үед микро автобусаар шугаманд явахаар гарсан...орой 22 цагийн орчим намайг хамт явдаг жолооч Анхаа руу нь залгаж нөхөртэйгээ ярихад одоо 2-3 удаа тойроод буулаа гэсэн. 00 цаг өнгөрч байхад дахиад Анхаа руу залгаж ярихад найз нь харьж байна танай нөхөр Ганжигүүртэй хамт грашид үлдсэн гэсэн. Удахгүй ирэх байх гэж бодоод хүлээж байгаад унтчихсан байсан нэг сэрсэн чинь 04 цаг болж байсан. Тэгтэл 04 цаг 30 минутын орчим Ганжигүүр над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь гэртээ байна гэсэн. Нөхөр Хишигбаярыгаа асуухад “хүнд зодуулчихсан манай гэрт байна одоо аваад явчих уу” гэхээр нь би такси аваад хүрээд ир гэсэн.Ганжигүүрийг манайх руу явж байхад нь залгахад чи бараг түргэн дуудаад байж байсан нь дээр байх гэхээр нь тоглож байна гэж бодоод итгээгүй. Ирэх үед нь нөхрийгөө харсан чинь нүүр нь битүү хавдартай хамарт нь цус хатаад өмсөж явсан хувцаж нь цус болсон байсан. Ганжигүүрээс хэн зодсон юм гэхэд Анхаа гэдэг залуу зодоод манай гэрт оруулсан байна гэсэн. Шугаманд хамт явдаг Анхаа нь юмуу гэхэд бишээ өөр Анхаа зодсон гэсэн. Зүүн нүднийхээ дор 2, хамрын үзүүр дээр 1 оёдол тавиулсан. Үүдэн 1 шүд нь булгараад унасан 2 шүд нь тал хугарсан байсан ба ам нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-17/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1089 дугаартай шинжээчийн:...Хишигбаярын биед 2 нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн хацар, хамрын үзүүрт шарх, дух, хүзүү, хамар, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгаралт, зүүн дээд 2-р шүд хүзүүвч хэсгээр, баруун дээд 2-р шүд цөгцний дээд хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлхийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гурван шүдний булгарал нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-163/,

-шүүгдэгч А.Анхбаярын:..2016 оны 01 дүгээр сарын 09-ний 22 цагийн орчим намайг Сонгинохайрхан дүүргийн нарангийн голд байдаг дулаан граш дотор Төмөрбаатар ах Ганжигүүр нарын хамт машин засч байхад Хишигбаяр микро автобустай найзуудын хамт орж ирсэн...Хишигбаярыг орж ирэхээс өмнө Төмөрбаатар ах бид 2 нэг ишл 0.5 литрийн архи хувааж уугаад дуусч байсан...Хишигбаяр 1 сав пиво авч ирсэн ба бид нар хувааж уусан...00 цагийн орчим зарим хүмүүс нь яваад Цэнхэр дэлгүүрийн хажуу талын караокед Хишигбаяр, Төмөрбаатар ах, Ганжигүүр, Охиноо, Хишигбаяртай хамт явсан нэрийг нь мэдэхгүй нэг залуу бид нар орсон..караоке дотор Хишигбаярын найзтай юм яриад сууж байтал Хишигбаяр хажуугаас хэрүүл өдөөд байсан...мөн 2-лаа өргөдөл гомдол өгөхгүй сайхан зодолдчих уу гээд байсан...Ганжигүүрийн машинд ганцаараа сууж байтал Хишигбаяр чамаас болж цагдаад баригдлаа гээд намайг заамдаж аваад нүүрэн тус газар 2 удаа цохисон...Хишигбаяр миний нүүрэн тус газарт 2 удаа цохихлоор нь би зөрүүлээд гараар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиод хөлөөрөө хавсраад газар унагаасан...газар унасан байхад нь нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөсөн....гэх мэдүүлэг /хх-29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч А.Анхбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Хохиролд хохирогч Б.Хишигбаяр 1.276.013 төгрөг /хх-125/ хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйл болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.    

Шүүгдэгч А.Анхбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс /хх-107/ эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг /хх-179/ хүртэл 120 хоног цагдан хоригдсон байна. 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг энэ удаад биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч А.Анхбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч А.Анхбаярыг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Анхбаярын эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус  тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Анхбаярт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.     

6. Шүүгдэгч А.Анхбаяр урьд 120 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Анхбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР